Нобелийн шагналаа 21 жилийн дараа авав

Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Аун Сан Су Чи Нобелийн энх тайвны шагналаа 21 жилийн гардан авлаа. 
Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Аун Сан Су Чи Нобелийн энх тайвны шагналаа 21 жилийн гардан авлаа. Мьянмарын ардчиллыг дэмжигч улстөрчдийн тэргүүн түүний хичээл зүтгэлийг Нобелийн сангийн удирдах зөвлөл үнэлж 1991 онд Энх тайвны шагналаараа шагнах шийдвэр гаргасан юм. 
Харин энэ үед Су Чи гэрийн хорионд байв. Мьянмарын цэргийн эрхтнүүд Су Чи-г сонгуулиас өмнө буюу 1989 оны долдугаар сард гэрийн хорионд оруулжээ. Гэсэн ч түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг нам 1990 оны парламентын сонгуульд нийт сонгогчдын 81 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Харин цэргийн дарангуйлагч Тан Шве үүнийг эсэргүүцэн түүнийг нийтдээ 24 жил хорионд байлгасан юм. 
Дэлхийн хамгийн алдартай улстөрийн хоригдол Су Чи 2010 оны арваннэгдүгээр сарын 13 хүртэл хоригдсон бөгөөд үүнийхээ 15 гаруй жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн байна. Хунтын захирагч Тан Шве өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд буюу 78 настайдаа албан тушаалаасаа бууж, Тейн Сейнд төрийн эрхийг шилжүүлсэн.
Тус улсад 20 гаруй жилийн дараа ардчилал, эрх чөлөөний анхны сонгуульд дахин ялалт байгуулаад буй Су Чи Швейцарь, Норвеги, Ирланд, Англи, Франц зэрэг Европын орнуудаар айлчилж байгаа бөгөөд өнгөрөгч 15-нд Норвегийн нийслэл Ослод зочлох үеэр түүнд Нобелийн сангийн удирдлагууд шагналыг нь гардуулсан байна.
Хатагтай Су Чи “Бирмийн дарангуйлагч намайг мартсан ч Нобелийн сан мартаагүй байсан юм байна гэдгийг мэдлээ” гэж хэлжээ. Аун Сан Су Чи нь өнөөгийн Мьянмарыг Британиас тусгаар тогтноход үүрэг гүйцэтгэсэн генерал Аун Саны гурван хүүхдийн ганц охин нь аж. 
Түүний эцэг 1947 онд бусдад хорлогдсон бол британи нөхөр Майкл Арис нь 1999 онд нас баржээ. 1988 оноос хойш гадаадад зочлоогүй Су Чиг Ази, Европ зэрэг дэлхийн олон орон урьж хүндэт шагналаар шагнаж байна. Тэрбээр Венесуэлийн Саймон Боливар, Энэтхэгийн Жавахарлал Неругийн нэрэмжит шагнал зэрэг дэлхийн олон орны хамгийн нэр хүндтэй шагналыг аль 1980-аад онд хүртсэн билээ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)