Хуульч О.Батхүү: Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласныг мөнгө угаах гэж үзэж болохгүй

Хөгжлийн банкны гэгдсэн шүүх хурал өчигдөр тав дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хурлын явцын талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Хөгжлийн банкны шүүх хурлыг хуульчид анхааралтай ажиглаж байгаа байх. Нэлээд онцлог шүүх хурал болж байна уу даа?

-Хөгжлийн банкны шүүх хурлыг гурав ангилж үзмээр байгаа юм. Нэгд, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал үүсгэх замаар Хөгжлийн банкнаас мөнгө авч ашигласан хүмүүс бий. Энэ нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болон бусад өндөр албан тушаалтай хүмүүст холбоотой. Хоёрт, Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хэрэг. Гуравт, Хөгжлийн банкны ажилтнууд ажил үүргийнхээ хүрээнд энэ хэрэгт холбогдсон байгаа.

Өнөөдрийн шүүх хурал нэгдүгээр ангиллын хүмүүс болох төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг эрүүгийн шүүхээр оруулаад гэм бурууг ярилцах ёстой байлаа. Гэтэл нөгөө хоёр бүлгийн хүмүүсийг нэгтгээд нэг том багц болгоод шүүх хурлыг хийж байгаа нэгд, гэм буруутай хүмүүс ял завшуулах боломж олгох, хоёрт, гэм буруугүй хүмүүсийг хоморголон яллах эрсдэлтэй гэж харагдаж байгаа.

-Яагаад?

-Хөгжлийн банкнаас зээл авна гэдэг гэмт хэрэг биш. Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн бизнес нь янз бүрээр эрсдэлд орох, зээлийг зориулалтын бусаар ашиглах нь эрүүгийн хэрэг биш. Энэ бол иргэний эрх зүйн харилцаанд хамаарах асуудал. Гэтэл манайх зээлийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь мөнгө угаах гэмт хэрэг гэж үзээд байгаа. Үнэндээ мөнгө угаах гэмт хэрэг бол хууль бусаар олсон орлогоо хууль ёсны болгох явцыг хэлдэг. Банкнаас зээл авна гэдэг хууль бус ажиллагаа биш.

-Шүүгдэгчид мэдүүлэг өгсөөр байгаа. Тэдний дундаас өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурлын үеэр Хөгжлийн банкны нэгэн ажилтан хэрэгт татагдсан шалтгааныг хууль бус гэж үзэж буйгаа хэлж байсан. Та ч тэр жишээг хуулийн үндэслэлтэй тайлбарласан байсан. Тэр талаар дурдахгүй юу?

-Хөгжлийн банкны тэр ажилтан надтай уулзаж байсан. Мөрдөн байцаалтын явцад заавал нэг хүний нэр хэл, тэгвэл хэргээс чинь мулталж өгнө гэж шахаад байна. Би гэмгүй хүнийг гүтгэлтэй нь биш гэхээр “Тэгвэл чи өөрөө ялаа аваад явах болж дээ” гэж байна гэсэн. Энэ бол банкны энгийн ажилтнуудыг хэлмэгдүүлж болзошгүй үндэслэл юм.

-Шүүх хурал эхлэхэд хэрэгт татагдсан 80 хүний 60 орчим нь хэргийг цагаатгуулах хүсэлтээ үндэслэлтэй тайлбарлаж байсан. Үлдсэн хэсэг нь бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгосон. Гол нь нийт холбогдсон хүмүүсийн 80 орчим хувийг нь хэлмэгдүүлэх эрсдэлтэй байна уу гэж үзэж болох. Таны байр суурийг сонсмоор байна?

-Санал нэг байна. Хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс аль болох бага ял авах, цагаатгуулах байр суурьтай оролцож байгаа. Нөгөө талд гарцаагүй баримтаар нотлогдсон, гэрчтэй хүмүүс ялаа багасгахыг бодно. Хамгийн гол нь манай нийгэм Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж байсан хүн гээд нэр төрд нь халдах эрсдэл өндөр. Шүүхээр гэм буруу нь тогтоогдтол хэнийг ч гэмтэн гэж үзэхгүй гэдэг зарчмаа барьж л ажиллах хэрэгтэй байна.

Харамсалтай нь манайд шүүх цагдаатай холбогдсон хүн бүрийг гэм буруутай гэдэг ойлголт хандлага нийгэмд тогтчихсон. Жишээ нь, цагдаа нэг хүнийг 461-д 30, 60 хоног баривчлаад хэргийг шалгаж байгаад гэм буруугүй юм байна гээд сулладаг. Харин тэр хүнийг эргэн тойрны хүмүүс “Энэ нөхөр шоронд суугаад гарсан. Буруутай л байж таарна” гэж хардаг. Ялангуяа банк санхүүгийн салбар өөрөө хүний итгэлцэл дээр тогтдог учраас маш эмзэг. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гэх нэр л банкны ажилтнуудыг цаашид ажиллаж амьдрахад хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

-Хөгжлийн банкны хэргийг хурдан хугацаанд боож шүүх рүү шилжүүлсэн. Одоо шүүх хурал нь үргэлжилж байгаа үйл явцыг хуульчид шүүмжилж байгаа. Энэ дунд хэн нэгэн хэлмэгдэх вий гэж?

-80 оролцогчтой гэмт хэргийг шүүх ажиллагаа 1990 оноос хойш шүүхээр орсон хамгийн том хэргүүдийн нэг болов уу. Энэ дунд энэ олон хүнийг нэг бүр шалгаж гэм бурууг нь тогтоосон уу, эрхийг нь тухай бүр хангаж чадсан уу гэдгийг хэлэхэд хэцүү. Энгийн тав, 10 оролцогчтой хэрэг гэхэд л шүүх дээр 3-5 хоног хэлэлцэгддэг. Хөгжлийн банкны хэргийг харахад их л шуурхай явж байна.

-Хэр хугацаанд үргэлжлэх бол?

-Хамгийн багадаа нэг сар үргэлжлэх болов уу. Одоо дөнгөж прокурорууд яллах дүгнэлтээ танилцуулж, холбогдогчид үгээ хэлж байна. Цаашид нотлох баримт шинжлэх судлах зэргээр шүүхийн үйл явц өрнөнө.

-Шүүгдэгчид зээлийн харилцааг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа нь буруу гэдгийг шүүх хурлын явцад ихээр онцолж байна. Чухам яагаад зээлийн харилцааг хуулийнхан эрүүгийн гэмт хэрэгт татдаг юм бэ?

-Зээлийн харилцаа нь иргэний хуулиар явах ёстой. Зээл авсан компаниуд аль нэг улстөрчид нөлөөлж, яриулж, зээл гаргаж өгсөн хүндээ хувь хэмжээ хахууль өгөөгүй бол өнөөдрийн шүүх хурлаар орох ёсгүй. Мэдээж бизнес л болсон хойно төсөл хөтөлбөр бүтэлгүйтдэг, ханшийн зөрүү, ковид зэрэг янз бүрийн шалтгаанаар зээлээ хугацаандаа төлөөгүй бол эрүүгийн шүүх хурлаар орохгүй. “Бэрэн групп” гэхэд үйлдвэр барина гэж зээл авчихаад барилгын төсөл рүүгээ оруулсан гэж байна. Мөн бусад зээлдэгчид ч авсан зээлийнхээ мөнгөөр компанийн өрийг төлсөн, зээлийн мөнгөө хувьдаа ашигласан зэрэг асуудлууд хөндөгдөж байна. Энэ бол эрүүгийн хэрэг биш. Энэ бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэний харилцаа.

Иргэний харилцааг иргэний хэргийн шүүхээр л шийддэг. Энэ шүүхийн хамгийн хүнд шийтгэл нь гэрээг цуцлах, торгууль тавих, барьцааг үл маргах зарчмаар хураан авах, зээлийг эргэн төлүүлэх явдал юм. Харин зээл авахдаа хэн нэгэнд нөлөөлж авсан бол эрүүгийн хэрэг. Үүнийг ялгаж салгаж харах шаардлагатай. Хөгжлийн банкнаас зээл авсан хүн бүр хулгайч, дээрэмчин. Тэднийг бүгдийг яллах ёстой гэж туйлширч болохгүй.

Б.Энхзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)