Виталий Кличко: Улстөрч болоход спорт тусалдаг

Украины алдарт тамирчин, Дэлхийн боксын холбооны аварга Виталий Кличко спортын карьераа дуусгаж улстөрд 100 хувь хүчин зүтгэхээр төлөвлөжээ. Тэр бээр дараагийн тулааныхаа төлөвлөгөөг гар гахаар Москвад ирээд байгаа юм. Кличко энэ удаад 2010 оноос хойш эзэмшиж буй титмээ хамгаалах найм дахь удаагийн тулаанд оролцоно. Тэрбээр Оросын рингэнд олны танил бус, Германы залуухан боксчинтой анх удаа тулалдах юм. Виталий Кличко спортын төдийгүй улстөрийн салбарт ч амжилттай яваа нэгэн. Тэрбээр Украины улстөрийн “Цохилт” намын удирдагч.
Украины алдарт тамирчин, Дэлхийн боксын холбооны аварга Виталий Кличко спортын карьераа дуусгаж улстөрд 100 хувь хүчин зүтгэхээр төлөвлөжээ. Тэр бээр дараагийн тулааныхаа төлөвлөгөөг гар гахаар Москвад ирээд байгаа юм. Кличко энэ удаад 2010 оноос хойш эзэмшиж буй титмээ хамгаалах найм дахь удаагийн тулаанд оролцоно. Тэрбээр Оросын рингэнд олны танил бус, Германы залуухан боксчинтой анх удаа тулалдах юм. Виталий Кличко спортын төдийгүй улстөрийн салбарт ч амжилттай яваа нэгэн. Тэрбээр Украины улстөрийн “Цохилт” намын удирдагч.

-Таны хувьд тулаан бүрт сонирхолтой тоглолт үзүүлэх, ялалт хоёрын аль нь чухал вэ? -Хоёулаа чухал. -Тэгэхээр аль нэгийг нь чухалчлах боломжгүй юм байна?

-Сонирхолтой тоглолт, ялалт хоёр бол нэгдмэл зүйл. Автомашинд мотор, дугуй хоёрын аль нь чухал вэ гэдгээс ялгаагүй асуулт байна. Ямар нэг үзүүлбэргүй тулаан уйтгартай болно. Тиймээс тамирчин хүн ялалтын өмнө ямар үзүүлбэр үзүүлж дэмжигчдээ баярлуулахаа бодсон байдаг. Үзүүлбэр бүр сонирхолтой, гоёмсог, үзэгчдийг догдлуулсан, жүжиглэлттэй ч гэсэн төрөлхийн мэт амьд байх ёстой. Хүн бүр сэтгэлийн хөөрөлдөө тулгуурлаж амьдардаг. Тиймдээ ч тулааны талбарт сэтгэлийн хөөрлийн оргил үе буцалж байдаг юм. Бид /ах Владимирыг хэлж байна/ хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээдэг торгон мэдрэмжийг хөдөлгөж, хөөргөх үзүүлбэрийг үзүүлж чаддаг. Ер нь чадварлаг үзүүлбэр бол спортын бүрэлдэхүүн хэсэг нь.

-Спортод олон жил хүчин зүтгэж байгаа нууцаасаа дэлгээч. Их авьяас уу эс бөгөөс хүнд хөдөлмөр үү?


-Чухам аль нь болохыг тайлбарлахад хэцүү. Бүх зүйл өөрийн гарт байдаг гэдэг шүү дээ. Бүр найман жилийн өмнө би “Одоо бүхнийг дуусгая, хангалттай” гэж бодож байсан. Спортын амжилтаа дуусгая гэж шийдвэрлэсэн тэр үед би хар бүстэй байлаа. Гэвч удалгүй бодлоо өөрчилж спортоо үргэлжлүүлсэн нь зөв шийдвэр байсныг харж байгаа биз дээ.

-Та спорт төдийгүй улстөрд ч хүч үздэг. Хоёр өөр салбарын ажлаа яаж амжуулж байна вэ. Хоёр ширээнд нэг биеийг хувааж болдоггүй гэдэг?

-Улстөрч болоход спорт тусалдаг. Би ямар ажил эрхэлж буйгаасаа үл хамааран спортоор хичээллэсээр байх болно. Өглөөний 07.00 цагт бялдаржуулах төвд, 09.00 цаг гэхэд ажлын байрандаа бэлэн байдаг. Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг дээ. Харин хоёр ширээнд нэг биеийг хуваах боломжгүй гэдэгтэй чинь санал нийлж байна. Гэхдээ үүрэг хариуцлага, ажлаа ухамсарлаж мэддэг, чаддаг хамт олонтой хүнээс их зүйл шалтгаална. Спортын хамт олон маань салбартаа гаршсан мэргэжлийн хүмүүс. Улстөрд ч ийм менежмент шаардлагатай. Гэхдээ нэг сумаар хоёр туулай буудах боломжгүй гэдэгтэй санал нийлж байгаа шүү.

-Тэгвэл дараагийн ажлаа төлөвлөчихсөн гэсэн үг үү?

-Тийм ээ. Спортын амжилтаа дуусгаад улстөрд бүхнээ зориулна. Өнөөдрийн байдлаар улстөр миний амьдралын 90 хувийг эзэлж байна. Спортоо орхисны дараа 100 хувь болох байх. -Таны амьдралын уриа юу вэ? -Боломжгүй зүйл гэж байдаггүй. Энэ миний амьдралын уриа.

-Багаасаа ийм уриатай байсан уу. Эсвэл бокс тоглодог болоод олсон уриа юу?

-Амьдралын явцад мэдэрсэн уриа.

-Сүүлчийн асуултад “Боксын ачаар би...” гэсэн өгүүлбэрийг маань үргэлжлүүлээч?

-Бокс надад ертөнцийн үүдийг нээж өгсөн. Дэлхийн олон оронд айлчилж улстөр, шоу бизнес, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн нөлөө бүхий олон хүнтэй танилцаж, нөхөрлөх боломж олгосон. Спорт миний амьдралыг амьд, хурц, сонирхолтой болгосон гэж боддог. Мөн спорт өөрөө олон чиглэлд далдын хүчээр нөлөөлдөг гайхалтай салбар. Гэхдээ энэ хүчийг мэдрэхийн тулд их мөрөөдөж, ихийг хийх ёстой. Мөрөөдлөө бодит болтол нь зүтгэх хэрэгтэй гэсэн үг.
Жаахан хөвгүүн байхдаа өрөөнийхөө ханаа Арнольд Шварценеггер, Сильвстор Сталлоне хоёрын зурагт хуудсаар дүүргэдэг байлаа. Тухайн үед би тэр хоёртой хэзээ нэг цагт танилцахыг мөрөөддөг байсан юм. Гэхдээ би хэзээ нэг цагт Арнольд Шварценеггер, Сильвстор Сталлоне хоёр миний тоглолтыг хамгийн эхний эгнээнд сууж үзээд, дараа нь надад баяр хүргэнэ гэж мөрөөдөх нь бүү хэл төсөөлж ч байгаагүй. Харин бид одоо найзууд болсон. Тэгэхээр “Боломжгүй зүйл гэж үгүй” л байхгүй байгаа биз.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)