“Зөв.мн” сайтын ерөнхий эрхлэгч Г.Долгорсүрэн: ХЭҮК хуулийг гажуудуулан хэрэглэж, хууль зөрчлөө

“Зөв.мн” сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн холбогдох байгууллагад хандаж, улмаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Энэ талаар тус сайтын ерөнхий эрхлэгч Г.Долгорсүрэнтэй ярилцлаа.


-Танай сайттай холбоотой үүсээд буй асуудал нэлээн маргаан дагуулж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Манайх арав дахь жилдээ мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа редакц. Манай сэтгүүлч, тоймч Х.Батсайхан сэтгүүл зүйн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байгаа. Х.Батсайхан сэтгүүлч эх сурвалжаас ирсэн мэдээллийн дагуу 2026 оны нэгдүгээр сарын 29-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүний хийсэн гэрээ, үүнтэй холбогдох аудитын дүгнэлтүүдийг үндэслэн баримттай мэдээлэл нийтэлсэн. Өөрөөр хэлбэл, 450 сая төгрөгийн үнэлгээтэй балгасыг 5.5 тэрбум төгрөгөөр үнэлж, үйлдвэрээ их хэмжээний алдагдалд оруулсан.

Энэ бол өөрийнх нь хувийн үйлдвэр биш, олон нийтийн өмч. Эдгээрийг бүгдийг нь баримтаар нотлон бичсэн. Манайхыг энэхүү мэдээллээ нийтэлсний дараа өөрийн хамаарал бүхий этгээд буюу найздаа хандсан. Тэр хүн нь ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг. Энэ хоёр хүний холбоо хамаарлыг яривал их түүхтэй. Улс төрийн нөлөө бүхий албан тушаалтныг олон жил дагаж, сонгууль болон бусад ажлуудад нь хамт явсан ойрын хүмүүс. Энэ хүндээ хандсан юм билээ. Гэтэл өргөсөн тангарагтай, төрийн жинхэнэ албан хаагч хэрнээ илтэд хууль зөрчиж, бичиг гаргаж өгсөн. Тэрхүү албан бичигт нь "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.11 дахь заалтад зааснаар иргэн Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг нийтэлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 6.27.3 заалтад заасан зөрчлийн шинж агуулагдах боломжтой" гэсэн байдаг. Энэ гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн юм билээ. Түүнчлэн хариуг иргэн Н.Ганхуягт мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр гэдэг хүнд цохож явуулсан юм билээ. Үүнийг яагаад хууль зөрчиж байна гэж үзсэн бэ гэвэл, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд заасны дагуу биометрик мэдээлэл гэдэгт хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, дуу хоолой болон биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний биеийн давхцахгүй өгөгдлийг хэлнэ гэж томьёолсон байдаг. Гэтэл ХЭҮК хуулийг гажуудуулан хэрэглэж, хууль зөрчлөө. Үүндээ ХЭҮК-ын удирдлагууд тайлбар хийх ёстой.

-Танай сэтгүүлчийн баримт нотолгоог үгүйсгэхгүйгээр зөвхөн өөрийнх зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн гэх гомдолд үндэслэсэн гэсэн үг үү?

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сэтгүүлч мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид мэдээлэл цуглуулах, түүнийгээ нийтлэх эрхтэй. Үүнийг ямар нэгэн хуулиар хориглоогүй. Мөн зургандаа гомдоод байгаа хүн нь өөрөө нийтийн албан тушаалтан шүү дээ. Олон улсын гэрээ, конвенцуудад эрх бүхий албан тушаалыг олон нийтийн өмнөөс хашиж байгаа хүн шүүмжлэл хүлээх эрхтэй гэж заасан байдаг. Манайд ч тэр нийтийн албан тушаалтны зургийг нийтлэхийг хориглох талаар хуулийн ямар нэгэн үг, үсэг байхгүй. Мөн цагдаагийн байгууллагаас ХЭҮК-оос ийм гомдол ирсэн гэдгийг бидэнд огт хэлээгүй, танилцуулаагүй. Шийтгэх хуудсыг дөнгөж өчигдөр (уржигдар) аваад, очиж харсан.

Манай сэтгүүлч баримтаа гаргаж, мэдүүлгээ өгөөд ирсэн. Дараа нь энэ асуудлыг шалгаж байгаа цагдаагийн алба хаагч манай ажил дээр ирсэн. Бидний хувьд Монголын төрийн өмчит хамгийн том цементийн үйлдвэр дарга нарын томилгоо, хувийн ашиг сонирхлоос үүдэлтэйгээр дампуурч байна. Үүнээс үүдээд олон нийт хохирч байна гэдэг асуудлыг баримттай хөндөж ирсэн. Энэ хүний талаар анх удаа биш, хоёр жилийн турш бичсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 71 линк үүссэн байна гээд үзүүлсэн. Зургадугаар сарын 3-нд шийтгэх хуудас гарснаас хойш бид тав хоногийн дотор хариу гомдол гаргах эрхтэй. Гэтэл 3-ны өдөр гараад, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс 5-ны өдөр ажлын цаг дуусч байхад “Монгол шуудан”-д өгсөн байсан. Яагаад тэр даруй нь хүргүүлээгүй вэ гэхэд "Бидэнд маш орой өгсөн, амралтын өдөр бид ялгалт хийдэг" гэсэн. Нийтийн албан тушаалтны зургийг нь тавьсан гээд 20 саяар торгуулна гэдэг байж болзошгүй зүйл. Үүнд бид гомдолтой байгаа. Үүнээс ямар логик харагдаж байна гэхээр бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын мэдээлэл бэлддэг. Үүн дээр зураг нь гарсан хүн бүр мэдээлэл нь үнэн байхаас үл хамаараад "Миний зургийг тавьсан байна, зөвшөөрөл аваагүй" гээд ХЭҮК-т гомдол гаргангуут "Энэ зураг хүний биометрик мэдээлэл болох тул эзний зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн байна" гээд 20 сая төгрөгөөр торгох юм шиг байна. Судлаад үзэхэд өмнө нь ийм кейс гарч байгаагүй юм билээ. Харин ийм кейс гарах ганц үндэслэл нь С.Ганзориг, Н.Ганхуяг гэх хүмүүс хувийн харилцаатай.

-Энэ асуудалд ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалаагүй, хуулийг гажуудуулсан хэмээн олон нийт нэлээд шүүмжилсэн харагдаж байна л даа?

-Манай редакц ямар зарчим баримталдаг вэ гэвэл, яг л цаасан дээр буусан тамга тэмдэгтэй, хөдөлшгүй баримтаар мэдээллээ бэлтгэдэг. Магадгүй манай бичсэн мэдээлэлд баримтгүй нэг үг, үсэг байсан бол энэ хоёр хүн хоёулаа хуульч учраас тэр тал дээр гомдол гаргах байсан байх. Харамсалтай нь хүний эрхийг хамгаална гээд тангараг өргөсөн хүн өөрөө хүний эрх зөрчөөд, бусдын эрх зүйн байдлыг дордуулаад, ийм бичиг явуулаад сууж байхаасаа ичих хэрэгтэй. Цаашдаа энэ хүн ХЭҮК-т ажиллах эрхтэй юу гэдэг асуудлыг хүртэл бид хөндье гэж бодож байгаа. Нөгөө талдаа ХЭҮК гэдэг байгууллага иргэдийн мэдэх эрхийг хамгаалж байгаа хэвлэлийн талд дуугарах ёстой байтал эсрэгээрээ хууль зөрчин байж хохироолоо. Энэ үйлдлийг үнэхээр ойлгохгүй байгаа. 2026 оны нэгдүгээр сарын 29-нд энэхүү мэдээлэл манайд нийтлэгдэхэд бичсэн сэтгүүлч рүү, мөн над руу тухайн мэдээллийг устгаад өгөөч ээ гэж удаа дараа ярьсан. Үүнд миний хувьд маш тодорхой байр сууриа илэрхийлдэг.

"Та гомдол санал байвал манай баримтыг баримтаараа үгүйсгэ" гэхэд ямар нэгэн мэдээлэл өгдөггүй. Манай редакц багагүй олон үйл үйл ажиллагаа явуулж байгаа учаас баримтгүй мэдээлэл нийтэлбэл хуулийн ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ маш сайн мэднэ. Гэтэл баримттай мэдээлэл нийтэлсээр байхад улс төрийн хамгаалалттайгаар эрдэж бардан, хүссэн алба тушаалдаа томилогдож байгаа хүмүүс нийлээд санаанд оромгүй зүйл хийсэн. Ийм зүйл байдаг ч гэж мэдээгүй. Анх хараад асар их гайхсан. Үгсэн хуувилдаж хохироосон асуудалд манай редакц ийм өндөр үнийн дүнг төлөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Энэ бол шударга бус үйл явдал. "Төрийн мөнгө уйлдаггүй" гэгчээр улайм цайм гарын үсгээр асар өндөр үнийн дүнтэй хууль бус гэрээнүүд байгуулаад явж байгаа хурган дарга нараа шалгахгүй хэрнээ үүнийг нь бичсэн хэвлэл мэдээллийг шалгадаг. Баримтыг нь гаргаж өгсөөр байхад эсрэг талд шийдвэр гаргаж манайхыг торгосонд цагдаагийн байгууллагад асар гомдолтой байна. Одоогийн байдлаар ХЭҮК-оос дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн гэсэн мэдээлэл өгч байна.

Ц.Мөнхбаатар: "Зөв. мн"-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй

МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатараас дээрх асуудлын хүрээнд тодрууллаа.


-Үүсээд буй асуудлыг хэрхэн анзаарч байна вэ. Холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг хуулийн дагуу ажиллаагүй гэсэн асуудал нэлээд хөндөгдөж байна л даа?

-Монгол Улс бол ардчилсан улс. Ардчилсан улс оронд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь холбогдох хуулиар баталгаажсан байдаг. Хэвлэн нийтлэх ажиллагаанд саад учруулахыг хуулиар хориглосон заалт хүртэл бий. Гэтэл өчигдөр (уржигдар) "тэнэгдүү" ч гэж хэлж болмоор асуудал гарлаа. Ер нь сэтгүүлч ямар нэгэн байдлаар нийтийн албан тушаалтантай холбоотой хууль бус байж болох мэдээллийг хардаж, сэрэмжлүүлж бичих нь байх зүйл. Энэ бол ардчилсан улс орон, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг. Ямар ч хэвлэл нийтийн албан тушаалтантай холбоотой аудитын дүгнэлт, шилэн дансны зүй бус зарцуулалт зэрэг мэдээллийг олж аваад өөрийнх нь зургийг нийтийн сүлжээнээс аваад нийтэлдэг.

Гэтэл ингэж аваад нийтэлтэл "Зөв.мн"-нд гомдол гаргажээ. Сэтгүүлч бид бичих нь нээлттэй байдаг шиг нөгөө талд нийтийн албан тушаалтны гомдох эрх нь нээлттэй. Үүнийг холбогдох байгууллагууд шалгах нь зүйн хэрэг. Ингэхдээ өөрийгөө хууль бус зүйл хийгээгүй, хуулийн дагуу байсан гэдгээ л хэлэх ёстой. Тэр гомдлыг нийтийн албан тушаалтан няцааж чадахгүй бол үнэн нь сэтгүүлчийн талд байна гэсэн үг. Харамсалтай нь энэ кейс дээр мэдээллийг нягтлаагүй гэсэн зүйл яригдсан. Ямар нэгэн асуудалд сэтгүүлч, редакц өөрөө хариуцлага хүлээх учраас мэдээллээ заавал нягталдаг. Түүнчлэн тухайн албан тушаалтан өөрийнх нь зураг биометрик мэдээлэлд хамаарах тул зөвшөөрөлгүй нийтэлсэн хэмээн гомдол гаргасан. Биометрик гэдэг нь хувийн эмзэг мэдээлэл гэсэн үг. Гэтэл тухайн хүний олон нийтийн сүлжээнд нээлттэй байсан мэдээлэл эмзэг мэдээлэлд тооцогдохгүй. Хүний биометрик мэдээлэл нь "Зөв.мн" сайтад ч тэр, бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ч тэр шаардлагагүй. Мэдээллээ тодорхой болгохын тулд зургийг нь тавьдаг. ХЭҮК-оос цагдаагийн газар луу гомдол шилжүүлэхдээ "Зөрчлийн хуулийн шинжийг агуулсан байх боломжтой" хэмээн чиглүүлэг маягаар шилжүүлсэн байсан. Хүний эрхийг хамгаалдаг байгууллага өөрөө хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасанд туйлын харамсалтай байна. Энэ асуудлыг ямар нэг байдлаар албан бичиг болгоод, торгоход дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, "Зөв. мн"-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй.

-Энэ асуудлын цаашдын үр дагавар нь юу байх бол?

-Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих, айлгаж сүрдүүлж буйн нэг хэлбэр. Нийтийн албан тушаалтны хийсэн ажил үүргийг нь шүүмжилж бичсэн болохоос биш, бусад эмзэг мэдээллийг нь задлаагүй шүү дээ. Энэ асуудалд холбогдуулан МСНЭ-ээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-т шаардлага хүргүүлсэн. Цаашдаа ямар ч шатанд ийм зүйлийг огт гаргуулж болохгүй гэдэг байр суурьтай байна.

Г.БАЛГАРМАА

С.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

https://dnn.mn/article/6a283869b3cebf4702d1b906

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)