Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ
- Өчигдөр 14 цаг 59 мин
- Нийтлэл
- 0

Ардчилсан намын акц идэвхжсэн сүүлийн өдрүүдэд нэг зүйл анзаарагдсан нь тэд маань хөөрхий тэр бүрдээ үргэлж фэйлддэг болжээ. Хэвлэлийн хурал, үйл явдал дээрээ хэвлэлийнхэнд “жатгадуулдаг” юм байна, эсвэл мэдээнийх нь хойноос үг, үзэл бодол, илэрхийллийг нь блюрдэх /баллах/ ажиллагаа дагалддаг юм байна. Намын дарга нь захын сэтгүүлчид загнуулчихдаг юм байна гэх мэт. Хэвлэл мэдээллийн зах зээл дээрх улс төрийн худалдан авалттай хэн ч өрсөлдөж чадахгүй болсон өнөө үед мөнгө хуваарилах эрх мэдлийг атгаж байгаа МАН-тай байнгын мацгийн горимтой амьдарч буй АН яаж үзэлцэх вэ дээ?! Өлөн цагаан бөөс гэдэг шиг хоосон ходоод нь хүртэл нэвт гэрэлтэж буй амьтныг MRI зураггүй элбэгхээн уншаад, оношлоод, мадлаад тавьчихаа цаадуул нь мэдэлгүй дээ.
Эрх мэдлийн эсрэг иргэдийнхээ хоточ банхар нь болж явсан хараат бус чөлөөт хэвлэл маань улаан халзтай гэрийн үүдний манаач болчихоо шахаж яваа хэдий ч тэр дунд тостой тогоонд ходоодоо холбочихоогүй нь байж л байгаа. Өчигдөрхөн Өдрийн сонины Хашаа маань Ардчилсан нам, ардчилсан үзлийн төлөө дуугардаг тавхан сэтгүүлч үлдсэн хэмээн хоржоонтойгоор шогширсон харагдана лээ. Ядаж л тавхан хүнийг олж тойглоод, олон нийтэд хүргэх ойлголтоо чиглүүлчихэж чадахгүй Ардчилсан нам, олон нийттэй харилцах алба байгаад яахав дээ. Хоол гуйхгүй ч ходоодны мухартаа үнэт зүйл, үзэл санаа, үүх түүхийг нь гадарлах сэтгүүлчдийн нэг нь би. Сэтгүүлчдийн эвлэлийн сонгуулийн үеэр намайг Ардчилсан нам дэмжиж байгаа гэдэг яриа айхтар газар авсныг сонссоор би өөрөө бараг итгэх шахсан тул энэ яриа үнэн, худлыг үл мэдэх тусмаа Лхагваа дүүг нэг өдөр над руу залгаж дэмжлэг хүсээд хуучин зурагдсан пянз шиг хөг аялгууг минь сэргээх юм биш биз гэх хүлээлт тээж яваагаа ч тэмтэрч мэдэв. Ардчилсан намын нөхдөд хайртайдаа бус, үзэл санаа, үнэт зүйлийг нь дэмждэг байсан гал цог маань тэдгээр юмстай хамт үнс нурам болсныг мэдэх ч МАН гээч ганц намын эрх мэдлийн цалам нь томрохын хэрээр “төрийг идэж” буйг нь харахаар өлсгөлөнгөөсөө болоод өөрөө өөрийгөө идэж дуусгаж байгаа АН-ыг өрөвдөх юм.
Ардчилсан нам 2028 оны сонгуульд нэр дэвшихийг горилж байгаа гишүүдээсээ тухайн аймаг сум, дүүрэгт нь намаас зохион байгуулах аливаа үйл ажиллагааны санхүүжилтийг гаргуулах, хэрэв тийм санхүүжилт гаргаж чадахгүй бол “нэр дэвшихээс татгалзаж байна” гэсэн гарын үсэгтэй бичиг авч байхаар Улс төрийн зөвлөлөөрөө шийдвэрлэснийг олж сонсоод үүнийг бичиж буй юм.
УИХ-ын сонгууль хүртэл хэчнээн арга хэмжээнд хэдэн саяын зардал гаргах нь тодорхойгүй санхүүжилтийн энэ схем нэр дэвшихийг горилогчдоо сонгуулиас өмнө шувтарч дуусгах юм байна. Нам, намд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг нэр бүхий хэдхэн компанид хүнээ байршуулах боломжийг ил цагаан олгож байгаа энэ схем Ардчилсан намын анхан, дунд шатанд олон жилийн хөдөлмөр зүтгэл, цаг хугацаагаа зориулж, итгэл үнэмшил, үзэл бодлоороо өөрийнх нь төлөө төлөвшсөн жирийн гишүүдээ шахаж гаргах шалтаг болох нь ээ. Төрийн эрхийг авлаа гэхэд бодлого боловсруулах уураг тархи, хүний нөөцгүй болж яваа Ардчилсан нам нэр дэвших эрхээ мөнгөний хүчин зүйлтэй уячихаж байгаа юм бол хэн мөнгөтэй нь дурын тойргоо, жагсаалтын дурын дугаараа худалдан авна гэсэн үг. Хэнд өнөөдөр мөнгө байгаа билээ?! Төсвийг, төрийн өмчит компаниудын орлогыг захиран зарцуулах эрхийг эзэмшиж байгаа МАН-д л өнөөдөр мөнгө байгаа. Зүгээр энгийн логикоор харахад УИХ-д орох тасалбарыг АН хэмээх билетийн кассаар зарж эхэллээ гэсэн үг. Билетийн касс гэхээр ticket.mn хавьцаа сонсогдож байгаа бол арай томруулаад арилжаанд оролцогчид нь тодорхой нээлттэй бирж гэе. Арилжаанд оролцогчид нь МАН, тэгээд төрийг лоббидож төсвийн мөнгөөр эргэлтийн хөрөнгөө хийдэг хэдэн компани, хэдэн гэр бүлийн непо бэби нар байх биз. Хэрэв үзэл санаа, үнэт зүйл гэж байдаг бол үнэнч гишүүдээ зоосны нүхээр шахаж гаргачихаад хаана тэр өвөө тээж хадгалах юм бол доо?! Эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө нээлттэй байлаа ч тэрхүү нэгдлийг бий болгох үзэл санаа, үнэт зүйл, түүнийг хамгаалах итгэл үнэмшил, эр зориг нь л улс төрийн намыг бий болгодог. Түүнээс мөнгө биш. Мөнгө нэгдлийг бий болгодог хэлбэр бий. Гэхдээ тэрийг бизнес гэж хэлдэг.
Би дотор нь байж үзээгүй ч Ардчилсан намд хүнийг татдаг, хүнээ хайрладаг чанар байдаггүй санагддаг. Харин Ардын намас анзаарагддаг нэг чанар нь хүнийг татаж, тэвэрч чаддаг. Зөвийг ч хийсэн, бурууг ч хийсэн сүрэглэдэг, түүнийхээ туган дор нэгнээ түлхэж зоригжуулж чаддаг. Эвлэлдэн нэгдэхийн мөн чанар үүндээ ч байдаг байх гэмээр. Эрх барьж буй намын хувьд МАН мөнгөтэй, дэмжлэгтэй байгаа нь үнэн ч тэдний соёл нь сайнаар ч, муугаар ч олонхийн тойрог үүсгэж чаддаг. Хэвлэлийнхэнтэй тэд л илүү ойлголцдог. Тролл армийг ч тэд л бүтээдэг. Ардчилсан намд дутаж буй, магадгүй хэзээ бий болохгүй зүйл нь энэ л байх. Хар л даа, зөвлөхүүд нь, туслахууд нь бүгд тус тусдаа өөр, өөрийн улс төрийн пиараа хийж байгааг. Хэн нь ч нэгнээ дэмжихгүйгээр. Одоо бол намаа дотроос нь идэж амьдрахаар шийдсэн мэт харагдаж байна.
Өлсгөлөнгийн горимд ямар ч амьд бие организм өөрөө дотроосоо эд, эсээ идэж эхэлдэг биологийн зүй тогтол болох автофаг гэх үзэгдлийг нээж задлан тайлбарласан Японы эрдэмтэд уг бүтээлээрээ Нобелийн шагнал авч байв. Ардчилал муу, буруу зүйл биш гэдэгт итгэсээр байгаа олон мянган хүний өмнөөс Ардчилсан нам ардчиллыг чирээд унаж байгаад л харамсах юм. Бас хэлбэр дээрээ олон намтай атлаа нэр, зүсээ хувиргасан нэг л том намтай болох вий гэдгээс болгоомжилж байгаа учраас л тэдний хэрэгт хошуу дүрэв. Түүнээс тэдэнтэй нэр нэгтэй болох гэсэн юм огтоос үгүй билээ л...
Нийтлэлч З. Боргилмаа


Сэтгэгдэл (0)