“Бага дэлхийн аварга” өндөрлөхөд гуравхан тоглолт үлдлээ

-Англичуудын азгүйтэл үргэлжлэв-
К.Роналду: Би хэлснээ баталлаа
“Евро-2012”-ын шөвгийн наймд учраа таарсан Португал, Чехийн шигшээ багийн тоглолтын дараа дэлхийн супер од К.Роналду “Бид багаараа бүх нөөц бололцоогоо шахаж тоглолоо. Ингэхээс ч өөр арга байгаагүй. Европын аваргын шилдэг дөрөвт үлдэнэ гэдэг хүн бүхний хийж чаддаг зүйл биш. Би тоглолтын өмнө хэлснээ баталлаа” хэмээн ярьжээ.
Үнэхээр Португалын тод од К.Роналду хэлснээ баталж чадсан юм. Тэрбээр, “Энэ удаагийн тоглолтыг би өөрийн багтаа ашигтайгаар эргүүлэх болно.
Португалын ард түмэн надад итгэж, намайг дэмжиж байна. Тиймээс би тэдний итгэлийг хожлоор хариулах болно” гэж мэдэгдсэн юм. Хоёр багийн тоглолт эхлэхэд нээлттэй хөлбөмбөг үзүүлж довтолгоог эрхэмлэж тоглох нь илт харагдаж байсан.
Гэхдээ “бяцхан Моцарт” хочит Росицкий энэ тоглолтод оролцоогүй нь Чехийн тоглолтод багагүй нөлөөлсөн. Довтолгооны гол найруулагчгүй Чех хэд хэдэн боломж гаргасан ч “чулуу” болгож чадаагүй. Харин тэдний өрсөлдөгч Португалаас Луиш Нани, Раул Мейрелэш зэрэг тоглогч үүргээ тун ч сайн гүйцэтгэсэн.
Тоглолтын эхний хагас гоолгүй хуурай өндөрлөсөн бол хоёрдугаар хагасын 79 дэх минутад Жуан Мотьюнигийн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Криш тиан Роналду гоолдсон юм.
Ингэснээр Португал Чехийн шигшээг 1:0 харьцаатай буулган авч шөвгийн дөрөвт үлдсэн билээ. Тэдний дараагийн өрсөлдөгч дэлхий, Европын аварга “Ялагдашгүй Армада” буюу Испанийн баг байх болно.


Францын багийн таагүй уур амьсгал хожигдолд хүргэв

Шөвгийн наймын хоёр дахь учраа “Ялагдашгүй Армада”-чууд Францын эсрэг тоглосон. Тоглолтын өмнөх санал асуулгаар дэлхийн чансааг тэргүүлж яваа Испанийг  хожно гэж 65 хувь нь хариулсан бол 20 хувь нь Францыг, 15 хувь нь тэнцээгээр өндөрлөнө гэжээ.
Испанийн багийн хувьд гарааны 11 тоглогч дотор довтлогч багтаагүй. Харин Францын шигшээ “Реал Мадрид”-ын довтлогч Карим Бенземаг урд шугамд тоглуулсан юм. Үндсэн довтлогчгүй тоглосон испаничууд тоглолтын 19 дэх минутад Шави Алонсогийн гоёмсог мөргөлтийн ачаар тэргүүлж эхэлсэн.
Энэхүү гоолын дамжуулалтын эзэн нь Жорди Альба байлаа. Уг тоглолтын өмнө Францын багийн дотоод уур амьсгал таагүй байдалд байсан тухай спортын хэвлэл мэдээллүүд мэдээлж байсан билээ. Учир нь хэсгийн сүүлийн тоглолтод Шведийн багт 2:0-ийн харьцаатай хожигдсоны дараа Самир Насри багийн дасгалжуулагч Лорен Блан болон бусад тоглогчидтой таагүй харьцаа үүсгэсэн ажээ.
Энэхүү таагүй уур амьсгалыг бий болгосон “Манчестер сити”-гийн хагас хамгаалагч Самир Насри гарааны 11-т багтсангүй. Харин тоглолтын 70 дахь минутад сэлгээгээр орж ирсэн ч багтаа -тус болж чадаагүй. Тоглолтын үндсэн цаг дуусахаас хоёр минутын өмнө “Ялагдашгүй Армада”-гийн залуу довтлогч Педрог Францын хамгаалагч Антонио Ревейр 16-гийн талбайд унагаснаар испаничууд пенальти цохих эрхтэй болсон.
Эхний гоолын эзэн Шави Алонсо 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай болгосноор Испанийн шигшээ баг дөрөвт үлдэх нь тодорхой болсон юм. Тэд шөвгийн дөрөвт К.Роналдугаар ахлуулсан “Европын Бразил”-тай хүч үзнэ.

Тоглолтын дараа Лорен Блан /Францын шигшээ багийн дасгалжуулагч/:

Испани бидний эсрэг хүчтэй тоглолт үзүүллээ
“Хожигдсон баг хэзээ ч баяртай байдаггүй. Энэ удаагийн тэмцээнийг орхиж байгаадаа сэтгэл дундуур байна. Испани бидний эсрэг хүчтэй тоглолт үзүүллээ. Тиймээс тэд хагас шигшээд шалгарах нь зүй ёсны хэрэг. Эхний гоол ороход л бидний байдал хүндэрч байгааг мэдсэн.
Манай залуус хүнд байдлаас гарах гэж хичээсэн ч чадсангүй. Испанийн баг тоглолтын эхнээс үндсэн довтлогчгүй тоглосон нь бидний бэлтгэсэн тактикт сөргөөр нөлөөлсөн. Уг нь бид Ф.Торрисийг довтлогчоор тоглох болов уу гэж бодож тактикаа боловсруулсан. Гэвч бидний хүссэнээр болсонгүй. Ямар ч байсан аяллаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон испаничуудад баяр хүргэе” хэмээжээ.


Грек Германыг хүчирсэнгүй
ОХУ-ын хүчирхэг шигшээг нутаг буцааж чадсан Грекийн баг “Германы машин”-тай шигшээ наймд учраа таарсан ч аргагүй хүчин мөхөсдсөн юм. Учир нь тоглолтын үр дүн 4:2-ын харьцаатай германчуудын талд шийдэгдсэн. Тоглолтын эхнээс санаачлагыг авч тоглосон Германы шигшээ баг эхний хагасын 39 дэх минутад Филип Ламмын гоолоор тэргүүлж эхэлсэн юм.
Улмаар тоглолтын хоёрдугаар хагасын 55 дахь минутад Грекийн багийн довтлогч Иоргос Самарас гоолдож тоог тэнцүүлсэн. Гэвч энэ гоолоос ердөө зургаан минутын дараа “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Самир Хедира гоолдож 2:1-ийн харьцаатай Герман тэргүүлэх болсон.
Грекийн эсрэг шуургалсан довтолгоо өрнүүлж байсан германчуудын хоёр ч довтолгоо амжилттай болсон юм. Энэ нь 68 дахь минутад Клоуз, 74 дэх минутад Ройсын оруулсан гоол байлаа. Хамгаалалтдаа хэт анхаарсан Грекийн шигшээ үлдсэн минутад довтолж тоглосон ч үр дүнд хүрээгүй.
Тоглолт өндөрлөхөөс нэг минутын өмнө Грекийн ахмад тоглогч Салпингидис торгуулийн цохилтоос гоолдож 4:2-ын харьцаатай болгосон. Ингэснээр Германы шигшээ баг шөвгийн дөрөвт үлдэж Италийн шигшээ багтай тоглохоор болж байна.


“Гурван арслан”-чууд пенальтид хэзээ ч азтай байгаагүй
Энэ тоглолтыг дэл хийн өнцөг булан бүрт хөлбөмбөгийн мянга мянган хөгжөөн дэмжигч тэсч ядан хүлээж байсан нь зүйн хэрэг. Тоглолтын өмнө явуулсан санал асуулгад Английн шигшээг хожно гэж 70 хувь, Италийн шигшээг хожно гэж 25 хувь, таван хувь нь тэнцээгээр өндөрлөнө гэжээ.
“Евро-2012” эхлэхээс хойш “Скуадра Аззура” буюу италичууд тун ч барцадтай байсан. Учир нь шигшээ багт дуудагдсан зарим тамирчин “Серье А”-даа тоглолтын үр дүнг наймаалцсан хэргээр шүүхэд дуудагдаад байсан юм. Иймээс буурал тивийн хөгжөөн дэмжигчид, спортын шинжээчид Италийг ийм өндөр амжилт үзүүлнэ гэж бодоогүй. Тэр тусмаа шигшээ наймд “Гурван арслан”-чуудыг хожно гэж төсөөлөөгүй нь мэдээж.
Тоглолтын эхнээс Италийн шигшээ баг санаачлагыг гартаа авч өөрийн хүссэнээрээ тоглосон гэхэд болно. “Скуадра Аззура”-гийн хөгшин бурхи Андрей Пирло үндсэндээ хөлбөмбөгийн эх орон Английн шигшээн залууст хичээл зааж орхисон.
Дэлхийн тавцанд гарч ирсэн цагаасаа хойш хамгаалалт чухалчилж тоглосон Италийн шигшээ энэ удаагийн тэмцээнд довтолгоо чухалчлан тоглож буй.
Энэ нь ч тэдэнд хүссэн үр дүнг нь өгч чадаж байгаа. Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон хамгаалалтын эсрэг тактик боловсруулсан нь том алдаа байлаа. Итали энэ тоглолтод хамгаалах бус довтолж тоглосон. Энэ нь ч англичуудыг багагүй тэвдүүлсэн юм.
Тоглолтын эхний хагаст хоёр баг аль аль нь боломж гаргасан ч “чулуу” болгож чадаагүй. Хоёрдугаар хагаст ч ялгаагүй хаалганы тор хөдлөлгүй байсаар нэмэлт цагт шилжсэн. Улмаар энэ тоглолтын хувь заяа тэнцээгээр өндөрлөж пенальтиас ялагч тодрохоор болсон юм.
Тоглолтын өмнө Английн шигшээн хаалгач Жое Харт “Би пенальтиас үнэндээ эмээхгүй байна. Миний хүссэнээр болдог бол тэнцээд пенальти цохиосой. Тэгвэл би хэн болохоо харуулна” гэж мэдэгдэж байлаа. Гэвч англичууд пенальтид хэзээ ч азтай байж үзээгүй гэдгээ дахин нотолсон.
Ишли Янгийн цохилт хөндлөвч оносон бол Эшли Коулын цохилтыг Жанлужи Буффон хаасан. Улмаар Италийн дөрвөн тоглогч цохилтоо оновчтой болгосноор “Гурван арслан”- чуудыг буулгаж авсан юм. Тэдний дараагийн өрсөлдөгч Германы хүчирхэг шигшээ байх болно.

Тоглолтын дараа Рой Хожсон/Английн шигшээ багийн дасгалжуулагч/:
Бид пенальтиар хэзээ ч хожиж байгаагүй
“Англичуудын хамгийн их эмээдэг зүйл бол пенальти. Учир нь бид дандаа л пенальтиар хожигддог. Гэхдээ энэ удаа биднийг аз дайрах байлгүй гэж үнэн сэтгэлээсээ горьдсон шүү. Гэвч бид хожигдлоо. Хөлбөмбөгийн мянга мянган хөгжөөн дэмжигчид биднийг энэ удаагийн тэмцээнд аваргална гэж итгэж байсан байх.
Тэднийхээ итгэлийг алдсандаа туйлын их харамсч байна. Яг үнэнийг хэлэхэд бүхэл бүтэн 120 минутын турш тоглочихоод пенальтиар хожигдоно гэдэг тийм хүсмээр зүйл биш.
Энэ үр дүнд би үнэхээр сэтгэл хангалуун бус байна. Гэлээ гээд яах билээ. Ямар цаг хугацааг ухрааж болох биш. Юутай ч өнөөдөр Италийн шигшээ биднээс илүү азтай байлаа” хэмээн ярьжээ. Ийнхүү энэ удаагийн буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд гуравхан тоглолт үлдлээ.
иШөвгийн дөрөвт дэлхий, Европын аварга гурван баг /Итали, Испани, Герман/, албан ёсны томоохон тэмцээнд нэг ч удаа түрүүлж байгаагүй Португалын шигшээ баг шалгарсан. Энэ дөрвөн багийн эхний тулаан Португал, Испанийн эсрэг 28-ны 02:45 цагаас болох юм. Харин Герман, Италийн шигшээ багийн тоглолт 29-ний 02:45 цагаас болно.

Т.ЗҮРХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)