Орос, Энэтхэгийн хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ
- 2012-08-08
- Дэлхий
- 0
ОХУ, Энэтхэг улс хамтарч цэргийн хээрийн сургуулилт хийхээр тогтсон юм.
Уг сургуулилт өнгөрөгч мягмар гаригт ОХУ-ын холбооны тойрог Буриадад
эхэлсэн байна.

Талуудын мэдээлснээр “ИНДРА-2012” хэмээх энэхүү сургуулилтыг терроризмоос сэргийлэх, тэмцэхэд бэлтгэл болгох зорилгоор зохион байгуулж байгаа аж. Хоёр талаас тус бүр 250 цэргийн албан хаагч, нийтдээ 500 цэргийн албан хаагч оролцсон уг сургуулилтад мөн Оросын талаас байлдааны 50 тээврийн хэрэгсэл оролцож байна.
“ИНДРА-2012” сургуулилтын бэлтгэл энэ сарын 12 хүртэл үргэлжилж, 13-наас террорист бүлгүүдтэй хэрхэн тэмцэх дадлагын сургуулилт эхлэх гэнэ. Уг дадлага энэ сарын 16-нд өндөрлөнө.
ОХУ барууны орнуудын цэргийн эвсэл, түүний тэлэлт, байнгын бэлэн байдал зэргээс улбаалж Энэтхэг, Хятад болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудтай хамтарсан цэргийн сургуулилт явуулж ирсэн бөгөөд 2003 оноос хойш Энэтхэгтэй “ИНДРА” хэмээх газар, усны хамтарсан цэргийн сургуулилт хийсэн байна.
Харин энэ удаагийнх Орос, Энэтхэгийн тав дахь хамтарсан сургуулилт болж байгаа аж. Хамгийн сүүлд буюу дөрөв дэх хамтарсан сургуулилтыг хоёр тал 2010 оны аравдугаар хийж байжээ. Дашрамд дурдахад Энэтхэг дэлхийн хамгийн том зэвсэг импортлогч орон бөгөөд Оросын зэвсгийн гол худалдан авагч юм.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)