Х.Мөнхболор: Филиппиний тамирчин миний хамгийн хүчтэй өрсөлдөгч

Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах хоёрдугаар цувралын 85 сс ангиллын тэргүүн байрт шалгарсан спортын мастер Х.Мөнхболортой ярилцлаа. 
Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах хоёрдугаар цувралын 85 сс ангиллын тэргүүн байрт шалгарсан спортын мастер Х.Мөнхболортой ярилцлаа. 

-Азийн аваргын цуврал тэмцээний 85 сс ангилалд тэргүүлсэнд баяр хүргэе. Уралдааны энэ ангилал бусдаасаа юугаараа ялгаатай вэ? 

-Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар цувралын 13- 15 насныхан уралддаг 85 cc ангилалд түрүүлсэндээ баяртай байна. Энэ гараанд ОХУ, Филиппиний тамирчинтай уралдсан. Ираны тамирчин тэмцээнд оролцох байсан ч ирээгүй. Хоёр гарааны нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт шалгарсан. Харин өмнөх цувралаар түрүүлсэн Филиппиний тамирчин хоёрдугаар байрт орсон. 125 сс ангилалд Э.Халиунболд бэртэлтэй ч гэсэн оролцсон нь тамирчны хатуужил, сэтгэлийн тэнхээг харуулсан байх. Мөн ахмадуудын ангилалд манай сайн тамирчид өрсөлдсөн. Тэдний уралдаанаас их зүйл сурдаг. Эх орондоо зохион байгуулсан тэмцээнд тамирчид сайн уралдлаа гэж бодож байна. Гадаадын тамирчдаас илүү уралдааны замаа судалсан нь түрүүлэхэд нөлөөлсөн байх. Харин бусад орны тамирчид нэг хоногийн дотор 20 минутаар хоёр удаа бэлтгэл хийгээд уралдсан. 

-Цуврал тэмцээний эхний шат Филиппинд болсон. Та ямар амжилт үзүүлэв? 

-Азийн аваргын эхний тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Миний ангилалд 20 гаруй тамирчин уралдаж, би зургадугаарт байрт шалгарсан. Эхний таван байрт зохион байгуулагч орны тамирчин орсон. 45 градусын халуунд уралдсан болохоор амаргүй байсан л даа. Мөн тэмцээний 125 сс ангилалд Азийн аварга Э.Халиунболд уралдаж дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэ төрөл өрсөлдөөн ихтэй байдаг. Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн тэмцээний нийлбэр дүнгээр аваргаа тодруулна. Одоо дараагийн тэмцээний бэлтгэлээ базааж байна. 

-Өнгөрсөн жилийн Азийн аваргад гаргасан амжилтаа энэ жил ахиулна биз дээ? 

-Өнгөрсөн жил Иран, Малайзад болсон тэмцээнд уралдсан. Гэхдээ дөрвөн гарааны хоёрт нь яваагүй болохоор дөрөвдүгээр байрт орсон юм. Энэ жил бүх гараанд уралдах учраас амжилтаа ахиулна гэж итгэж байна. Эхний гурван байрт шалгарчих байх гэж бодож байгаа шүү. 

-Ижил ангилалд уралдаж байгаа чиний хүчтэй өрсөлдөгч гэвэл? 

-Манай улсад болсон тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан Филиппиний тамирчин миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэр эхний гараандаа түрүүлж, дараагийн гараандаа хоёрдугаарт орсон. Надаас илүү үзүүлэлттэй явж байгаа гэсэн үг л дээ. Түүний харайлт, уралдааны техник үнэхээр сайн. 

-Ямар мотоцикль унадаг бэ? 

-Би Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн “Авто мотоспорт төв”- ийн тамирчин. Клубээс надад 2012 оны “Хонда C10 150” авч өгсөн. Сүүлийн үеийн мотоцикльтой болсон болохоор амжилттай уралдахын төлөө хичээнэ. 

-Хэдэн настайдаа мотоцикльтой нөхөрлөв? 

-Зургаан настайдаа мотоцикль унаж сурсан. Харин 2009 оноос уралдаан, тэмцээнд оролцож эхэлсэн. Өвөө, аав хоёр маань мотоцикль унадаг байсан нь энэ спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Аавыгаа дууриаж мотоцикль унадаг, өвөө шигээ тамирчин болохыг мөрөөддөг. Манай өвөөг Миеэгомбо гэдэг. Гадаадын тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин. 

-Багшаа танилцуулна уу. Тэмцээнд оролцоход юу гэж захидаг вэ? 

-Азийн аварга Э.Халиунболд ахын аав Ш.Эрдэнэбилэг миний багш. Багштайгаа 2009 онд танилцсанаас хойш сургаалыг нь сонсож байна. Уралдаан тэмцээнд ороход “Амжилттай уралдаад ирээрэй. Битгий унаарай” гэж захидаг. 



-Өөрийг чинь Э.Халиунболдын шийрийг хатаах тамирчин гэж ярьдаг юм билээ. Уралдаанд хамт оролцдог болохоор техниктэйгээ хэрхэн ажилладгаас нь суралцах зүйл их байдаг байх? 

-Азийн аварга, сая зохиогдсон тэмцээнд хамт оролцсон. Э.Халиунболд ах миний хувьд үлгэр дууриал минь. Тиймээс ахынхаа хэлсэн зөвлөгөөг дагаж уралддаг. Цаашид 125 сс ангилалд уралдах болохоор ахаасаа сурах зүйл их бий.

-Гадаадын тэмцээнд оролцохдоо мотоциклио авч явдаг уу? 

-Онгоцонд хэрэглэсэн мотоцикль авч явж болдоггүй. Тиймээс тэмцээнд оролцохдоо хуучин мотоцикль түрээсэлдэг. Азийн холбоо чингэлэгтэй мотоцикльтой ирдэг. Харин түүнийг нь тамирчид түрээсэлж унадаг юм. Өмнө унаж байгаагүй мотоцикльтой уралдана гэдэг хэцүү. Гадаадын тэмцээнд оролцохдоо 20 минутын бэлтгэлээр мотоцикльтой сургуулилт хийгээд уралддаг. Филиппиний тэмцээнд ч тэгж л оролцсон. 

-Тэмцээн ихэвчлэн хичээлтэй үеэр чинь таардаг. Яаж зохицуулдаг вэ? 

-Би Нэгдүгээр сургуульд сурдаг. Энэ жил аравдугаар ангид орно. Өглөө хичээлдээ явж, өдөр бэлтгэлээ хийдэг. Зарим тэмцээн хичээлтэй үеэр таарна. Тухайлбал, Филиппиний тэмцээн дөрөвдүгээр сард болсон. Тухайн үед хичээлээ түрүүлээд судалчихсан. Тиймээс санаа зовох зүйл гараагүй. Чөлөө аваад тэмцээндээ оролцсон. Манай ангийнхан, найзууд, багшийн маань дэмжлэг их дэм болдог. 

-Өмнө нь ямар амжилт үзүүлж байв? 

-2010 онд Улаанбаатарт явагдсан олон улсын тэмцээнээс мөнгө, хот, улсын аваргаас мөнгөн медаль авсан. Өвөөгийнхөө нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн хавар “Алтай” констракшны дэргэдэх “Үндэсний авто, мотоспортын холбоо”-ноос зохион байгуулсан нээлтийн тэмцээн, Бор-Өндөрийн 30 жилийн ойн уралдаанд түрүүлсэн. 

-Дараагийн тэмцээн хаана болох вэ? 

-Ирэх сарын эхээр Индонезид болно. Тэмцээн ойртсон болохоор бэлтгэлдээ эрт гарна. Бид бэлтгэлээ Морингийн даваанд хийдэг. Харин Иранд болох уралдаанд оролцож чадахгүй. Би ирэх наймдугаар сард 15 нас хүрнэ. Тэгээд 85 сс ангилалд уралдахгүй. Тийм болохоор сүүлийн гараагаа тэглэж дүнгээ гаргах байх. 

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)