Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ баталжээ
- 2012-08-02
- Дэлхий
- 0
Ираны нефть, нефтийн химийн компани болон тус улсын төв банкны эсрэг АНУ
шинэ хориг арга хэмжээ баталснаа зарлалаа. Ираны Засгийн газар олон
улсын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа зөрчин цөмийн энергитэй болох
оролдлогоо үргэлжлүүлсээр байгаа.

Уг оролдлогыг намжаахад уг арга хэмжээ эерэгээр нөлөөлнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама онцолсон байна. Шинэ хориг арга хэмжээнд цөмийн тухай асуудлаар өмнө гаргасан дэглэмийг улам чангатган, Ираны нефтьхимийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Америкийн компаниуд худалдаж авахгүй байх хориг тавьжээ.
Мөн Ираны нефтийн үндэсний компани болон тус улсын нефтийн худалдааны олон улсын компанитай ямар ч холбоо, хамтын ажиллагаагүй байхыг тусгасан байна. Түүнчлэн Ираны төв банктай, ялангуяа үнэт цаас, үнэт металлын худалдаа эрхлэх, санхүүгийн харилцаа тогтооход хориг тавьжээ.
АНУ-ын Засгийн газар энэхүү шинэ шийдвэртэйгээ уялдуулан Хятадын Куньлунь, Иракийн Элаф банкны эсрэг шинэ хориг гаргасан байна. Эдгээр банк Ираны банкуудтай нэг сая ам.долларын хэлэлцээр хийснээрээ Америкийн “хар данс”-д багтсан аж. Обамагийн баталсан тус шинэ батламжын ачаар АНУ болон Европын холбоонд Ираны нефтийн зам хаагдаж, Тегераны нефтийн оролдлогууд нурах ёстой гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн онцолж буйгаар АНУ Ираны цөмийн асуудлыг зохицуулах дипломат шийдвэрийн эрэлд байсаар байх болно, гагцхүү Иран олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой аж. Өөрөөр хэлбэл, Ираныг буруугаа хүлээн цөмийн асуудлаа орхих хүртэл хатуу үр дагавар бүхий арга хэмжээнүүд боловсруулсаар байх нь.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)