Сири барууны дипломатчдыг хөөжээ
- 2012-06-07
- Дэлхий
- 0
Хула хотын хүчирхийллийн дараа АНУ, Британи, Швейцарь, Испани, Итали, Франц, Бельги, Болгар, Канад улс Сирийн Элчин сайдыг эх орноосоо хөөсөн билээ.

Хула хотын хүчирхийллийн дараа АНУ, Британи, Швейцарь, Испани, Итали, Франц, Бельги, Болгар, Канад улс Сирийн Элчин сайдыг эх орноосоо хөөсөн билээ.
Дээрх улсууд Хула хотод амь үрэгдсэн 150 гаруй хүний үхэлд Сирийн эрх баригчдыг буруутгасан юм. Хэдийгээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад Хула хотын хүчирхийлэлд Засгийн газрын цэргүүд оролцоогүй, босогчдын хийсэн хэрэг гэж мэдэгдсэн ч Засгийн газрын цэргүүд үйлдсэнийг тус улсад ажиллаж буй НҮБ-ын ажиглагчид тогтоосон юм.
Тэгвэл саяхан тус улсын “Сурия” телевиз Засгийн газар Элчин сайдуудыг хөөсөн орнуудын Элчин сайдыг Дамаскаас хөөх шийдвэр гаргасныг мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан АНУ, Их Британи, Франц, Турк улс хэдийнэ Элчин сайдаа татсан байна. Башар аль-Ассад “Дотоодын хүчирхийллийг барууны орнууд гааруулж байна, НҮБ-ын харьяа Аюулгүйн зөвлөл Сирид дайн хийхийг санаархаж байна” гэжээ. Саяхан Европын холбооны удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр Сирийн хүчирхийллийг хэрхэн зогсоох талаар хэлэлцжээ.
Энэ үеэр тэд Сирид энх тайван тогтооход зөвхөн тусгай төлөөлөгч Кофи Аннаны боловсруулсан төлөвлөгөөг дагаж мөрдөхөд санал нэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан К.Аннаны зургаан заалт бүхий төлөвлөгөөний нэг заалт нь хүчирхийлэлд нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөх юм.
Хэрвээ ОХУын дэмжсэн энэхүү төлөвлөгөөг Сирийн эрх баригчид дагахгүй бол барууны эсрэг зогсч буй сүүлчийн “хамгаалагч”-аа алдах юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хула хотын хүчирхийллийн дараа “Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхний алинд нь ч дэмжлэг үзүүлэхгүй” гэж хатуухан мэдэгдэл хийсэн билээ.
Үүнээс өмнө Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид Москвад хэд хэдэн удаа тусдаа зочилж, дэмжлэг хүсч байсан юм. Харин ОХУ-ын дээрх хатуухан мэдэгдлийн дараа Сирийн эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй гал зогсооход бэлэн байгаагаа мэдэгдэж, Москваг түшсэн ч, Элчин сайдуудыг нь хөөснөөрөө баруунтай эвлэрэхгүй гэдгээ дахин харууллаа.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)