Өнгөрсний сүүдэр доорхи Египетийн хувьсгал

   60 жилийн тэртээ Египетийн түүхэнд шинэ эринийг нээсэн нэгэн үйл явдал болсон нь Ойрхи Дорнодын ирээдүйн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн юм. 1952 оны зургадугаар сарын 23- нд залуухан офицерууд Каирт цэргийн эргэлт хийсэн. Энэ нь Египетийн хаан Фарукийг буулган, Эзэнт гүрнийг үгүй хийхэд хүргэсэн төрийн эргэлт байсан билээ.
   60 жилийн тэртээ Египетийн түүхэнд шинэ эринийг нээсэн нэгэн үйл явдал болсон нь Ойрхи Дорнодын ирээдүйн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн юм. 1952 оны зургадугаар сарын 23- нд залуухан офицерууд Каирт цэргийн эргэлт хийсэн. Энэ нь Египетийн хаан Фарукийг буулган, Эзэнт гүрнийг үгүй хийхэд хүргэсэн төрийн эргэлт байсан билээ.
Египет, Суданы эзэнт гүрний дэглэмийг түүхчдийн дийлэнх нь “ялзарсан” хэмээн тодорхойлдог. Яамдынхаа кабинетыг бээлий шигээ сольдог байсан нэр муутай Фарук хааны эрх мэдэл эрт орой хэзээ нэгэн цагт үгүй болох нь тодорхой байсан.
Эзэнт гүрний сүүлийн балмад үйлдэл нь Израилын эсрэг бусад арабын орнуудтай нэгдэж хийсэн амжилтгүй дайн байлаа. 1948 оны арванхоёрдугаар сарын 22-нд Египетийн армийн эсрэг хариу байлдааны ажиллагаа эхэлсэн юм.
Израильчууд сөргөлдөгчдийнхөө Гаазын зурвас дахь үндсэн хүчний бүлэглэлийнхнийг таслан зогсоолоо. Египетийн бусад цэрэг ухрахаас өөр аргагүйд хүрэв. Дайн Арабын нэгдсэн орнуудыг бут цохисноор дуусгавар болсон юм. Египетэд Фарукийн эрх мэдэлд эгдүүцэгчид олширсоор.
Энэхүү ялагдлын гол хариуцлага удирдлагын дэглэм дээр тохогджээ. Үнэхээр ч цэргийн хүчнээ удирдах, хуваарилах арга нь ямар ч зохион байгуулалтгүй байсны улмаас шийдвэрлэх агшинд дайчид ямар ч сумгүй болсон байж. 1940-өөд оны эхэн үед хэсэг офицер хамтран нууц нийгэмлэг байгуулан ойрын хугацаанд цэргийн эргэлт хийхээр бэлдэж эхлэв.
Тусгаар тогтнолын дайн дуусмагц “Чөлөөт офицерууд” нийгэмлэгийг Гамаль Абдель Насер удирдаж эхэллээ. Олонд танигдаагүй залуухан офицер 5-10 жилийн дараа Ойрхи Дорнодын нөлөө бүхий лидер болох тавилантайг тухайн үед хэн ч таамаглаагүй нь лавтай.
Шуудангийн салбарт ажилладаг жирийн гэр бүлээс гаралтай Гамаль хүүхэд ахуйдаа үе тэнгийнхнээсээ ялгарах юмгүй энгийн нэгэн байж. Тэр ч атугай нэлээд дотогшоогоо даруухан нэгэн байсныг түүхчид онцолсон байдаг. Гамаль Насерийн бага нас ярвигтай орчинд өнгөрсөн гэж болно.
Эцэг эх нь байнга шилжин суурьшдаг байсан тул янз бүрийн сургууль дамжин суралцах нь Насерт таагүй байдаг байж. Хожим Насер цэргийн карьерт татагдаж эхэлсэн нь түүний ирээдүйн хувь заяаг тодорхойлсон юм. Босогчид Египетэд хувьсгал хийхээр тооцоолсон өдрөө хөдөлж чадсан бөгөөд ямар ч сөргөлдөөнгүй болсон гэдэг.
Каир дахь засаг захиргааны барилгыг булаан эзлэх үед л цэргийн хоёр албан хаагч амь эрсэджээ. Засгийн эрх хувьсгалт командлагчдын гарт шилжсэн тухай радиогоор зарлаж эхэллээ. Мөн чанартаа энэ нь хувьсгалын далбаан доорхи цэргийн эргэлт байсан юм.
Египетэд өрнөж буй энэ өөрчлөлтөд ЗСБНХУ ч, барууныхан ч онцгой ач холбогдол өгсөнгүй. Учир нь тухайн үед иймэрхүү цэргийн эргэлт Африкт байнга хийгддэг байв. Фарук хааныг хөөн явуулсны дараа Египетийн хувьсгалчид үндэсний нэгдэлд нягтаршиж эхэллээ. 1953 оны нэгдүгээр сар гэхэд улстөрийн бүх намыг тараан тэдний өмч, баялгийг улсын өмчид хураав. Ард түмний хүсэл сонирхлын цор ганц илэрхийлэл нь хувьсгалт захиргааны зөвлөл боллоо.
1952-1953 оны эхэн үеийн үйл явдлуудад Гамаль Абдел Насер голлон оролцож байсан ч олны хараанд төдийлөн өртөхгүй л байв. Улсын удирдагчын үүргийг Их Британитай хамтын ажиллагаагаа хамгаалахын төлөө тууштай тэмцсэн генерал Мухаммед Нагиб гүйцэтгэж байлаа.
Офицеруудын дийлэнх нь колончлолын үүргийг ямар нэг байдлаар хадгалахын эсрэг байсан тул Нагибын талд цөөнх байсан юм. 1954 онд Абдел Гамальд генерал Нагибыг засгийн эрхээс холдуулж , хувьсгалт захиргааны зөвлөлийн удирдлагын үүргээр дээш гарах боломжтой болжээ.
Ийнхүү 1956 онд улсын Ерөнхийлөгчөөр Насер сонгогдох нь урьдаас шийдвэрлэгдсэн байна. Гамаль Насерийн гүйцэтгэсэн гавьяат үйлсийн нэг бол Суэцийн сувгийг үндэстнийх болгосон явдал юм. Европын ноёрхлын эсрэг египетчүүд зоримог тэмцэл өрнүүлэх болсон нь Их Британи, Францын дургүйг хүргэж эхлэв. Аугаа гүрнүүд тэр даруйдаа /1956 онд/ Израилын дэмжлэгтэйгээр Египетийн эсрэг дайн эхлүүллээ.
Гэхдээ ЗСБНХУ болон АНУ-ын египетчүүдийг өмөөрсөн хайцаалалтын ачаар франц, германчууд дайны алхмаас ухралт хийсэн юм. Энэ үеэс Египет Ойрхи Дорнодын хувьд чухал байр эзлэх болж Насер ч Арабын нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Түүгээр зогсохгүй Египетийн Ерөнхийлөгч Сири,Египетийг нэгдсэн улс болгож чадсан юм.
Хагас зууны өмнө хавчигдаж байсан “Ах дүү лалынхан” 2011 оны Египетийн хувьсгалд чухал үүрэгтэйгээр гарч ирсэн. Өнөөдөр дэлхий дахин эзэнт гүрний удирдлагад цэг тавьж, хувьсгалын дараахь шинэ Египетийг бий болгосон хуучин торгон цэргүүд хэрхэн халаагаа өгдгийг ажиглаж байна.
Египетийн шинэ Ерөнхийлөгчөөр “Ах дүү лалынхан”-ы төлөөлөгч Мухаммед Мурси сонгогдсон ч гэлээ тус улсын байдал урьдын адил учир битүүлэг байна. Түүний өрсөлдөгч, либералчуудын хүчийг нэгтгэгч Ахмед Шафик өнгөрсөн сонгуульд 48 хувийн санал авсан.
Сонгуулийн дүнг зарласны дараа Ахмедийн талын хэдэн арван мянган жагсагч Каирын гудамжинд жагсаал хийсэн. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч Мухаммед Мурси улстөрийн хүчнүүдийг эвлэрүүлэн нэгтгэж чадах эсэхийг дэлхий дахин харах л үлдлээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)