Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн эзэмшилд авч гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.

Дашрамд 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)