Мөнгөө хэмнээд өөрчлөлтийг хүлээгээрэй

Олон улсын зурхайчид ээлжит чуулганаараа “Манай ертөнцөд аугаа их өөрчлөлт айсуй” гэсэн нэгдмэл дүгнэлтэд хүрчээ. Тэгэхээр хүн төрөлхтөн энэ их өөрчлөлтөд хэрхэн бэлтгэх вэ? Энэ талаар зурхайчдын нэгдсэн чуулганы оролцогч Ирина Антонян mk.ru сайтад ярилцлага өгснийг толилуулж байна.
Олон улсын зурхайчид ээлжит чуулганаараа “Манай ертөнцөд аугаа их өөрчлөлт айсуй” гэсэн нэгдмэл дүгнэлтэд хүрчээ. Тэгэхээр хүн төрөлхтөн энэ их өөрчлөлтөд хэрхэн бэлтгэх вэ? Энэ талаар зурхайчдын нэгдсэн чуулганы оролцогч Ирина Антонян mk.ru сайтад ярилцлага өгснийг толилуулж байна.

-Олон улсын зурхайчдын их хурал гэж юу болох, яагаад зурхайчдын “Оскар” хэмээн нэрлэгддэгээс яриагаа эхэлье?

-”United Astrology Conference” буюу зурхайчдын нэгдсэн чуулган 1990 оноос уламжлал болон зохиогдох болсон. Дэлхийн өнцөг бүрээс шилдэг зурхайчид оролцдог. Чуулган дөрвөн жилд нэг удаа зохиогддог. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үетэй ойролцоо болж таардаг. Тиймдээ ч зурхайчид үндсэн чуулганаасаа гадна дараагийн Ерөнхийлөгч хэн болох талд хурцадмал маргаан үүсгэх нь ч бий. Гэхдээ энэ жил тийм маргаан гарсангүй. Тэд Ерөнхийлөгч Обамаг америкчууд дахин сонгоно гэдэгт санал нэгдсэн.

 -Энэ удаагийн чуулганаар ямар нэг түгшүүрт мэдээлэл, дохио яригдав уу. 2012 онд дэлхий сүйрнэ гэх мэт зүйлс их яригдсан?

-Тийм асуудал яригдаагүй. Тэр ч байтугай чуулганы дараах нэгэн үдэшлэг “Ертөнцийн төгсгөл өөрчлөгдлөө” гэсэн уриатай байлаа. Мэдээж, ертөнцийн төгсгөл болохгүй. Ер нь энэ талаархи өнгөрсөн олон шуугианы үед өөрийгөө хүндэлдэг нэг ч зурхайч “2012 онд ертөнц сүйрнэ” гэж яриагүй. Харин мэргэжлийн зурхайчид бидний амьдарч буй энэ үеийг хүн төрөлхтөний түүхийн хамгийн онцгой, чухал үе хэмээн тодорхойлж байна. Тухайлбал, нэрт зурхайч Рэймонд Мэрриман 2015 он хүртэл үргэлжлэх томоохон хямрал 2008 онд эхлэх бөгөөд үр дагавар нь 2020 хүртэл үргэлжилнэ гэсэн урьдчилсан мэдээг анх гаргаж байсан. Тэрбээр, энэ тухай 1994 онд бичсэн. Гэтэл тухайн үед энэ тухай “а” гэх нь байтугай юм мэдэхгүй байсан Нуриэл Рубинийг өнөөдөр аугаа санхүүч гэх болж. Иймэрхүү зүйлс ч тэнгэр огторгуйд тод зурайж харагддаг. Тухайлбал, чухал ордын эхлэл үед Улаан нүд, Далай ван, Дэлхий ван гэсэн гурван хүнд гараг нөлөөлөхийг Мэрриман онцгой цэг гэж нэрлээд байгаа. Шинэ эрин эхлэх үед Улаан нүд, Далай ван, Дэлхий ван гурван гаригийг нээчихсэн байсан. Улаан нүдэн гаригийн нээлт цахилгаан эрчим хүчний нээлттэй давхцаж байгаа бол Дэлхий вангийн нээлт бидэнд цөмийн эрчим хүч, дэлхийн дайн гэх мэт олон хүнд асуудал дагуулсан. Эдгээр гариг бидний мэдэх ертөнцийг үүсгэсэн. Одоо эдгээр гариг чухал ордын эхлэл үед оршиж байна. Бид яагаад чухал өөрчлөлт гэж яриад байдаг вэ? Энэ нь дэлхий ертөнцийн онцгой өөрчлөлттэй харилцан хамааралтай тохиолдож байдаг зүйл. Дэлхийн газар зүйн зураг, иргэний эрх, олон улсын эрх бүгд өөрчлөгдөж байна. Бид хүссэн ч, эс хүссэн ч дээд тэнгэрээс нөлөөтэй өөрчлөлтийг мэдрэх болно.

-Эдгээр үйл явцыг энгийн хүний төвшинд яривал нэн түрүүнд дайны асуудал яригдах болов уу?


-Одоо Улаан нүдэн гариг гол байр суурьтай байгаа. Уг гариг ер бусын гэсэн тодотголтой. Тиймээс ямар ч зүйлд бэлэн бай гэсэн үг. Энэтхэгийн зурхай судлалын томоохон сургуулийн үндэслэгч, доктор Катамража Нараяна Рао энэ талаар ярьж байсан. Түүнийхээр дэлхийн бус бүс нутгийн дайн болох нь тодорхой гэсэн. Тэр ч байтугай түүний зөгнөн тооцоолсноор Израиль Ирантай дайтаж, ялалт байгуулснаар улам хүчирхэгжинэ. Мөн Пакистан гэдэг улс үгүй болно.

-Оросын тухайд ямар урьдчилсан мэдээ байна?

-Алс Дорнодын байдлыг нэлээд асуудалтайгаар харж байна гэсэн. Учир нь тэнд хүн ам цөөн, нутаг дэвсгэр өргөн. Тиймээс газар нутагт санаархсан олны зүгээс ирэх дарамт багагүй байх нь.

-Дэлхийн олон оронд нүүрлээд буй байгалийн гамшгийн тухайд та бүхэн юу гэж зөвлөлдөв?

-Дэлхий даяараа гэнэтийн гамшгийн хохирлыг амсана. Дээд гаригуудын нөлөөлөл нэлээд таагүй зүйлс дагуулахаар байгаа. Улаан нүдэн гаригийн нөлөөлөл цахилгаан эрчим хүчтэй холбоотой сүйрэл дагуулна. Тухайлбал, Японы Фукушимад гарсан цөмийн эрчим хүчний станцын дэлбэрэлтийн үед Улаан нүдэн гариг хонины орд дээр байрлаж байсан. Далай вангийн нөлөөлөл нэг талаас усны аюул нөгөө талаас төрөл бүрийн халдварт өвчин, шинэ төрлийн нян үүсэх зэрэг муу нөлөөтэй. Харин Дэлхий вангийн нөлөөлөл газар хөдлөлттэй холбоотой.

-Хаана, хэзээ, юу болохыг хүн төрөлхтөн урьдчилан мэдэхийг хүссээр ирсэн...

-Зурхайчид “ямар ч үед муу зүйл болоход бэлэн бай” гэж байнга хэлдгийнхээ төлөө байнга буруушаагддаг. Гэхдээ зурхай судлал бол тодорхой зүйлсийг төгс тооцоолох чадвартай. Тухайлбал, Зөвлөлт засгийн үед Августина Филипповна Семенко гэж гайхалтай зурхайч эмэгтэй байсан. Тухайн үед түүний мэдрэмж, чадварыг төв хорооноос үнэлэн зурхай судлалын лиценз хүртэл олгосон. Туполевийн нисэхийнхэн түүнтэй хамтарч ажилладаг байлаа. Тэнгэр огторгуйн эрхсийн нөлөөллийг гойд тооцоолдог түүний ачаар онгоцны осол бараг гарахаа больсон гэдэг. Зурхайн ухаанаар болзошгүй зүйлсийн урьдчилсан мэдээг тодорхой өгөх бүрэн боломжтой.

-Тэгвэл дараагийн чуулган гэхэд бүх зүйл сайхан байгаасай л гэж найдахаас?

-2016 он гэхэд нэлээд төвөгтэй асуудлууд ард хоцорсон байх болно. Хамгийн хүнд нөлөөллийг ирэх гурван жилийн туршид Улаан нүдэн гариг Дэлхий ван уруу долоон удаа өнцөгдөх үед мэдэрнэ. Өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр эхний өнцөгдөлт тохиолдсон. Үр дагаврууд нь ямар байгааг харж байгаа биз дээ? Энд тэндгүй үерийн гамшиг, ган гачиг, түймэр гэх мэт. Цаашид иймэрхүү гамшиг улам их нүүрлэнэ. Ийм хүнд үед хүмүүс оюун санааны өндөр бэлтгэлтэй байх нь зүйтэй. Гадаад ертөнцөд хэт их анхааралгүй дотоод ертөнцдөө илүү анхаар гэж зөвлөе дөө.

Ц.МӨНХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)