Б.Обамагийн байгаа газрыг мэдээлсэн хүнийг тэмээгээр шагнана
- 2012-06-12
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Сомалийн лалын шашинт “Аль-Шабаб” бүлгийн долоон толгойлогчийн байгаа газрын талаархи мэдээллийг 33 сая ам.доллараар үнэлсний дараа тус бүлгийн толгойлогчид Б.Обамагийн толгойг 10 тэмээгээр үнэлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Сомалийн лалын шашинт “Аль-Шабаб” бүлгийн долоон толгойлогчийн байгаа газрын талаархи мэдээллийг 33 сая ам.доллараар үнэлсний дараа тус бүлгийн толгойлогчид Б.Обамагийн толгойг 10 тэмээгээр үнэлжээ.
“ФрансПресс” агентлагийн мэдээлснээр, “Аль-Шабаб” бүлэг Б.Обамагийн байгаа газрыг мэдээлсэн хүнд 10 тэмээ өгөхөө амлажээ. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны байгаа газрын мэдээллийг 10 азарган тахиа, 10 эм тахиагаар үнэлсэн байна.
Уг бүлгийн толгойлогчдын нэг хэмээн өөрийгөө танилцуулсан Мохаммед Фуад Халаф гэгч эр лалын томоохон цахим хуудаст тавигдсан дүрс бичлэгт “Цэргүүд болон миний байрлалын тухай мэдээлэлд шагнал өгөхөө амласан Цагаан ордныхонд хариуг нь хатуу барина. Обама, Билл Клинтоны эхнэрийн тухай үнэт мэдээллийг бид худалдаж авна” гэжээ.
“Си Эн Эн” агентлагийн мэдээлснээр, АНУ Мохаммед Фуад Халафын толгойг таван сая ам.доллараар үнэлсэн бол “Аль-Шабаб” Б.Обамагийн толгойг долоон мянга орчим ам.доллараар үнэлжээ. Учир нь Сомалийн хар зах дээр 10 тэмээ ийм үнэд хүрдэг байна.
Бүрэн цэрэгжсэн тус бүлэг сүүлийн хэдэн сар Кенид цуврал дэлбэрэлт зохион байгуулжээ. Учир нь нийслэл Могадишу орчмоос террорист бүлгийн дайчдыг хөөн гаргах Сомалийн Засгийн газрын цэргүүдийн ажиллагаанд Кени, Этиоп болон тус хоёр улс дахь Африкийн холбооны цэргүүд оролцжээ.
Гэсэн ч уг ажиллагаа амжилтад хүрээгүй юм. Нийслэлээс баруун хойд зүгт 30 хүрэхгүй километрийн зайд орших Афгойе хот “Аль-Шабаб”- ын стратегийн түшиц газар бөгөөд эвслийн хүчнийхэн өнгөрөгч оны наймдугаар сард нэвтрэх үеэр урхинд орсон байна.
Засгийн газрын эсрэг хүчтэй тэмцдэг “Аль-Шабаб” мэтийн хэт үзэлт бүлгүүд болон орон нутаг дахь омгууд Сомалийн өмнөд болон зүүн хойд нутгийг хянадаг ч нийслэл Могадишуд хяналтаа тогтоохыг эрмэлздэг ажээ.
“Ассошэйтэд Пресс”- ээс мэдээлж байснаар, “Аль-Кайда”- тай холбоотой ажилладаг “АльШабаб”- т Ирак, Афганистаны дайнд туршлага хуримтлуулсан гадаадын олон зуун хөлсний цэрэг байдаг гэнэ.
Э.ТӨГСЖАРГАЛ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)