Баавгай ихэссэн нь самартай түй ч холбоогүй
- 4 цаг 41 мин
- Топ сэдэв
- 0

Байгаль орчны сэдвээр “бурдаг” Оросын хоёр блогер ярьж байна аа. “Энэ жил Сибирьт хушны самар сагсайтал ургалаа. Гэтэл хүрэн баавгайнууд яагаад суурин газар луу бууж ирээд оршин суугчдыг тэвдүүлээд байна аа” гэсэн асуултанд нөгөөх нь оршин тогтож болмоор хариулт хэлж байх юм. “Юуны өмнө хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад баавгай агнах ашиггүй болсон. Үнэтэй зөвшөөрөл худалдаж аваад баахан тос шатахуун, сум, цаг хугацаа үрэн байж агнасан баавгайнаас цөс, арьс гээд өөр ашиг олох юм гарахаа больчихсон. Тэгээд ч сүүлийн дөрвөн жил энэ баавгайг чинь агнадаг байсан буриад, якут, саха залуус дайнд явчихаад анчдын хомсдол үүсчихээд байна шүү дээ. Баавгай гэдэг араатанг хүн л агнахгүй бол өөр барж устгадаг амьтан үгүй, жилдээ хоёр, гурван бамбарууш гаргадаг амьтан чинь дороо өснө биз дээ. Тэгээд байгалийн жамаар чадалтай нь чадал муутайгаа хавчаад эзэмшил газар нь хомсдоод ирхээр тэд задгай газар луу бууж эхэлж байгаа юм. Түүнээс биш Сибирийн ой хэзээ хушийн самраар тасарч байсан юм. Ойгоор тэнэх хүн цөөрөөд ойн түймэр ч гэлээ татарсан нь тэдний өсөлтөд нөлөөлж байна” гэж ярьлаа.
За энэ хоёр ч яахав, хүссэнээрээ ярьж хүмүүсийг өөртөө татах гээд худал, үнэнийг зоргоороо бурж байж болно. Тэгвэл бодит мэдээлэлтэй газрын сонин хачинг дуулгая.
Оросын баавгай, Монголын баавгай гэх ангилал байхгүй ээ гэдгийг эхлээд онцолье. Бас баавгай гадаад паспорт ашигладаггүй тул хилээр нааш цааш чөлөөтэй тэнэдэг амьтан шүү. Хойд хөршид баавгайн тоо толгой олширсон бол хил залгаа манайх руу орж ирж л таараа. Энэ зун Оросын нутагт нийтдээ 23 хүн баавгайд бариулж амиа алджээ. Увс нутгийн дээхнэ байгаа Красноярск мужид хамгийн олон буюу долоон хүн амиа алдсан байх юм. Тэнд уг нь 9000 баавгай амьдрах боломжтой гэж тооцдог ч гэлээ сүүлийн тооллогоор 32000 болж өссөн гэж байна. Эрхүү муж буюу Сэлэнгийн дээхнээ бас л адилхан. Энэ зун гурван хүн амиа алдаж, 150 удаа хүний холбоогүй эзэмшил газар луу халдсан, тоо толгой нь нугарч өссөн мэдээлэлтэй.
Якутэд ноднин жил 500 баавгай агнах лицэнци өгсөн ч гэлээ 144-ийг л худалдаж авсан гэсэн баримт явна лээ. Эсвэл баавгай агнах ашиггүй, эс бөгөөс нөгөө агнадаг товааришууд өөр тийшээ явчихаж дээ.
Баавгайн махыг намар агнаад идэшинд хэрэглэх бас асуудал дагуулдаг юм байна. Намар баавгай ичээндээ орхын өмнө өөх хуримтлуулах гэж янз бүрийн хаягдал сэг, хогоор хооллодог агаад тэр нь удаан шингэдэг тул өвчин тараах нянтай байх магадлал өндөр байдаг гэх. Тэгээд хашир туршлагатай анчид ихэвчлэн ичээнд нь байхад эсвээс хавар дөнгөж ичээнээсээ гарах үед л агнах дуртай юм билээ.
Ер нь тэнэмэл золбин баавгайн ганц манайд ч биш Оросод ч гэлээ асуудал болоод байгаагийн нэг жишээ нь тэд энэ жилээс эхлэн баавгайн арьсыг улс худалдаж авах журам гарсантай холбоод ойлгож болох юм. Буриадад 15 мянган рублиар нэг арьс авна гэж тогтоосон нь бусад мужуудтай харьцуулвал дундаж үнэ л байх шиг. Монголд одоохондоо гамшиг учраагүй л байгаа. Гэхдээ заавал хүлээх хэрэгтэй юм уу. Эртхэн шиг тэр хуулиа түр царцаагаад аюул заналхийлсэн үед хашгираад, агаарт гурав буудаад, онцгойн утас руу залгаад дараа нь гэлтгүй шууд л туушиндмаар байх юм.
Д.Бат-Эрдэнэ
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)