“ЕВРО-2012”-оос төрсөн шилдэг тоглогч Алан Загоев
- 2012-06-18
- Спорт
- 0
“Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн таамаг анх удаа 100 хувь зөрлөө. Учир нь “Евро-2012”-т ОХУ-ын шигшээ багийг хэсгээсээ шалгарч улмаар аваргын төлөө тоглоход гайхах зүйлгүй гэцгээж байсан юм. 

“Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн таамаг анх удаа 100 хувь зөрлөө. Учир нь “Евро-2012”-т ОХУ-ын шигшээ багийг хэсгээсээ шалгарч улмаар аваргын төлөө тоглоход гайхах зүйлгүй гэцгээж байсан юм. Гэхдээ ОХУ-ын шигшээ баг энэ удаагийн тэмцээнээс ор хоосон буцсангүй.
Тэд ирээдүйн супер одыг дэлхий нийтэд танилцууллаа. Энэ тоглогч бол довтлох чиглэлийн хагас хамгаалагч Алан Загоев юм” хэмээн “ESPN”-ий хөлбөмбөгийн аналист Майкл Дублин хэлжээ.
Үнэхээр ОХУ-ын ард түмэн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн мянга мянган хөгжөөн дэмжигчид А.Аршавинаар ахлуулсан Оросын шигшээд тун ч их найдвар тавьж байсан.
Гэвч энэ их итгэл гуравдугаар тойрогт Оростой учраа таарсан Грекийн багт цохигдлоо. Тоглолтын эхний хагас өндөрлөх мөчид Грекийн шигшээ багийн ахлагч, 2004 оны Европын аварга Георкус Кракунисийн гоол эдийн засгийн хямралд нэрвэгдээд буй Грек улс, ард түмнийг сэргээсэн.
Улмаар тэд “Амьдрал”-ын гэх тодотголтой хэсгээс хоёроор шалгарч шигшээ наймд үлдэж чадлаа. Хэдийгээр ОХУ хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн ч Майкл Дублиний хэлсэнчлэн тэд хоосон буцаагүй. Багийн түлхүүр тоглогчдын нэг, довтлох чиглэлийн хагас хамгаалагч Алан Загоевийг дэлхий нийтэд танилцуулсан нь тэдний том амжилт.
Гуравдугаар тойргийн тоглолтын дараа Испанийн эзэн хааны баг “Реал Мадрид” А.Загоевыг сонирхож, алдарт дасгалжуулагч Жозе Моуриньо өөрийн биеэр уулзсан тухай мэдээлэл Украины спортын хэвлэлийн гол дуулиан болж байна. Английн “Премьер” лигийн шилдэг баг “Манчестер Юнайтед” ч мөн Алан Загоевыг авах хүсэлтэйгээ уламжилжээ. Хоёр тоглолтоор торгуулаад байсан Уэйн Рүүни ч түүний тухай “Оросын шилдэг хагас хамгаалагч Алан Загоевыг манай багт тоглоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Загоевын хоёр ч тоглолтыг үзлээ. Үнэхээр дайчин өөртөө итгэлтэй нь надад таалагдсан. Бид хамтарвал их зүйлийг бүтээж чадна” хэмээн ярьжээ. У.Рүүнигийн эл үйлдлийг алдарт дасгалжуулагч Сер Алекс Фергусоны даалгавар хэмээн шинжээчид таамаглаж байна.
Юутай ч “Евро-2012”- ын шинэ нээлт, ОХУ-ын шилдэг хагас хамгаалагч Алан Загоевын “ЦСКА”-тай хийсэн гэрээ энэ оны арванхоёрдугаар сард дуусгавар болно. Мөн тэрбээр “Хэрвээ би дэлхийн хэмжээний том клубт тоглохоор болвол “Челси”-д тоглохыг хүсч байна. Бусад нь надад хэрэггүй.
Түүний оронд “ЦСКА”-даа тоглож байсан нь дээр” хэмээн өнгөрсөн онд ярьж байсан билээ. Европын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ыг үдэн гаргаж байхад хил хязгааргүй хөлбөмбөгийн ертөнц Алан Загоевыг угтан авч байна.
Т.ЗҮРХ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)