С.Бат-Эрдэнэ: Эверестийн оргил дээр хоёр хадаг уяад буусан
- 2012-06-05
- Спорт
- 0
Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилын оройд гарч Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад ирсэн ОУХМ С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилын оройд гарч Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад ирсэн ОУХМ С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр уулын спортоор 16 дахь жилдээ хичээллэж байгаа ажээ.

-Эверестийн оргилд амжилттай авираад ирсэнд баяр хүргэе. Сүрдэм хайрхны оргил дээр мөрөө мөнхлөхөд ямар сэтгэгдэл төрж байв?
-Дэлхийн уулчдын мөрөөдөл болсон оргилд гарсандаа баяртай байна. Тухайн үед Монголоо төлөөлөн олон улсын уулчидтай хамтарч авирсан болохоор монгол хүн ямар тэвчээртэй байдгийг харуулахыг хичээсэн. Тиймдээ ч тэднээс дутахгүй гэсэн хичээл зүтгэл минь намайг амжилт гаргахад нөлөөлсөн байх.
-Оргилын аль талаас авиралтаа эхэлсэн бэ?
-Эверестийн хойд хэсэг Түвдийн өврөөс авиралтаа эхэлсэн. Канадын хоёр, Италийн нэг уулчинтай хамтарч авирсан. Мөн гурван газарчинтай явсан. Бидний авирсан хэсэг хад асга, бартаа ихтэй байсан ч сайн газарчидтай явсан болохоор саад учраагүй. Анх гарахдаа 60 хоногт авиралтаа дуусгах төлөвлөгөөтэй байсан ч 52 өдөрт амжууллаа.

-Та хэдийг авирч байхад Эверестэд хүн осолдлоо гэсэн мэдээлэл сонсогдсон. Энэ тухай дуулсан уу?
-Манай багийн Итали уулчин Эверестийн оргилд гараад буухдаа биеийнх нь хүч дутаад осолдсон. Эверестийн оргилд ханан хад байдаг л даа. Тэр л манай уулчны хүчийг шавхчих шиг болсон. Ер нь ямар ч ууланд авирсан осолтой байдаг. Биеийн болон техникийн бүрэн байдлаа шалгаж сэрэмжтэй явахгүй бол аюултай. Хэдийд цаг агаар яаж өөрчлөгдөхийг урьдчилан мэдэх боломжгүй болохоор үргэлж бэлтгэлтэй явдаг.
-Уулчид уулын оргилд гараад эх оронтойгоо холбоотой ямар нэг зүйл үлдээж тамгалдаг. Та Эверестийн оргилд юу үлдээсэн бэ?
-Эверестийн оргилд хоёр хадаг уяад буусан. Уулын оргилд салхи ихтэй байдаг болохоор биднийг гарахад өмнө нь авирсан уулчид орхисон ямар нэг зүйл байгаагүй. Тэгээд ч яг оргил дээр нь удаан байх амаргүй. Багаасаа оргил дээр хамгийн удаан зогссон нь би байх. 30 гаруй минутад бичлэг хийж, зураг авахуулсан.
-Эверестийн хормойд цанын бааз байдаг гэсэн. Та хэд тэнд буудалласан уу?
-Эверестийн үндсэн бааз таван мянга 200 метрийн өндөрт байдаг. Тэр хүртэл бид дөрөв хоног зарцуулсан. Баазад очиж буудаллахдаа дасах авиралтыг өдөр бүр хийж байлаа. Тухайлбал, долоон мянган метрийн өндөрт дөрөв хоног авиралт хийсэн. Эргээд таван мянга 200 уруу бууж хэд хоноод буцаад авирсан. Түүний дараа найман мянга 200 метрийн өндрөөс үндсэн дайралтаа эхэлсэн.
-Ноён оргилд авирах хугацаандаа ямар хоол хүнс хэрэглэж байв?
-Уулчдын хэрэглэдэг тусгайлан бэлтгэсэн хүнс бий. Би тэрийг хэсэг хугацаанд идээд барахгүй юм шиг болохоор нь эндээс явахдаа авч гарсан борцоо идсэн. Ууланд авирахад борц шиг сайн хүнс олдохгүй.
-Жомолунгмад авирах бэлтгэлээ хэдий хугацаанд амжуулсан бэ?
-Сүүлийн хэдэн жил Эверестэд авирахаар бэлтгэлээ хийсэн. Өнгөрсөн жилээс эрчимжүүлсэн бэлтгэлээ дуусгаад авиралтаа төлөвлөсөн. Биеийн байдал, ачаалал даах чадвар, цаг агаар, өндрийн байдалтай дасан зохицох зэрэг бүхий л зүйл дээр анхаарсан. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ, уулчин болсныхоо мөрөөдлийг тавдугаар сарын 19- ний өглөө үзсэн шүү.
-Уул өөд авирах тутам цаг агаарын байдал тогтворгүй байсан байх?
-Түвдийн цаг агаар Монголынхтой төстэй юм шиг санагдсан. Тиймдээ ч бусад уулчдаасаа илүү амархан дасан зохицсон гэж бодож байна. Хувцас хэрэглэлээ Нипалаас бэлтгэсэн. Мөн миний найз, Гавьяат тамирчин Өсөхөөгөөсөө комбинзон, гутал хоёрыг нь авсан болохоор хувцас хэрэглэл дээр санаа зовоогүй. Биеийн байдал ч гэсэн сайн байсан.
-Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Таныг Эверестэд авирах гэж байгааг сонсоод ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Найз маань намайг Эверестэд авирна гэдгийг сонсоод “Болгоомжтой яваарай” гэж захисан. Өсөхөөтэй 1998 оноос хойш нөхөрлөж байна. Үе тэнгийн хоёр залуу уулзаад Алтай Таванбогдын Алтан оргилд авирч байлаа. Түүнээс хойш ууланд авирахдаа нэг нэгнээ хамгаалж, дутуугаа нөхөж аялах болсон. Бид хоёр жилдээ нэг удаа ууланд авирчихдаг юм.
-Эверестэд авираад жин хассан уу?
-Аяллын 52 хоногийн хугацаанд найман килограмм жин хассан. -Өөр ямар оргилуудад гарч байв? -Японы Фүжи уулын оргилд 2005 онд гарсан. Европ тивийн ноён оргил Эльбруст 2010 онд авирсан. Түүний дараа Эверестийг амлаж амжилттай авирлаа. Одоо дэлхийн уулчдын чансааг шалгасан Пакистаны К2 ууланд авирахаар бэлтгэлээ базааж байна. Өндрөөрөө Эверестийн дараа ордог. Уулчнаас тэвчээр шаарддаг эрсдэлтэй бартаа ихтэй оргил. Тиймээс К2 уруу Г.Өсөхбаяр, Р.Түвшинтөр хоёртой авирах төлөвлөгөөтэй байна.
-Монголын нуруудаас авирахад хамгийн түвэгтэй нь ямар уул вэ?
-Баян-Өлгий аймагт Шар хамар гээд уул бий. Өнгөрсөн жил Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай хамт авираад оргил дээр нь гарч чадаагүй. Найман цаг тасралтгүй авираад туулах замынхаа талд нь хүрээд орхисон. 80 градусын налуутай авирахад амаргүй байсан. Энэ жил заавал тэр уулын оргил дээр нь гарна гэж бодож байгаа.
-Уулын спортоор хичээллэх болсон түүхийг сонирхмоор санагдлаа. Энэ спортод хөтөлсөн багшийгаа танилцуулаач?
-Олон улсын хэмжээний мастер Э.Ганболд багш маань надад энэ спортын амтыг мэдрүүлсэн. Багштайгаа анх 1996 онд танилцсан. Тухайн үед намайг хаданд авируулж спортоор хичээллэх суурийг тавьсан.
-Гэр бүлийнхэн тань ууланд авирахыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Анх ойлгохгүй үе гардаг байсан. Харин одоо намайг ойлгож дэмждэг болсон. Би эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань хувиараа бизнес эрхэлдэг. Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хороонд харьяалагддаг. Эрдэнэтийн үйлдвэрт ажилладаг болохоор хотын спорт хороон дээр бэлтгэлээ хийдэг юм. Өвөлдөө хиймэл хадан дээр бэлтгэлээ базаадаг. Харин зун болохоор уул нуруудаа хэсээд, авираад л явна даа.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
Zochin (124.158.88.11)
Naadah uuliin orgil deer chin sayahan tahir dutuu Japan emgen garsan baih yum Mun Balbiin irgen 61 udaa garsan baih yum Niitdee delhiid 12600 garui hun garsan baih yum Tegeheer zugeer l hunii hobbi yum bish uu