Казахстаны бөхийн холбоо олимпийн аваргадаа 100 мянган ам.доллар амлалаа

Лондоны олимпийн бэлтгэлийн асуудлаар Казахтаны бөхийн холбоо уулзалт хийжээ. 
Лондоны олимпийн бэлтгэлийн асуудлаар Казахтаны бөхийн холбоо уулзалт хийжээ. Уг уулзалтад сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, мэргэжилтнүүд оролцсон байна. 
Холбооны хүндэт ерөнхийлөгч Даулет Балотович Турлыханов “Манай бөхчүүд авах ёстой эрхээ авсан. Одоо олимпийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх л үлдээд байна. Бээжингийн олимпийн наадмаас таван медаль авсан. 
Энэ удаа Лондоны олимпод амжилтаа ахиулна гэдэгт итгэж байна” гэжээ. Холбооны ерөнхийлөгчийн хэлснээр “Дасгалжуулагч, бөхчүүд гар нийлж ажиллаж байгаа” гэнэ. 
Удирдлагын зүгээс ч санхүүгийн бүх асуудлыг зохицуулсан байна. Тэд олимпийн наадамд алтан медаль авсан бөхөд 100 мянга, мөнгөн медаль авсан бөхөд 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчинд 30 мянган ам.долларын шагнал олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ уг шагналыг улсаас олгодог мөнгөн урам шуулал дээр нэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Казахстан Улс одоогийн байдлаар долоон жинд олимпийн эрх аваад байгаа юм. 
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Даулет Ниязбеков, 60 кг-д Даурен Жумагазиев, 74 кг-д Абдулхаким Шапиев нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглох Елена Шалыгинад дасгалжуулагчид нь ихээхэн найдлага тавьж байгаа ажээ. 

Р.ОЮУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)