Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо тэргүүллээ

Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний нэр алдрыг өндөрт өргөсөн “Монголын бага олимп” гэгддэг Бүх ард түмний спортын XIII их наадам дөрвөн сарын турш үргэлжилж аваргаа тодрууллаа.

Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний нэр алдрыг өндөрт өргөсөн “Монголын бага олимп” гэгддэг Бүх ард түмний спортын XIII их наадам дөрвөн сарын турш үргэлжилж аваргаа тодрууллаа. Шилдэг спорт хорооны шагналыг өчигдөр БХЯ, ЗХЖШ, Биеийн тамир спортын газар /БТСГ/- аас гардуулав. 
Ёслолын үйл ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БТСГын дарга Ч.Наранбаатар болон бусад удирдлага оролцсон юм. Энэхүү наадамд 36 байгууллагын 5000 гаруй тамирчин 1350 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга, хурандаа Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо 11 дэх удаагаа тасралтгүй түрүүлж, шилдгийн шилдэг манлай спорт хороо гэдгээ дахин батлав. 
Тус спорт хорооны 300 гаруй тамирчин 23 төрөлд өрсөлдөн нийт 88 алт, 73 мөнгө, 60 хүрэл медаль хүртэж, байгууллагын дүнгээр буудлага, дугуй, кикбокс, тэшүүр, цана, гимнастик, сагсан бөмбөг, самбо бөх, хөнгөн атлетик зэрэг есөн төрөлд I байр, мото спорт, байт харваа, бокс, хүндийг өргөлт, чөлөөт бөх, олс таталт, софт теннис зэрэг найман төрөлд II байр, жудо бөхөд III байр эзэлжээ. 
Энэ үеэр “Зэвсэгт хүчин-олимп” сангаас “Лондон-2012” олимпод зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа, ОУХМ дэд ахлагч Д.Баяраа, Г.Жавзмаа нарын бэлтгэлд зориулж тус бүр 20 сая төгрөг олголоо. 

М.БОЛД

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)