“Евро-2012”-ыг орхих баг тодорч эхэллээ

“Евро-2012” тэмцээний эхний тойргийн тоглолтууд өндөрлөж хоёрдугаар тойргийнх эхэллээ. 
“Евро-2012” тэмцээний эхний тойргийн тоглолтууд өндөрлөж хоёрдугаар тойргийнх эхэллээ. Баг тус бүр хэсэгтээ гурван тоглолт хийнэ. Нийт 16 багаас гурван тоглолтын нийлбэр дүнгээр найман баг хагас шигшээд хүч үзнэ. Нэгдүгээр тойрог, хоёрдугаар тойрогт тоглосон багуудаас шигшээ наймд үлдэх, тэмцээнийг орхих багийн нэрс эхнээсээ тодорч байх шиг. Юутай ч ОХУ-ын шигшээ баг нэг хожил, нэг тэнцээ дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж байна. Тэднийг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд хэсгээсээ гарах нь тодорхой боллоо гэж үзэж байгаа юм. 


Оросын дэггүй хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээв

СЕСК ФАБРИГАС “ЯЛАГДАШГҮЙ АРМАДА”-Г АВРАВ 
“C” хэсгийн эхний тоглолт “Ялагдашгүй Армада”-чууд Европын “Цэнхэр”-үүдтэй учраа таарсан. Тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авсан испаничуудын шуургалсан довтолгоо нэг л байгаа онож өгөхгүй харагдсан юм. Харин хамгаалалтыг чухалчилдаг Италийн шигшээ баг Испанийн эсрэг довтолгоогоор хамгаалалт хийсэн нь “Ялагдашгүй Ар мада”-г багагүй сандаргасан . Тоглолтын эхний хагаст гоол оролгүй байсаар хуурай дууссан. Хоёр дахь хагас эхлээд 16 минут өнгөрч байхад “Цэнхэр”-үүдийн гол тоглогч Андрей Пирлогийн “гоёмсог” дамжуулалтаар Антонио ди Натали Италид тэргүүллийг авчирсан. Гэхдээ “Цэнхэр”-үүдийн тэрг үүлэл тийм ч удаан үргэлжлээгүй. 64 дэх минутад “Барса”-гийн супер од, Испанийн Сеск Фабригас “Армада”-чуудынхаа оноог тэнцүүлж чадсан юм. Үүнээс хойш дахин гоол оролгүй явсаар өндөрлөж, хоёр баг оноо хуваахаар болсон. Тэдний дараагийн учраа Итали-Хорваттай, Испани-Ирландтай хүч үзнэ.

ХОРВАТ ӨНГӨТЭЙ БАЙНА
Энэ хэсгийн хоёр дахь тоглолт Хорват -Ирландын дунд явагдсан. Тоглолтын өмнөх санал асуулгад оролцсон нийт үзэгчийн 65 хувь нь Хорватыг хожно гэсэн бол 26 хувь нь Ирландад итгэжээ. Харин үлдсэн есөн хувь нь гоолгүй хуурай өндөрлөнө гэсэн байна. Тоглолт эхлэхэд л Хорват илүү байх нь ойлгомжтой харагдсан. Учир нь, гурав дахь минутад Хорватын хагас хамгаалагч Марио Манжукич гоолдож Ирландыг “нуман тулгуурт” оруулав. Ингэж амархан гоолдуулна гэж бодоогүй ирландчууд нэг хэсэгтээ л учраа олохгүйд хүрлээ. Харин 19 дэх минутад шоконд орсон багаа Ирландын гол довтлогчдын нэг Шон Сент-Лежер аварсан. Эхний хагасыг тэнцээгээр өндөрлүүлсэн Ирландыг хоёрдугаар хагаст илүү тоглоно гэж хөлбөмбөг тайлбарлагчид дүгнэсэн ч итгэлийг салхинд хийсгэж орхив. Хоёрдугаар хагас эхлээд дөрөв хүрэхгүй минут болж байхад тоглолтын салхийг хагалсан Марио Манжукич хоёр дахь гоолоо оруулснаар дубль хийсэн. Улмаар Никица Елавич түүний гоолоос таван минутын дараа Ирландын хаалгыг мялааж, тоглолт 3:1 харьцаатай буюу Хорватын илт даавуугаар өндөрлөсөн. Ингэснээр “C” хэсгийг Хорват гурван оноотой тэргүүлж байгаа бол Итали, Испани тус бүр нэг оноотой Ирландын баг оноо авч чадалгүй сүүл мушгиж байна. Энэ хэсгийн хоёрдугаар тоглолт маргааш болно. 

ОХУ ХЭСГЭЭСЭЭ ГАРАХ ЭРХ ӨВӨРТЛӨВ 
Энэ хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт хойд хөрш ОХУ, талбайн эзэн баг Польшийн шигшээтэй учраа таарсан. Тоглолтын өмнөх санал асуулгын дүнгээр ОХУ-ын хожилд итгэгч 60 хувь, 25 хувь нь Польш, үлдсэн 15 хувь нь тоглолтыг хуурай өндөрлөнө гэжээ. Нэгдүгээр тойрогт Чехийн шигшээг бут ниргэсэн ОХУ тоглолтыг тун ч эрч хүчтэй эхлүүлсэн. Эхний хагаст ОХУ довтолж, Польш хамгаалсан дүр зураг угтсан. ОХУ-ын энэ шуургалсан довтолгооны нэг амжилттай болсон нь Алан Загоевийн 37 дахь минутад оруулсан гоол байлаа. Энэ мөчөөс эхлэн хамгаалж байсан польшууд ОХУ-ын эсрэг хүчтэй шуурган довтолгоо өрнүүлсэн. Улмаар хоёрдугаар хагасын 57 дахь минутад Блащиковский гоолдсоноор онооны харьцааг тэнцүүлсэн юм. Үүнээс хойш гоол оролгүй байсаар тоглолт өндөрлөж, хоёр баг оноо хуваахаар болсон билээ. 

Тоглолтын дараа Дик Адвокаат /ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч/: 
40 мянган фанатын эсрэг тоглох хүнд “Манай баг сайн тоглолоо. Ялангуяа Игор Денисов. Бид Польшоос илүү тоглолт үзүүлсэн. Гэхдээ Польшийн хийсэн шиг гоол бидэнд ус агаар мэт хэрэгтэй байлаа. Эхний тоглолтод бид 4:1-ээр хожсон. Энэ удаа бид тэнцлээ. Гэхдээ боломжийн үр дүн гэж бодож байна. Учир нь, 40 мянган фанатын эсрэг тоглоно гэдэг хүнд байх нь ойлгомжтой. Одоо дараагийн тоглолт л бүх асуудлыг шийднэ. Тэгэхээр бид одооноос тактикаа боловсруулж бэлтгэлээ эрчимжүүлнэ” гэжээ. 

УЭЙН РҮҮНИГҮЙ АНГЛИД ТЭНЦЭЭ ХАНГАЛТТАЙ 
Украины тэргүүлсэн “D” хэсгийн эхний тоглолт “Будант Альбион” болон “Гурван өнгөт”-үүдийн хооронд өрнөсөн. Энэ хэсгийн чансаа өндөр хоёр учраа эхний тоглолтыг хийсэн нь хөлбөмбөгийн фанатуудын сонирхлыг татаж байв. Тоглолтын өмнө явуулсан санал асуулгаар Английн багийг хожно гэж 75 хувь нь итгэсэн бол, 21 хувь нь Францад үлдсэн дөрвөн хувь нь тэнцэнэ гэжээ. Английн болон “Улаан чөтгөр”-үүдийн супер довтлогч Уэйн Рүүнигүй тоглосон “Будант Альбион”- чууд тоглолтын эхнээс давуу тоглосон. Энэ нь ч үр дүнгээ өгч “Ливерпүүл”-ийн амьд домог шигшээ багийн капитан Стеван Жерардын дамжуулалтаар хамгаалагч Жолеон Лескотт 30 дахь минутад гоолдсон. Гэхдээ англичуудын тэргүүлэл есхөн минутынх байсан юм. Тоглолтын 39 дэх минутад “Манчестер сити”-гийн “нялх од” Самир Насригийн “гоёмсог” цохилт Английн хаалгыг мялааснаар оноо тэнцсэн. Үүнээс хойш хоёр багийн хаалганд гоол оролгүй байсаар тоглолт тэнцээгээр өндөрлөж, багууд оноо хуваахаар болсон юм.


АНДРЕЙ ШЕВЧЕНКО: БИ ХАРИХ БОЛООГҮЙ ШҮҮ 
Андрей Шевченкогоор ахлуулсан Украины шигшээ багийн эхний учраа Златан Ибрагимовичаар ахлуулсан Шведийн шигшээ байлаа. Тоглолтын өмнөх санал асуулгаар Ибрагийн багийг хожно гэж 56 хувь нь үзэж байсан бол 35 хувь нь Шевогийн багт итгэсэн байв. Харин үлдсэн есөн хувь нь тэнцээгээр өндөрлөнө гэжээ. Тоглолтын эхний хагаст шведүүд довтолж украинчууд хамгаалсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ нэг ч гоол оролгүй хуурай өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагаст Шведийн шигшээгийн капитан, супер довтлогч Златан Ибрагимович гоолдсоноор нутагтаа тоглож буй Украиныг хүнд байдалд оруулсан. Энэ бол 52 дахь минут байсан юм. Гэвч энэхүү гоолоос дөрөвхөн минутын дараа Украины тод од, довтлогч Андрей Шевченко нэрийн хуудас болсон цохилтоороо гоолдож, Украины хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөн. Улмаар 62 дахь минутад “Би харих болоогүй шүү” гэдгээ харуулж хоёр дахь гоолоо хийснээр үндсэндээ Украины баатраар тодорсон билээ. Ингэснээр энэ хэсгийг талбайн эзэн Украин гурван оноотой тэргүүлж, Англи, Франц тус бүр нэг оноотой, Швед оноогүй удаалж байна. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт 16-нд болох бөгөөд Швед-Англи, Украин-Францтай учраа таарч тоглоно 

ЧЕХ ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА 
Европын аваргын хоёрдугаар тойргийн нээлтийг нэгдүгээр тойрогт ОХУ-д бут ниргүүлсэн Чехийн шигшээ баг 2004 оны Европын аварга Грекийн шигшээ багтай хийсэн. Тоглолтын эхнээс “Нохойтой дөрвөн танк”-чид буюу Чехийн шигшээ баг илт давуу тоглох нь тодорхой харагдаж байсан юм. Харин “Зевсийн үр сад” гэгддэг Грекийн довтолгоо нэг л болж өгөхгүй байсан. Тоглолт эхлээд хоёр дахь минут өнгөрч байхад Чехийн шигшээ багийн хагас хамгаалагч Петр Ийрачек “Евро-2012”-ын анхны хурдан гоолыг оруулсан юм. Энэ гоолоос ердөө дөрөвхөн минутын дараа Пидарж Вацлав Грекийн хаалгыг мялааснаар эхний хагас өнөдөрлөсөн. Харин хоёрдугаар хагасын 53 дахь минутад Грек нэр төрийн ганц гоолоо оруулсан юм. Энэ гоолын эзэн нь Гекас Теофанис. Улмаар тоглолтод дахиж гоол оролгүй явсаар Чехийн шигшээ баг Грекийн шигшээг 2:1-ийн харьцаатай буулган авч, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэх болсон билээ. Тоглолтын дараа Михаил Блек /

Чехийн шигшээ багийн дасгалжуулагч/: Товчоор хэлбэл Польшийг хожно
“Манай баг үнэхээр сайн тоглолоо. Өөлөх юмгүй тоглолт болсон гэвэл дэгсдүүлэл болохгүй. Бидний гурав дахь минутад хийсэн гоол грекүүдэд хүнд цохилт болсон. Бараг шокноосоо гарч амжаагүй байхад нь дахин гоолдсон. Энэ нь бидний боломж, хожил боллоо. Тоглолтын хоёрдугаар хагаст багийн хаалгач, хамгаалагчдын үл ойлголцлоос болж орох ёсгүй гоол орсон гэж бодож байна. Бид энэ хожлоор өөртөө боломж гаргалаа. Одоо гаргасан боломжоо бодит үр дүн болгохын тулд хичээнэ. Товчоор хэлбэл Польшийн шигшээ багийг хожно” гэжээ. 
Харин Грекийн дасгалжуулагч Фернандо Сантос “Тоглолтын эхнээс л муу үр дүн биднийг хүлээж байсныг би гадарласан. Гурав дахь минутад гоол алдсанаар манай багийн тамирчид сэтгэлзүйн хүнд дарамтад орсон. Дарамтаасаа гарч амжаагүй байхад хоёр дахь гоолоо алдсан. Энэ тоглолтыг би арай эерэг дүнгээр нааштай шийдэгдэх болов уу гэж горьдож байлаа. Одоо бид хэсгээсээ гарахад хүнд болсон. Энэ үр дүнг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэгэнт гарч чадахгүй боллоо гээд ОХУ-тай муу тоглоно гэж байгаа юм биш. ОХУ-ыг хожчихвол бидэнд бас боломж үлдэнэ шүү дээ” гэсэн юм. 

Хоёрдугаар тойргийн дараахь “А” хэсгийн үр дүн: 
1. ОХУ – 4 оноотой /нэг хожиж, нэг тэнцсэн/
2. Чех – 3 оноотой /нэг хожиж, нэг хожигдсон/ 
3. Польш – 2 оноотой /хоёр тэнцсэн/ 
4. Грек – 1 оноотой /нэг тэнцэж, нэг хожигдсон/ 

“Евро-2012”-ын мэргэн “буучид”: 
Алан Загоев /ОХУ/ - 3 гоол 
Марио Манжукич /Хорват/ - 2 гоол 
Пиларж Вацлав /Чех/ - 2 гоол 
Андрей Шевченко /Украин/ - 2 гоол 
Мөн тус бүр нэг гоол оруулсан 16 тоглогч бичигдэж байна.

Т.ЗӨНБИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.199)

    2012-06-15

    САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ХЯМД ҮНЭЭР ЗАРНА 88003405