Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!
- 5 цаг 21 мин
- Нийтлэл
- 1

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ. Оронд нь сонгон шалгаруулалтаар өөр хүмүүсийг томилох гэнэ. Тус компанийн ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголыг төлөөлдөг. Тэд Оюу толгойн хэлэлцээрт оролцсон. Төслийн талаар маш сайн мэдээлэл, мэдлэгтэй. Хамгийн гол нь тэдний зарим нь татварын актаас эхтэйгээр Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байсан юм. Тодруулбал, Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тэгээд 155 сая ам.долларын зөрчил илрүүлж, акт тавьсан.
“Оюу толгой” ХХК дээрх дүнгээс 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Харин “...Үлдсэн 150 сая ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдсэн. Хоёр тал 2018 оноос хойш хоёр жил орчим хугацаанд татварын дээрх зөрчлийг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзаж яриа хэлэлцээ хийсэн.
Гэвч ойлголцолд хүрч чадаагүй юм. Тиймээс “Оюу толгой” ХХК-иас 2020 онд Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хандсан. Тэр дагуу тус арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан татварын асуудлаар маргаан үүссэн. Энэ хооронд хоёр тал шүүхээс өмнө тохиролцохыг хичээж удуу дараа уулзалтуудыг хийсэн. Гэхдээ тус компани Татварын ерөнхий газраас ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох нэг их наяд 26 тэрбум төгрөгийг 2021 онд Монгол Улсад шилжүүлсэн. Уг мөнгийг Засгийн газрын шийдвэрээр цар тахлын үед иргэн бүрт 300 мянган төгрөг болгож тараачихсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аас “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг баталсан.
Тогтоолын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг эргэн харах, засаж залруулах томоохон ажил Засгийн газар, УИХ-ын өмнө гарч ирсэн. Түүнчлэн өнгөрсөн хавар Засгийн газраас сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Түүндээ “…Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг няцааж байна. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээг байгуулахдаа Монголын улстөрчдийг авлигадсан. Хоёрдугаарт, Оюу толгой төслийг буруу удирдсан” гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Дэлгэрүүлбэл, “...“Оюу толгой” ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойз Хилл Ресурсес Лимитед” компаниуд нь авлигын гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээн дэх авлигын эсрэг заалтыг зөрчсөн. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар хохирол амссан.
Төслийн гэрээнүүдтэй холбоотойгоор тухайн үеийн Засгийн газрын албан тушаалтнуудыг энэ үйлдэлдээ татан оролцуулсан” гээд тэдгээр албан тушаалтны жагсаалтад Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал асан Да.Ганболд, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Газрын дарга асан Б.Бадрал нарыг бичжээ. Түүнээс болоод татварын асуудлаар үүссэн маргааныг шийдэх хугацаа нь хойшлогдсон байдаг.
Одоо тун удахгүй эцэслэн шийдэгдэхээр болоод байна. Гэвч, сүүлийн үед “...Лондон дахь Олон улсын арбитрын шүүх дээр манай Засгийн газар унах нь бараг тодорхой болчихсон байна” гэх яриа чих дэлсэх болсон. Татварын актаас эхтэй арбитрын шүүхийн маргаанд овоо нүүдэл хийж оролцож байсан багийнхан ажлынхаа үр дүнг үзэж чадсангүй ажлаасаа халагдлаа. Үүнээс гадна, Засгийн газар Лондон дахь Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд авч байсан зөвлөх үйлчилгээгээ цуцалсан байна. Учир нь, Засгийн газар Арбитрын шүүхийн журмын дагуу энэхүү арбитрын маргаанд хариуцагчаар оролцохдоо гаднын хуулийн, менежментийн 3-4 компаниас зөвлөх үйлчилгээ авч байжээ. Гэвч, уг үйлчилгээгээ цуцалжээ. Энэ нь Засгийн газрын сөрөг нэхэмжлэл цаашид үр дүнгээ үзтэл явахаа болино. Сөрөг нэхэмжлэлээ татахтай адил юм. Харин, Лондон дахь Олон улсын арбитрын шүүхээс сөрөг нэхэмжлэлээ татах нь манай улс “Рио Тинто”-д бууж өгч байгаатай “өнгө ижил” болох юм. Тиймээс “...Манай хэд “Рио Тинто” компанитай далдуур тохирсон уу” гэсэн хардлага нийгэмд бий болоод байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл (1)
Зочин (202.9.46.61)
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. МОНГОЛ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.