Их Британийн тэнгэр дор Монгол тамирчдыг их амжилт хүлээж байна

Цэнхэр гаригийн таван тэрбум хүн олимпийн нээлт үзжээ
Будант Альбионы нийс лэл Лондон хотноо зуны XXX олимпийн нээлт өнгөрөгч баасан гаригийн шөнө манай цагаар 04.00 цагт эхэлсэн билээ. Энэхүү сүрлэг арга хэмжээний ерөнхий найруулагчаар английн нэрт найруулагч, “Оскар”-ын шагналт Дэнни Бойл ажилласан юм. Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл олимпийн нээлтийг цэнхэр гаригийн өнцөг булан бүрт таван тэрбум хүн шууд хүлээн авч үзсэн албан бус тоо гарчээ.

Цэнхэр гаригийн таван тэрбум хүн олимпийн нээлт үзжээ
Будант Альбионы нийс лэл Лондон хотноо зуны XXX олимпийн нээлт өнгөрөгч баасан гаригийн шөнө манай цагаар 04.00 цагт эхэлсэн билээ. Энэхүү сүрлэг арга хэмжээний ерөнхий найруулагчаар английн нэрт найруулагч, “Оскар”-ын шагналт Дэнни Бойл ажилласан юм. Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл олимпийн нээлтийг цэнхэр гаригийн өнцөг булан бүрт таван тэрбум хүн шууд хүлээн авч үзсэн албан бус тоо гарчээ.
Их Британийн олимпийн нээлтэд зориулан босгосон “Эксел” цэнгэлдэхэд 68 мянган спортын хорхойтон, орон орны төрийн тэргүүн, албаны хүмүүс цугларсан байв. Их Британийн түүхэн хуудсыг урлагийн тоглолтоор үзүүлсэн найруулагчийн шийдэл өмнөх олимпуудаас онцгой байсныг дурдалгүй өнгөрч болохгүй.
Энэхүү нэр хүндтэй наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах эрх авсан Их Британийн Олимпийн үндэсний хорооныхон энэ удаагийн олимпийн нээлтэд 27 сая ам.доллар зарцуулсан нь 2008 оны Бээжингийн олимпийн нээлтээс даруй гурав дахин бага төсөв гэсэн үг юм.
Ийнхүү Их Британийн арлуудын түүхийг үзүүлсэн урлагийн тоглолтын төгсгөлд дэлхийн цахим сүлжээний хаан “www” /World Wide Web/ хэмээх гурван үгийг бүтээгч Тим Бернерс Ли гарч ирсэн нь жинхэнэ гэнэтийн бэлэг байлаа. Үүний дараа Английн Ливерпүүл хотын бахархал “Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартни “Жүүд” дуугаараа урлагийн тоглолтыг өндөрлүүлсэн.
Сонирхуулахад, энэ удаагийн олимпийн нээлтэд английн бүхий л алдартнууд тодорхой хэмжээний үүрэгтэй оролцсон юм. Английн алдарт жүжигчин Робин Аткинсон буюу Мистер Бен өөрт оногдсон таван минутад үзэгчдийг багагүй баясгасан билээ.
Мөн үзэгчдийн суудалд Холливудын алдарт хос Брэд Пит, Анжелино Жоли, жүжигчин Деми Мур, дуучин Жастин Бейбер, Селена Гомез, Жастин Тимбейрлек зэрэг одод сууж харагдсан. Ийнхүү “Эксел” цэнгэлдэхэд олимпод оролцох 206 улсын баг тамирчид жагссаар орж ирсэн юм.
Манай багийн тугчаар Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од томилогдсон билээ. Тэрбээр үндэсний хувцастай, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсаар “Эксел” цэнгэлдэхэд баг тамирчдаа манлайлан орж ирэхэд элэг нэгт түмэн минь өөрийн эрхгүй омогшсон бизээ.
Цэнхэр гаригийн 206 улс нэгэн дээвэр дор нэгдэж дуусахад 206 галт бамбар ээлж дараалан асч нэгэн цул болсноор олимпийн галт бамбар бадамласан юм.


Медалийн салхийг БНХАУ-ын тамирчин хагалав

XXX олимпийн наадмын анхны алтан медалийн эзнээр БНХАУ-ын буудлагын спортын тамирчин И Силинг тодорсон. Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн тэрбээр урьдчилсан дасгалд 399, шигшээ буудлагад 103.9 оноо авч нийлбэр дүнгээр 502.9 оноогоор тэргүүлсэн юм.
Харин мөнгөн медалийг Польшийн тамирчин Силвия Богачка 502.2 оноогоор хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Юү Дань 501.5 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ.
XXX олимпийн наадмын анхны алтан медаль хүртсэн тамирчиндаа БНХАУ-ын удирдлага 50 мянган юанийн мөнгөн шагналаар урамшуулах болсноо албан ёсоор зарласан аж.
Мөн жүдо бөхийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр эхэлсэн юм. Эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодорсон.
Энэ хоёр жинд манай улсаас Д.Төмөрхүлэг, Б.Уранцэцэг нар зодоглосон билээ. Д.Төмөрхүлэгийн хувьд эхний тойрогтоо Бразилийн бөхөд ялагдсанаар Лондоны олимпийн наадмаа өндөрлүүлсэн бол М.Уранцэцэг эхний тойрогтоо Казахстаны бөхийг базари үнэлгээгээр ялж хоёрдугаар тойрогтоо Румины тамирчин, олимпийн аваргатай учраа таарсан. Тус барилдаанд манай тамирчин коко үнэлгээгээр ялж яваад цаг дуусахад 16 секунд дутуу байхад Румины тамирчин туршлага зааж манай тамирчнаас коко үнэлгээ авч оноог тэнцүүлсэн.
Улмаар “алтан оноо”-гоор ялагч тодрохоор болж нэмэлт цаг сунгасан юм. Нэмэлт цагийн төгсгөлийн мөчид Румины тамирчин манай бөхийг цэвэр ялснаар Б.Уранцэцэг дагах барилдаан хийхээр болсон. Дагах барилдаанд Аргентины бөхтэй учраа таарсан ч цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аваргын төлөө ОХУ-ын жүдоч Арсен Галстян Японы Хироаки Хираокаг 40 секундэд цэвэр ялж итгэл төгс олимпийн аварга болов.
Харин Бээжингийн олимпийн хүрэл медальт Собиров Францын Софиан Милутай хүрлийн төлөө барилдаж ялснаар олимпийн хошой хүрэл медальтан болсон юм. Мөн Бразилийн Фелипе Китадай Италийн Элио Вердег ялж хоёр дахь хүрэл медалийн эзэн болжээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Бразилийн Сара Менезес шигшээ барилдаанд олимпийн аварга, Румыны Алина Дюмитруг ялж аваргалсан бол хүрэл медалийг Унгарын Эва Щерновицки, Бельгийн Чарлин ван Сник нар хүртсэн аж.

Хятадын бахархал 16 настай
Энэ удаагийн олимпийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин, 16 настай И Ши Вень дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, олимпийн аварга боллоо.
Тэрбээр, шигшээ уралдаанд 4.28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Харин мөнгө, хүрэл медалийг дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Элизабет Бейзел, БНХАУ-ын тамирчин Ли Суан Сү нар хүртсэн байна.
16 настай охиноо дэлхийн дээд амжилт тогтоосны дараа И Ши Венийн аав “Манай охин найман настайгаасаа л усан спорт сонирхон хичээллэж эхэлсэн. Эхэндээ би дургүйцдэг байлаа. Гэхдээ тэр уйгагүй хичээллэсээр байсан. Сүүлдээ би ч хориглож чадахаа больсон.
Харин түүний уйгагүй хөдөлмөр, хичээнгүй зан манай гэр бүлийн бахархал болоод зогсохгүй, Хятадын ард түмний бахархал боллоо шүү дээ. Миний охин дөнгөж 16-хан настай” хэмээн ярьжээ.

“Олимпийн хотхон”-ы сонин хачнаас
Өмнөх олимпийн наадмуудын нэгэн адил “Лондон-2012” наадмаар дэлхийн өнцөг булан бүрээс очсон шилдэг тамирчид шинэ рекорд тогтоох торгон агшнуудыг дэлхий нийтээр амьсгал даран хүлээж байна.
XXX олимпийн наадам эхлэхийн өмнө наадмын зохион байгуулагчид тамирчдад тоо томшгүй олон тооны бэлгэвч тарааж урьд хожид байгаагүй рекорд тогтоосон гэнэ.
Наадмын зохион байгуулагчид нэг тамирчинд 15 бэлгэвч гэж тооцон нийт 150.000 мянган бэлгэвч тараажээ. 2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэр 100.000 мянган бэлгэвч тараасан байдаг. Харин 2004 оны Афины олимпийн наадмаар 60 гаруй мянган бэлгэвч тарааж байжээ.
Мөн энэ удаагийн олимпод нэг тамирчин нислэгийн тийз, байр, тасалбар зэрэгт дунджаар 10 мянган ам.доллар зарцуулж байгаа нь өмнөх олимпуудаас даруй 1500 ам.доллараар их байгаа гэнэ. Лондоны дундаж зэрэглэлийн зочид буудлын нэг хоногийн хөлс 475 ам.доллар, Темза мөрний такси онгоцны тариф дунджаар 23 ам.доллар байгаа юм байна.
Дэлхийн спортын алдарт брэнд “Адидас” компани “Лондон-2012” наадмын сайн дурын болон үйлчилгээний 400 ажилтныг өөрийн фирмийн иж бүрэн хувцсаар хувцаслажээ.
Мөн “Би-Би-Си” агентлагийн мэдээлснээр “Олимпийн хотхон”-д хэт өндөр тамирчдад зориулсан 16 мянган ор, есөн мянган хувцасны шүүгээтэй 2800 байр бэлэн болсон гэнэ. Түүнчлэн тамирчдын хотхонд дасгал сургуулилт хийхэд тохиромжтой бялдаржуулах төв, сэргээшийн шинжилгээний лаборатори ажиллах юм байна.

Т.БИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)