А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”

-Хүүхэд насны дурсамж ирээдүйн мэргэжил, амьдралын “залуур” болдог нь олон ч хүний түүхийн эхлэл болдог. Гол нь зорилго, мөрөөдөл,  чин үнэнчээр зүтгэх итгэл бас чадвар түүнийг “нотолж”, олон жил үргэлжлэх эсэхийг “шалгадаг” онцлогтой. Удам дамжсан алба хаагч, урагш тэмүүлэх зорилгын эзэд болсон олон залуус ажиллаж, амжилт, түүхээ бүтээсээр байна. Тиймээс энэ удаагийн nematimes булан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн захирагч, хошууч А.Зоригийг онцлон танилцуулж байна.

-Бахархалт сайхан албатайгаа хүүхэд наснаасаа холбогдсон удам дамжсан алба хаагч.  Миний аав бэлтгэл ахлах ахлагч М.Адилбиш Дархан-Уул аймгийн Гал түймэр унтраах, аврах ангид гал унтраах автомашины жолооч, механик жолоочийн алба хашдаг байсан. Аавыгаа дагаж, ажил дээр нь очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд миний мөрөөдлийг “зурагласан”. Хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэнэ гэсэн итгэл үнэмшил, зорилгынхоо төлөө өдөр бүр хичээж, томилогдсон албан тушаал, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө зориг тэмүүлэл дүүрэн алба хаагчдынхаа хамтаар үүргээ гүйцэтгэж байна. Би гэж байдаггүй бид гэдэг зарчим манай албаны онцлог бас аврах ажиллагааны “түлхүүр”. 

-Миний бие айлын ганц хүүхэд. Дархан-Уул аймгийн уугуул. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  22 дугаар ангид 2010 онд ажлын гараагаа эхлүүлж, 2013 онд тухайн үеийн Хууль сахиулахын их сургуульд суралцан төгссөнөөр офицерын эгнээнд орсон. Сургуулиа төгсөөд Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангид салааны захирагчаар томилогдож байлаа. Улмаар салааны захирагчийн албан тушаалаас техник, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгаалал хариуцсан мэргэжилтэн, гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байгаад 2021 онд нийслэлийн Мэдээлэл Шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын 101,105 хэлтэст Галын шинжээчээр, 2022 оноос Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн захирагчаар томилогдон ажиллаж байна. 

-Ажил, мэргэжлийн ур чадвар, үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч, бусдаас суралцдаг. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулдаг сургалт, дадлага болоод олон улсын сургалтуудад албаа төлөөлөн оролцож байна.  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд 2021-2023 онд  суралцаж,  “Гамшиг судлал” чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Албан тушаал бүр өөр, өөрийн онцлогтой. Тухайлбал, баруун аймаг зам даваа хаагдах, уснаас болон нуранганаас эрэн хайх ажиллагаа зонхилдог бол нийслэл, Дархан-Уул аймгийн хувьд суурьшлын бүс болон хангай нутаг зонхилдог учраас ой, хээрийн гал түймэр, зам тээврийн осол, өндрөөс аврах ажиллагааны дуудлага мэдээллээр үүрэг гүйцэтгэдэг байх жишээний.

-БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Галын аюулаас хамгаалах албыг Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд харьяалуулж Гал түймэртэй тэмцэх алба нэртэй болгосноор Гал команд нь Гал унтраах 22 дугаар анги болж өөрчлөгдсөн.  Улмаар 2017 онд  төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 12 дугаар  багийн шинэ суурьшлын бүсэд I зэрэглэлийн галын депогийн барилга 8 айлын орон сууцын хамтаар баригдсанаар шинэ байртай болж, орчин үеийн шаардлага хангасан барилгад үйл ажиллагаагаа явуулж байна.

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги нь Гал түймэртэй тэмцэх газраас улсын тэргүүний Гал түймэр унтраах анги, салаа шалгаруулах болзолт уралдаанд 1997 онд II байр, 1998 онд дэслэгч Л.Тэгшбаяр захирагчтай III салаа “Монгол улсын тэргүүний салаа” болж байсан түүхэн амжилтыг 2025 онд Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний анги”-аар шалгарсанаар үргэлжлүүлсэн. Манай ангиас 9 хурандаа төрсөн бөгөөд үүнээс 5 хурандаа нь гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхлүүлж байсан бахархам сайхан түүхийн эзэд гэдгээрээ бид үргэлж бахархаж, урамшдаг.

-Онцлон бахархах бас нэг зүйл нь 1998 оны Тэргүүний салааны бүрэлдэхүүнд миний аав, бэлтгэл ахлах ахлагч М.Адилбиш  гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байсан бол 2025 оны “Тэргүүний анги”-ийн шагналыг миний бие Монгол Улсын Шадар сайдаас гардаж авсан ховорхон хувь тохиол. Ангийн түүхэнд төдийгүй манай гэр бүлийн хувьд шинээр нэгэн түүх бичигдсэн сайхан он байлаа.

-Хүн бүрийн хичээл, зүтгэлээс тухайн амжилт бүтдэг. Энгийн жижиг бүх зүйлийн “цуглуулга”, сэтгэл, итгэл, тэмүүлэл, алдаа, дутагдлаасаа суралцдаг зан чанар л хамгийн чухал чадваруудын нэг гэж боддог. Шударга, ойлгомжтой байх нь энгийн юм шиг хэрнээ хэрэгжүүлэхэд бас “хэцүү”. Гэхдээ эмх цэгцийн илэрхийлэл бас харилцааны “хүч” болдог шалгууртай.

-Ерөнхий боловсролын V ангийн сурагч байхаасаа  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Уранчимэг багшийнхаа удирдлагад волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд насанд хүрэгчид, өсвөр, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, медаль хүртэж, 2018 онд волейболын спортын мастер цол хүртсэн. Дархан-Уул аймгийн шигшээ багт чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Сурсан бүхэн эрдэм учраас аймгийн хэмжээнд зохион байгуулдаг бүхий л спортын тэмцээн, уралдаанд хамт олонтойгоо манлайлан оролцож, амжилтаа үргэлжүүлж байна.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамтын амьдардаг. Миний хань Б.Болорцэцэг аймгийн Онцгой байдлын газарт Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг, ахмад цолтой. Оюутан байхдаа танилцаж, ханилаад 12 жил болж байна. Ажлыг минь ойлгож, үргэлж дэмждэг ханьдаа, хүүхдүүдээ, аав, ээждээ хайртай шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. Мөн хамтран зүтгэгч Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийнхандаа болон нийт алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)