Хун тоолох ёслол цуцлагдлаа
- 2012-07-18
- Дэлхий
- 0
Жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногт Лондон хотын Темза
голын эрэг дээр хун тоолох, титэмлэх ёслолын арга хэмжээ болдог.

Найман зууны түүхтэй энэхүү эртний ёслол анх удаа энэ жил борооны улмаас цуцлагдаж байна. Их Британийн төв хэсгээр сүүлийн хоёр сарын турш үргэлжилж буй борооны улмаас Темза голын усны түвшин эрс нэмэгдэж ёслолын ажиллагааг аюулгүй зохион байгуулах аргагүйд хүрсэн байна.
Уг ёслолд сургуулийн сурагчид хэдэн зуугаараа оролцдог. Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд ийм шийдвэр гаргахад хүрсэн байна. Хааны хун сүргийг хамгаалагч Дэвид Барберийн онцолсноор, анх удаа ийм зүйл тохиолдож буй боловч онцгой аюул дагуулахгүй юм байна.
Ойрын үед цаг агаар сайжирсан ч уг арга хэмжээг нөхөн зохион байгуулахгүй, дараа жил харин ёслолыг хугацаандаа үйлдэх гэнэ. Үер усны гамшигт хунгууд ч өртөж байгааг хун хамгаалагч онцолжээ. Учир нь усны түвшин ихэссэнээс үүр нь эвдэрч, олон хос хун үр удмаа үлдээх боломжгүй болж байгаа гэнэ.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)