Оросын ард түмэн үеийн үед зовох тавилантай гэж үү?
- 2 цаг 12 мин
- Нийтлэл
- 0

“Хүүхдүүдийг англи хэл сурахыг албадах хэрэггүй. Харин Калашниковын автомат бууг судалж, сурч (буудаж сурах гэсэн утга мөн биз?) аваг. Тэгвэл удахгүй дэлхий даяар орос хэлээр ярина.” (Не надо заставлять детей учить английский. Пускай лучше изучают автомат Калашникова. И тогда скоро весь мир заговорит по-русски) гэж Оросын нэрт улс төрч, үзэл сурталч, Либерал Ардчилсан Намын дарга, Оросын Төрийн Дум (Улсын Их Хурал)-ын гишүүн В.Жириновский агсан хэлсэн юм. Би гүжирдээгүй. Доорхи эх сурвалжуудыг олж үзээрэй.
Путин гол дайсан Немцовыг хэрхэн замаасаа зайлуулсан тухай өмнөх нийтлэлдээ бичсэн билээ. Түүнийг нухчихаад Путин Украины дайнд өмнөхөөсөө илүү эрчимтэйгээр дараагийн шатанд бэлтгэж эхэлжээ.
Маша минь, хэзээ нэгэн цагт дайн болох нь болно. Тэр үед чи хар талх идэх цаг ирнэ. Энэ дэлхийг барууны баян орнуудаас аврахын тулд зовох цаг ирнэ. Тийм учраас чи ямагт “дайнд бэлэн” байх ёстой...
Хар талх идэж хатуу водка уухаас өөргүй болох цаг ирнэ, Вовка минь. Терпый козак, Атаманом будешь ...
Люба минь, дайн болно. Хайрт залуу чинь амь үрэгдэх магадлал маш өндөр. Чи фронтоос ирдэг “Гунигийн гурвалжин-фронтовой треугольник” захиаг мэднэ биз дээ. Тийм цаг ирнэ. Түүнд эртнээс бэлэн бай...
Зоригт Зояа минь. Дайн болно. Хэзээ ч магадгүй. Бэлэн байгаарай. Чи сувилагч болж олон сайхан цэрэг эрсийг аврах сэтгэл зүйн бэлтгэлээ одооноос хийх хэрэгтэй…
«Три танкиста, три весёлых друга. экипаж машины боевой!» Танкчин болцгоо, зоригт хөвгүүд ээ. Дайнд бэлэн бай...
“Фронтын “дурлалд” бэлэн бай”, Таня охин минь, Темка хүү минь...Дайн хэзээ нэгэн цагт болохоо л болно...
Бид ирээдүйн дайндаа одоо ч бэлэн байх ёстой, бэлдэж ч байна...
Алх хадуурт улаан тугтай аугаа их СССР бидэнд байсан. Түүнийг минь баян Америк, Англи, Европ тэргүүтнүүд устгасан. Гэвч түүнийг дахин сэргээж манай аугаа их Орос гүрэн мандан бадрах нигууртай. Үүний тулд эхлээд тэр муу Украиныг Молдавтай нь нэг мөр, дараа нь тэр муу Балтын гурав-Латви, Литва,Эстони, тэгээд тэр муу Кавказын гурав-Азербайжан, Грузин, Армян, эцэст нь тэр муу Дундат Азийн таван улс-Казакстан, Узбекстан, Киргизстан, Туркменстан, Тажикстаныг буцаан хураах хэрэгтэй байна. Дараагийн бүр том алхам нь тэр муу Монгол, Польш мэтийн хуучин манай холбоотон байсан 10-аад орныг хураана. Тэгээд алсдаа энэ дэлхийг эзэлнэ. “Русский Мир” Мөн үү? Чи түүнд бэлэн байх ёстой. Энэ бол “Орос цэрэг” чиний эх орныхоо төлөө зүтгэх аугаа их хувь тавилан...
“Хүүхдүүдийг англи хэл сурахыг албадах хэрэггүй. Харин Калашниковын автомат бууг судалж, сурч (буудаж сурах гэсэн утга мөн биз?) аваг. Тэгвэл удахгүй дэлхий даяар орос хэлээр ярина.” (Не надо заставлять детей учить английский. Пускай лучше изучают автомат Калашникова. И тогда скоро весь мир заговорит по-русски) гэж Оросын нэрт улс төрч, үзэл сурталч, Либерал Ардчилсан Намын дарга, Оросын Төрийн Дум (Улсын Их Хурал)-ын гишүүн В.Жириновский агсан хэлсэн юм. Би гүжирдээгүй. Доорхи эх сурвалжуудыг олж үзээрэй.
Либерал Ардчилсан Намын албан ёсны сайт 2023 оны “Жириновскийн онч үгс” гэсэн эмхэтгэлдээ нийтэлсэн байна. Мөн Российская газета 2022 онд Жириновскийн “15 тод хэллэг” гэж “мандуулаад” copy-past. Онигоо шиг сонсогдох боловч үнэн хэрэгтээ Жириновскийн хэлсэн бодит үг шүү.
Ингэж үр хүүхдүүдээ хар багаас нь, массаар нь, төрийн тодорхой бодлогоор, тасралтгүй системтэй дайнд бэлддэг, дайнч сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлдэг Орос болон Лалынханаас өөр улс үндэстэн байна уу? Би бээр, түрэмгийлэн эзлэх дайны тухайд хэлж байна. Эх орноо хамгаалах “Патриотист” үзэл бол огт өөр асуудал. Тэр бол даян дэлхийн улс орон бүрт байдаг, зайлшгүй үзэгдэл юм.
Лалынхан бол “Жихадын дайн”-наар айлгаж хойч үеэ хар бага залуугаас нь, диваажинд очих тухай үлгэрээр болон элдэв шашны тайлбараар хууран мэхлэх замаар дайнд бэлддэг. Эхчүүдийг үр хүүхдүүд, түүний дотор “Жихадын Баатар” эр төрүүлэхийг бүхий л арга замаар, ятгах, ухуулах, сурталчилах бас шахаж шаардах замаар хөөрөгдөн дэмждэг гэдгийг бүгд л мэднэ.
Оросууд Лалынхнаас арай илүү Европын соёлд гэгээрсэн гэсэндээ диваажинд очих тухай маанаг үлгэр арай ч ярихгүй. Харин “Империализмын аюул” гээчээр айлгаж хойч үеэ хар бага залуугаас нь, “Патриотизм” гэдэг, сонсголонтой “Эх оронч үзэл” гэдэг сайхан тайлбараар хууран мэхлэх замаар бэлддэг. Гэхдээ тэрнийг нь харин Европын соөд арай дөхүүгээрээ Оросууд мэдэхтэйгээ.
Эхчүүдийг үр хүүхдүүд олноор нь төрүүлэхийг, түүний дотор “Патриотист-Эх орноо хамгаалагч цэрэг” эрсийг төрүүлэхийг мөн л бүхий л арга замаар, ятгах, ухуулах, сурталчилах замаар хөөрөгдөн дэмждэг гэдгийг бүгд л мэднэ. Арай л Лалынхан шиг шахаж шаарддаггүй байх. Гэхдээ, цагаа болоход бас асуултын тэмдэгтэй. “Мангас” Жуков энэ талаар хэрхэн хандаж байсан тухай дараагийн нийтлэлд тусад нь бичиж байгаа. Орос ба лалынхан мөн ч төстөй. За, бараг адилхан. Өөр нэг том асуудлаар хэлбэр нь өөр ч агуулга нь ялгаагүй.
Оросууд нь Октябрийн цуст хувьсгалын бэлэгдэл болон цусан улаан тугаар бүх дэлхийг бүрхэхийг хүсэж “Русский Мир”-ээ тогтоохыг мөрөөддөг бол Лалынхан “Коран” судрын үзэл санааны дор нэгдсэн Лалын шашны бэлэгдэл болон ногоон тугаар энэ хорвоог бүрхэхийг хүсэж “Исламын Ертөнц”-ээ тогтоохыг хүсдэг нь хэн хүнд илэрхий. Түүнийгээ ч нуудаггүй. Лондон дахь Исламын нэгэн Мечетийн хамба лам “100 жилийн дараа Лондонгийн Вестминстрийн орой дээр Лалын ногоон туг мандах цаг ирнэ” гэж мэдэгдэж л байсан юм даа. Цаашаа бол юу боддог нь ойлгомжтой л доо.
Оросын Үнэн алдартны шашны хар лам Патриарх Крилл бээр 2022 онд Оросын Зэвсэгт хүчний сүмд үг хэлэхдээ залуу орос эрчүүд цэрэгт явж, амь насаа эрсдэлд оруулахыг “жинхэнэ гавьяа” хэмээн тодорхойлсон. Тэрээр цэргийн тангараг өргөсөн хүн эх орноо хамгаалахдаа “амиа үл хайрлахад” бэлэн байх ёстой гэж хэлсэн. Путин дайчилгаа зарласны дараа Кирилл цэргийн үүргээ биелүүлээд амь үрэгдсэн хүний золиослол нь “түүний бүх нүглийг угаана” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Нөгөө шоронгийнхныг шордож хэлсэн үг л дээ.
Оросын иргэн залуусыг эзлэн түрэмгийлэх дайнд явж амиа өргөхийг уриалж байгаа хараад эд нар Лалынханаас ялгаагүй л юм байна даа гэж надад бодогдож байсан. Эзлэн түрэмгийлэх дайныг “Эх орноо хамгаалах дайн” гээд хэнэг ч үгүй хэлж байдаг шүү. Би гүжирдээгүй ээ. Баримт нь YouTube-байж л байна.
Орос гүрэн “Патриотизм” гэдэг эх оронч сайхан уриан дор түрэмгий дайнаа явуулдгийг бид Украины эсрэг тэдний үйлдэж буй дайнаас одоо ч харж байна. Путин дайнаа шатлан өргөжүүлэхээр нэгэнт шийджээ. Оросын ард түмний зовлон нь багадсан баймааргүй л юм. “Оросууд зовлон даадаг” гэж нэг хачин үг бий. Зовж л байх ёстой ч юм шиг.
Зовлонг тэвчихийг эх оронч үүрэг болгож, дайнд үхэхийг баатарлаг гавьяа болгон сурталчилдаг нийгэмд энгийн хүний амьдрал ямар үнэтэй үлдэх вэ?
(Үргэлжлэл бий)
Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.08.23

Сэтгэгдэл (0)