Ахынхаа захиасаар алдрын оргилд хүрсэн хүн

Хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал зуны олимпийн 30 дахь наадам хэдхэн хоногийн дараа Английн нийслэл Лондон хотноо эхэлнэ.

Хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал зуны олимпийн 30 дахь наадам хэдхэн хоногийн дараа Английн нийслэл Лондон хотноо эхэлнэ. 
Монголын шилдэг тамирчид одоогоор 11 эрх аваад байгаа бол жүдочид албан ёсоор хоёр эрхийн оосор атгасан. 2008 оны Бээжингийн олимпоос Монгол Улс 44 жил хүсэн хүлээсэн алтан медалиа авсан билээ. Анхны алтан медалийг жүдо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр, хоёр дахь алтыг боксчин Э.Бадар-Ууган хүртэж эх орныхоо нэр алдрыг тив дэлхийд дуурсгасан сайхан амжилтын эзэд болсон юм. 
Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарыг энэ амжилтад хөтөлсөн хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох. Хөдөлмөрийн баатар багш маань багадаа дуу цөөтэй, зөөлөн сэтгэлтэй хүү байсан гэдэг. Нэгдэл, нийгмийн хүндхэн цаг үед хөдөөний эгэл бор амьдрал дунд өсөхдөө ирээдүйд алдартай олон тамирчдын багш болно гэж зүүдлээ ч үгүй явснаа хожим дурсан ярьжээ. 
Ч.Насантогтох багш Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 40 гаруй жил ажиллахдаа олимп, дэлхийн олон шилдэг тамирчинг төрүүлсэн гавьяатай нэгэн. 
Чимидбазар гуайнх дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр өтгөн сайхан айл. Энэ гэр бүлээс спортын хоёр алдартан төрж гарсан нь бас л ховор тохиол юм. 1968 оны Мехикогийн олимпийн анхны хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Дамдиншарав түүний төрсөн ах нь гэдгийг монголчууд мэднэ. Их спортын замд Насантогтох багшийг Дамдиншарав гуай хөтөлж оруулсан байдаг. 
Дасгалжуулагч болох нь хүртэл ахынх нь шийдвэр байсан гэхэд болно. Дамдиншарав гуай “Насаа чи өрөвч, зөөлөн сэтгэлтэй хүн. Ийм хүн тамирчин болж чадахгүй харин сайн дасгалжуулагч бол” гэж зөвлөжээ. Энэ зөвлөгөөний үнэ цэнийг 2008 оны Бээжингийн олимпоос аваргын алтан медаль эх орондоо авчирсан түүхэн үйл явдал, амжилт гэрчилнэ. 
Тэр дасгалжуулагч болохоор төрсөн хүн. Түүний ажил амьдралынх нь зам бүхэлдээ дасгалжуулагчийн хөдөлмөр байдаг. Насаа багш анхны юм гэдэг их сайхан гэж ярих дуртай. 1973 онд жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч болсноос хойш олон шилдэг тамирчинг олимп, дэлхийн тавцанд гаргажээ. 1980 оны Москвагийн олимпоос жүдо бөхийн анхны медалийг Монгол Улсын гавьяат тамирчин Дамдин авчирсан бол 1996 оны Атлантын олимпоос Нармандах хүрэл медаль хүртсэн. 
Энэ амжилтын буухиаг Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Эрдэнэт-Од, Бундмаа, Цэрэнханд ОУХМ Мөнхзаяа, НямОчир, Мияарагчаа, Төмөрхүлэг, нар үргэлжлүүлэн Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж явна. 
Насаа багшийн мянга гаруй шавиас Гавьяат цолтон 33 төрсөн байдаг нь энэ хүний ямар хэмжээний өндөр зэрэглэлийн дасгалжуулагч болохыг бэлхнээ харуулна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд амжилт гаргасны төлөө түүнд 1987 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй шагнал олгосон бол, Бээжингийн олимпоос аварга төрүүлснийг нь төр, түмэн үнэлж Ардын багш, Хөдөлмөрийн баатар болгосон юм. Бас ахынхаа ах нь болсон гэхэд хилсдэхгүй. 
Ингэж хэлэх нь учиртай. Насаа багш гавьяатыг ахаасаа сүүлд авсан ч бусад цолыг ахаасаа түрүүлж авсан байдаг. Тэр жүдогийн спортод 40 гаруй жилийг зориулахдаа хэзээ ч харамсч, гомдож байгаагүй нэгэн билээ. 

В.НЭРГҮЙ 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)