Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
- 1 цаг 0 мин
- Нийгэм
- 0

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Багш нарын төлөө хамтдаа” ахмад багш нарын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг онцлов.
Засгийн газар “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилт хэрэгжүүлж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласныг хэллээ. Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар. Засгийн газар байгуулагдсан даруйдаа боловсролын салбарын цалингийн тогтолцооны зөрүүтэй байдлыг арилгаж, 2026 оны тавдугаар сарын 1-нээс багш болон боловсролын байгууллагын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр 91 мянга гаруй багш, ажилтан цалингийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж, нэмэгдсэн цалингаасаа нийгмийн баталгаа, тэтгэврийн тооцооллоо хийлгэх нөхцөл бүрдсэн. УИХ-аар хэлэлцэж буй 2026 оны улсын төсвийн тодотголд багш, боловсролын салбарын 91 мянга гаруй ажилтны цалингийн нэмэгдлийн 674 тэрбум төгрөгийг бүрэн баталгаажуулахаар тусгаад буйг тэмдэглэлээ.

Мөн 2026 оны улсын төсвийн тодотголоор ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 434 мянган ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор төлөвлөсөн. Түүнчлэн 2027 оны улсын төсөвт багшийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болон орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад үзүүлэх дэмжлэгийн хөрөнгийг нэмэгдүүлэн тусгаад байгааг Ерөнхий сайд танилцууллаа.
Ерөнхий сайдын мэдээлснээр ирэх онд төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин дахин 10 хувиар нэмэгдэх бөгөөд боловсролын салбарын төсөв энэ оныхоос 55 хувиар өсөхөөр тооцжээ. Боловсролын салбарын хувьсах зардлын санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсөв нь 7.4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Засгийн газар багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн “Багшийн гурван тулгуурт бодлого” хэрэгжүүлж байна. Энэ оны эхний хагаст 64 мянга гаруй багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Мөн багшийн мэргэжлээр суралцаж буй 2150 оюутанд 15.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна. 2027 онд боловсролын салбарт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Боловсролын салбар, багш нараа дэмжих нь хүний хөгжлийн хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэдгийг тэмдэглээд Оюутолгойн ногдол ашгийн үр өгөөжийг боловсролын салбарт түлхүү зориулна. Тухайлбал, зургаан бүс тус бүрд дэлхийн хаана ч гэрчилгээ нь хүлээн зөвшөөрөддөг Кембрижийн хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль, 500 ортой дотуур байр, эрүүл, ухаалаг, ногоон 100 сургууль, Гүүглийн 100 мянган компьютер хүүхдүүдэд олгохоор төлөвлөөд байна гэв.
“Монголчууд ном эрдмээрээ, мэдлэг боловсролоороо оюунаа зэвсэглэн дэлхийн тавцанд өрсөлдөнө. Энэ их үйл хэрэгт Монголын багш нар гол үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг Ерөнхий сайд хэлээд багшийнхөдөлмөрийг төр засаг үргэлж дэмжиж ажиллах болно гэлээ.




Сэтгэгдэл (0)