АНУ, Европт хэт халуун үргэлжилж байна

Азийн зарим оронд нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Азийн зарим оронд нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Харин Америкийн 20 гаруй мужид сүүлийн хагас зуунд тохиогоогүй аймшигт халуун, ган гачиг нүүрлээд буйг дэлхийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.
Эдгээр бүс нутагт сүүлийн хэдэн долоо хоногийн турш бороо ороогүй ба агаарын температур 35 хэмээс буухгүй байгаа аж. Гангийн аюулаас болж ургац хураах боломжгүй болжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар, хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ундны усны хомсдолд орж, болзошгүй гэнэ. Хэт халуунд Европын оршин суугчид ч нэрвэгдээд байгаа аж.
Испани, Италид ойн түймэр байнга шахам дэгдэх болсон. Афинд л гэхэд энэ долоо хоногийн эхнээс эхлэн агаарын хэм 40-өөс буурахгүй байгаа гэнэ. Тиймээс жуулчдыг татдаг Акрополийг хаасан байна. “Өдрийн ид халуунд термометр нэмэх 43-ыг зааж байгаа.
Грекийн хувьд энэ жил арай дэндүү халж байна” хэмээн оршин суугчид онцолж байгаа аж. Гадаадад аялж, амрах боломжтой хэсэг нь хэт халуунаас дайжин бусад орныг зорих нь элбэгшжээ.
Грекийн нийслэлийг зорьсон жуулчид ч жинхэнэ хямралд өртөөд байна. Учир нь эртний үнэт өв, дурсгалт газрууд хэт халуунаас болж хаалгаа барьжээ.
“Хэрвээ ийм халуун болно гэдгийг жуулчид мэдэж байсан бол Грекийг зорихгүй байсан болов уу. Нэгэнтээ төлөвлөгөө гаргаад хугацаандаа ирсэн жуулчдын хувьд хүндрэлтэй байна. Бид Афины гайхамшгийг үзэхээр Австралиас ирсэн боловч гол газрууд хаалттай байгаа нь харамсалтай байлаа” гэж Австралийн жуулчин ярьжээ.
Эрх мэдэлтнүүд жуулчдыг татдаг чухал газруудыг хаасан шалтгаанаа ард олны аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа аж. Өдөрт багаар бодоход 10 хүн наранд цохиулж, халуунд хямарсан шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахад хүргэжээ.
Европын орнуудад ойрын өдрүүдэд ч халуун буурахгүйг цаг уурчид мэдээлж байна. Испанийн Тенериф арлын оршин суугчид ч хэт халууны гамшигт нэрвэгдээд байгаа аж.
Тус бүс нутагт ойн түймэр тасрахгүй байгаагийн улмаас оршин суугчдыг аюулгүй бүс рүү шилжүүлж эхэлжээ. Аялал жуулчлалын гайхамшигт арал болох Италийн Сардинид ч иймэрхүү дүр зурагтай байна. Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд орон нутгийн яаралтай тусламжийнхан ойн түймэртэй тэмцээд дийлэхгүй байгаа ажээ.
Ойн түймрийн голомт амралт сувиллын үзэсгэлэнт арал СанТеодорт хүрсэн бөгөөд 1000 орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Аврагчид нисдэг тэрэг, агаарын төхөөрөмж ашиглан оршин суугчдад болон гал унтрааж буй албаныханд яаралтай тусламж үзүүлсээр байгаа аж. Гэвч хуурай салхитай халуун агаар аврагчдыг хүчин мөхөстүүлж буй тухай эх сурвалжууд онцолж байна.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)