Бартаат замын мотоцикльчид нутгийн дэвжээнд илүүрхэв

Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний хоёрдугаар цуврал өчигдөр Морингийн даваанд боллоо.

Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний хоёрдугаар цуврал өчигдөр Морингийн даваанд боллоо. 
Америк, Япон, Солонгос, ОХУ-ын Чита, Ангарск, Таиланд, Филиппин, Монгол зэрэг 10 орны 30 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон тэмцээн өрсөлдөөнтэй байв. Тэмцээнд манай ахмад үеийнхнээс гадна шинэ залуу тамирчид 85 сс, 125 сс болон ахмад гэсэн гурван ангиллаар уралдав. 
Энэ жилийн бартаат замын мотоциклийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шат Филиппиний ПуэртоПринцеса хотод болж ОУХМ Э.Халиунболд дөрөвдүгээр байрт, Нэгдүгээр сургуулийн сурагч Х.Мөнхболор хоёр гарааны нийлбэр дүнгээр зургадугаарт эрэмбэлэгдсэн билээ. 
Харин энэ удаагийн тэмцээнд ОУХМ Э.Халиунболдыг гэмтлийн улмаас уралдахгүй хэмээн мэдэгдсэн ч мөн өдөр хурд хүчээ сорихоор ирэв. Тэрбээр тэмцээний өмнөхөн эгэмний яс хадуулах хагалгаанд орсон юм. Тэмцээн эхлэхэд шороогоор шуурч жинд үүхэн байсан ч мотоспорт сонирхогч үзэгчдийн хөлд Морингийн даваа дарагджээ.
Наадам үзэж байгаа аятай хүүхдээ дагуулсан гэр бүл, найзуудаа дэмжихээр ирсэн хүмүүс энэ өдөр мартагдашгүй тэмцээнийг үзсэн байх. 
Азийн шилдэг тамирчид чуулсан тэмцээн 85 сс ангиллаар эхэлсэн. Тамирчид гараанаас гарахад үзэгчид монголын тамирчдаа дэмжин тэднийг уул уруу уруудах, хүчээ авах эргэлт бүрт уухай нэмэн дэмжиж байв. Сүртэй хэрнээ сүрдэм, аюултай мөртлөө бахдам тэмцээний эргэлт, уралдаан бүр гайхалтай байлаа. Ингээд тамирчид гараандаа ороход залуу тамирчин Х.Мөнхболор энэ удаагийн цувралд тэргүүлсэн юм. 
Үүний дараа ахмад тамирчдын уралдах ээлж болж Б.Хадбаатар, Чулуунболд нар гарааны зурваст бэлтгэлээ базааж байгаа харагдсан. Олон жил уралдсан тамирчдын гараа эргэлт бүр нь цаанаа л хашир байгааг харуулж байв. Энэ ангилалд ОХУ-аас оролцсон тамирчин гараанаасаа л тэргүүлж уралдсан. Харин манай Б.Хадбаатар, Чулуунбаатар нар гараанаас өнгөтэй гарсан ч эхний байрт шалгарч чадаагүй юм. 
Гэсэн ч түүнийг спортод хайртай үзэгч олон нь хүндэтгэн алга ташилтаар мялаасан. Уралдааны төгсгөлд өрсөлдсөн долоон тамирчнаас ОХУын Валерий Вартеленов бариандаа түрүүлж цувралын аваргаар тодров. Мөн түүнтэй хамтран өрсөлдсөн нутаг нэгт тамирчид нь удаахь байрт шалгарсан юм. Азийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй төрөл болох 125 сс-д 21 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон.
Тэдний гараанаас гарах нь ёстой л нисэх мэт харагдаж байлаа. Тамирчид стандартын дагуу бэлтгэсэн шинэ зам дээр 2.4 км зам туулах ёстой. Энэ ангилалд Тэмүүлэн, Оргил зэрэг манай сайн тамирчид амжилттай оролцсон. ОУХМ Э.Халиунболд бэртэлтэй хэдий ч уралдаанаа амжилттай дуусгаж барианд 12 дугаарт орж ирсэн. Харин хоёрдугаар гараанд тэрбээр өмнөх амжилтаа давуулан гуравдугаар байрт орж ирсэн юм. 
Хоёр гарааны нийлбэр дүнгээр Таиландын тамирчин энэ ангилалд цувралын аваргаар шалгарсан. Ингэснээр нийлбэр дүнгээр Монгол тэргүүлж, ОХУ-ын тамирчид “аман хүзүүдэв”. Харин гуравдугаар байрт Филиппиний тамирчид шалгарч энэ удаагийн цувралаа амжилттай дуусгалаа. Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар цуврал ийн амжилттай өндөрлөлөө. 
Цувралын гараа Филиппинээс эхэлсэн бол үргэлжлэн Индонез, Кувейт, Иранд зохион байгуулагдана. Манай улсаас 2008 оны Азийн аварга, ОУХМ Э.Халиунболд, залуу тамирчин Х.Мөнхболор нар цувралд амжилттай оролцож байгаа. Ялангуяа Х.Мөнхболорыг “Сайн тамирчин болно” хэмээн өндрөөр үнэлдэг юм билээ. Түүнд ур чадвар, авьяас, тэвчээр хатуужил байхад дараа дараагийн тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгах нь лавтай. 
Харин Азийн аварга, ОУХМ Э.Халиунболдод өнгөрсөн тэмцээнүүдэд гаргасан амжилтаа үргэлжлүүлэх бүрэн боломж бий. Одоо түүнд дараагийн тэмцээн хүртэл бэртэл гэмтлээ эдгээх хугацаа л хэрэгтэй. Тиймээс Монгол хэмээх нэрийг шар тивд дуурсгаж яваа бартаат замын мотоциклийн тамирчдадаа амжилт хүсье. 

Б.СЭЛЭНГЭ 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.202)

    2012-06-13

    САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ЗАРНА 88003405