Икер Кассилас: Европын аваргаа хамгаалах нь миний хамгийн том зорилт

Хоёр хоногийн дараа “бага дэлхийн аварга” буюу Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Украин, Польш улсад эхэлнэ.
Хоёр хоногийн дараа “бага дэлхийн аварга” буюу Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Украин, Польш улсад эхэлнэ. 2008 оны Европын аварга, 2010 оны Дэлхийн аварга Испанийн төдийгүй дэлхийн шилдэг клуб Реал Мадридын ахлагч, шигшээ багийн хаалгач Икер Кассиластай “Goal” цахим сэтгүүл ярилцжээ. Европын хөлбөмбөгийн холбооны чансааг тэргүүлж буй Испанийн шигшээ баг энэ жилийн Европын аваргын шувтаргын тоглолтод үлдсэн байхад гайхах зүйлгүй билээ.

-Европын шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах торгон агшин ойртжээ. Та энэ удаа хэнийг шилдэг болоосой гэж бодож байна? 

-Испанийн тоглогч энэ нэр хүндтэй шагналын эзэн болох нь тодорхой. Учир нь бид өнгөрсөн дэлхийн аваргаар чамбай тоглосон. Хэрвээ испани тоглогч шилдгээр шалгарахгүй бол шударга бус явдал болно. 

-Нэр дэвшигчдийн дунд Таны нэр байсан. Гэвч хаалгач хэзээ ч энэ шагналыг авч байгаагүй шүү дээ? 

-Хаалгачаас бусад байрлалын тоглогчид аливаа шагналын эзэн болох нь элбэг байдаг. Учир нь тэдний дамжуулалт, онооны хүчээр тэр баг ялалтыг байгуулдаг гэж би ойлгодог. Магадгүй хаалгачид багийн шоовдор нь ч юм билүү. Тиймээс бид багийнхнаасаа өөр өнгөтэй хувцас өмсдөг /инээв/. 

-2010 оны ДАШТ-д Испаничууд хамгийн цөөн гоол алдсан. Ингээд бодохоор энэ шагналыг Та хүртэх эрхтэй юм биш үү? 

-Манай хамгаалагчид ч гэсэн сайн тоглосон. Эсрэг багтаа хаалганд ойртох боломж олгохгүй байна гэдэг хамгийн чухал юм. -Испанийн хамгаалагчид сайн тоглосон ч хагас хамгаалагчид довтлогчдыг л магтаад байсан? -Манай багийнхан бүгд авьяаслаг, шилдэг тоглогчдоос бүрдсэн үнэхээр төгс баг байж чадсан. Хамгийн чухал нь бие биедээ тусалж, тун сайн ойлголцож жинхэнэ атгасан гар шиг ажилласанд байгаа юм. 

-Довтлогч Давид Вилья “Алтан шаахай”-н эзэн болоход ганц хуруу дутсан? 

-Тийм шүү. Гондурасчуудын эсрэг тоглоход торгуулийн цохилт алдсанаас болж “Алтан шаахай”- н эзэн болох боломжгүй болсон. Гэхдээ Давид бол гайхалтай тоглогч. Түүний оруулсан таван гоол бүгд шийдвэрлэх гоол байсан. Түүнд бид талархах ёстой. 

-Та 2007-2008 оны улирлаас хойшхи улс, тив дэлхийн чанартай бараг бүх тоглолтод оролцсон. Ядарч байгаа биз дээ? 

-Ингэж ажиллана гэдэг үнэхээр хэцүү. Өнгөрсөн гурван жилд би бараг амралтгүй ажилласан байна. Гэхдээ 15-20 хоног амарсны дараа эрч хүчээр дүүрэн болж стрессээс бүрэн гарч чаддаг. Би хийж буй ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Гэвч хүн бүхэн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар нэгэн зүйлээ золиослох шаардлага гардаг шүү дээ. -Европ, дэлхийн аварга болсны дараа Таны амьдралд өөрчлөлт анзаарагдсан уу? -Бүх зүйл өөрчлөгдсөн. Хаана ч явсан хүмүүс над дээр ирж магтаал, урмын үг харамгүй хайрлах болсон. Олон сая хүнийг аз жаргалтай болгосон түүхэн үйл явдлыг хийж чадсанаараа би өөрөөрөө бас багийнхнаараа бахархаж байна. 

-Испанийн шигшээ багийн ахмад байна гэдэг сайхан биз? 

-Мэдээж. Гайхамшигтай авьяаслаг, аугаа тоглогчидтой хамт мөр зэрэгцэн эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэг яалт ч үгүй бахархал биз дээ. Ялангуяа энэ удаагийн шигшээ баг хамгийн чанга тоглогчдыг цуглуулсан баг байлаа. Өмнө нь бол тийм ч гайхамшигтай байгаагүй / инээв/. Цаг нь болохоор бүх зүйл өөрчлөгддөгийн адил энэ удаа өөрчлөлт бидний талд байлаа. 

-ДАШТ-ээс хамгийн тод үлдсэн дурсамжаа хуваалцаач? 

-Биднийг Швейцарьт хожигдоход олон хүн янз бүрээр шүүмжилсэн. Гэвч бид нэг баг болж нэгдсэн уур амьсгалаа алдаагүй. Харин ч улам ирлэгдэж тоглолтдоо хамаг анхаарлаа хандуулж, аварга болох замаа засч чадсан. Хөлбөмбөгийн олон тэмцээн байдаг. Гэхдээ нэг нь ч дэлхийн аварга хэмээх энэхүү шагналын нэр хүнд, хамрах хүрээг гүйцэхгүй шүү дээ. 

-Шигшээ тоглолтод таарсан Нидерландчууд Таны урмыг хугалсан уу? 

-Харин ч үгүй. Улбар шарууд бидний эсрэг маш сайн тоглосон. Өмнөх тоглолтуудаас илүү шигшээ тоглолтод ач холбогдол өгсөн нь зүйн хэрэг. Бид бөмбөг эзэмшилтээр үргэлж тэргүүлдэг. Үүнийг ойлгосон улбар шарууд биднийг зогсоох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. 

-Испани аваргалаагүй бол аль улсын шигшээ түрүүлэх байсан бол? 

-Герман. Тэд энэ тэмцээнд хүчирхэг залуу бүрэлдэхүүнтэй ирсэн. Тиймээс ч Англи, Аргентинийг буулгаж авсан байх. Миний бодлоор тэд ойрын хэдэн жилд их юм дуулгана. 

-Тэгвэл аль баг Таны сэтгэлийг гонсойлгов? 

-ДАШТ-д Франц, Италийн шигшээ баг үнэхээр муу тоглосонтой санал нэг байгаа. Тэд хэсгээсээ ч гарч чадаагүй нь хөлбөмбөгийн хөгжил ямар хурдацтай байгааг, энэ спортод эрэмбэ дараа гэж байхгүй болсныг харуулсан болов уу. Тиймээс бид дор бүрнээ хичээж, дэлхийн аварга хэмээх эрхэм цолоо хамгаалах хэрэгтэй. 

-Та Реал Мадрид болон үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож бүх шагналыг хүртсэн хүн. Одоо ямар зорилттой байна? 

-Би үргэлж хожихыг хүсдэг. Миний хамгийн ойрын зорилт бол европын аварга цолоо хамгаалах. -Сүүлд Реал Мадрид “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гаас хасагдахад “Манай багт дайчин тоглогч хэрэгтэй байна” гэж байсан. Одоо Реалд дайчин тоглогч байгаа юу? -Бидэнд залуу дайчин тоглогчид олон байна. Тэд амжилтад хүрэхэд бэлэн байгаа. Одоо манай баг амжилт үзүүлэх таатай бүх нөхцөл бололцоо нь бүрдлээ. Цаг хугацаа бүхнийг харуулна. Реалд эргэлзэх хэрэггүй гэж хэлье. 

-Раул, Гути нар Реалыг орхисон нь багт хэрхэн нөлөөлсөн бэ? 

-Би тэдэнтэй хамт 10 гаруй жил тоглосон болохоор үнэхээр гунигтай байсан. Гэвч тэдний шийдвэрийг хүндэтгэх нь зүй ёсны хэрэг. Реал Мадридын үүд хаалга тэдний өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. 

-Та өөрийгөө Реал Мадридын бэлгэ тэмдэг гэж боддог уу? 

-Би энэ клубт хамгийн удаан хүчин зүтгэж байгаа гэдэг утгаараа багийнхаа бэлгэ тэмдэг гэж бодвол хэтэрхий өрөөсгөл ойлголт. Манай клубт түүхэнд бичигдэх олон тоглогч байгаа. Хэрвээ намайг бэлгэ тэмдэг болооч гэвэл миний зүгээс татгалзах зүйл байхгүй. /инээв/. 

-Мэргэжлийн хөлбөмбөгчин байхын муу тал юу вэ? 

-Хөлбөмбөгчин байх үнэхээр гайхалтай. Миний бодлоор ямар ч муу тал байхгүй. Магадгүй хүмүүсийн шүүмжлэл эсэргүүцэл их байдаг ч би огт ойшоодоггүй. Харин тэдний шүүмжлэлээс хөлбөмбөгчний ойр дотнын хүмүүс эмзэглэдэг. Энэ л хамгийн муу нь байх даа. 

Р.ОЮУНГОО 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)