Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна

Энэ онд нийслэлд 

  • 66 га талбайд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, 
  • 18 га талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн тул төвийн зургаан дүүргийн ногоон байгууламжийн мэргэжилтнүүдийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “УБЗАА-аас хэсгийн ахлагчид, сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдад зориулан ургамал, бут, сөөгийг хэрхэн тарих талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. 

Сургалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоос гадна тоон мэдээлэл, судалгааг нэгтгэж, бодлогын газар, хэлтсүүдэд дамжуулах чадвар эзэмшиж байна. 

Хэсгийн ахлагчид өрхүүдтэй хамгийн ойр ажилладаг. Өөрсдийн хариуцсан хэсгийн айлуудын тарьсан модны тоо, хэмжээ, төрөл зүйлийг ангилан бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн сургалтад хамрагдлаа” гэлээ.

ХААИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор профессор П.Ариунсүрэн “Энэ удаагийн сургалт ургамал ургалтын улирал эхэлж буйтай уялдсан, цаг үеэ олсон, өгөөж өндөртэй ажил боллоо. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, эко орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Сургалтын үр дүнд цаашид нийслэлийн ногоон байгууламж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 8-р хэсгийн ахлагч Ж.Бадам “Өмнө нь мод тарьж байсан ч хөрсийг хэрхэн зөв бэлтгэх, бордоог хэрхэн зохистой хэрэглэх, ургамалд шаардлагатай шим тэжээлийг яаж өгөх талаар мэддэггүй байв. Энэ сургалтад хамрагдсанаар хоол хүнсний үлдэгдлийг хүртэл хаялгүй бордоо болгох, ногоон байгууламж байгуулахдаа үрсэлгээ хоорондын зайг хэрхэн зөв тарих зэрэг олон хэрэгтэй мэдлэг, арга олж авлаа. Айл бүр хашаа, орчиндоо мод, цэцэг, ургамал тарихыг уриалж байна гэсэн юм”.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)