Дэлхийн хамгийн аюултай 10 хот

Олон улсад танигдсан “Мерсер Консалтинг” судалгааны байгууллагын судлаачид энэ оны хамгийн аюултай 10 хотыг тодруулжээ. Нью-Йоркт төвтэй тус байгууллагын судлаачид эдгээр 10 хотыг дэлхийн 221 хотоос тодруулсан бөгөөд тухайн хотын тогтвортой байдал, гэмт хэргийн гаралт, хуулийн хэрэгжилт, оршин суугчид болон гадаадын жуулчдын аюулгүй байдал зэрэг нийтдээ 39 хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Ингээд дэлхийн хамгийн аюултай 10 хотыг танилцуулъя.
Олон улсад танигдсан “Мерсер Консалтинг” судалгааны байгууллагын судлаачид энэ оны хамгийн аюултай 10 хотыг тодруулжээ. Нью-Йоркт төвтэй тус байгууллагын судлаачид эдгээр 10 хотыг дэлхийн 221 хотоос тодруулсан бөгөөд тухайн хотын тогтвортой байдал, гэмт хэргийн гаралт, хуулийн хэрэгжилт, оршин суугчид болон гадаадын жуулчдын аюулгүй байдал зэрэг нийтдээ 39 хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Ингээд дэлхийн хамгийн аюултай 10 хотыг танилцуулъя.

1.БАГДАД
Иракийн нийслэл Багдад “Мерсер”- ийн судалгаагаар энэ оны дэлхийн хамгийн аюултай хотоор нэрлэгдсэн байна. АНУ-ын Төрийн департамент болон Их Британийн Гадаад харилцааны яам энэ оны сүүл буюу ирэх арванхоёрдугаар сарын 31-нд Иракаас цэргийн бие бүрэлдэхүүн нь гарч дууссаны дараа иргэдээ онц шаардлагатай ч гэсэн тус улсад зочлохгүй байхыг сануулжээ. Хоёр орны албаныхан мэргэжлийн хамгаалалтын компаниар үйлчлүүлж, аюулгүй байдалдаа анхаарал тавьсан хүнд л Иракыг зорих зөвшөөрөл олгох гэнэ.
Иракийн төв Багдад хотод хамгийн багаар бодоход сардаа нэг удаа тэсрэх бодис ачсан автомашин дэлбэрдэг. Багдадын хамгийн аюулгүй газар гэгддэг “Ногоон бүс” рүү хүртэл халддаг байна. Гадаадын дипломатчдыг аюулгүй байлгах зорилгоор “Ногоон бүс” гэгч харуул, хашаагаар хамгаалагдсан газрыг байгуулсан бөгөөд тэнд гадаадын Элчин сайдын яамдууд байрладаг. Ирак тэр дундаа Багдад хотод болж буй халдлага, дайралт голдуу АНУ-ыг онилсон байдаг аж.
АНУ-ын иргэдийн дараа буюу хоёрт Их Британийн иргэдийг хөнөөх үйлдлийг илүү зохион байгуулдаг гэнэ. Багдад хотод гарч буй халдлагыг төрлөөр нь авч үзвэл тэсрэх бодис ачсан автомашин, амиа золиослогч, газрын мина, замын хажууд байрлуулсан тэсрэх төхөөрөмж, миномёт болон төрөл бүрийн галт зэвсэг байдаг аж. Иракт зэвсэглэсэн олон бүлэг үлдсэн бөгөөд тэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

2.НДЖАМЕНА
Чад улсын нийслэл Нджаменад хөл тавихыг хориглосон шийдвэрээ Их Британи, АНУ-ын Засгийн газар одоог хүртэл цуцлаагүй байгаа. Нджамена гэлтгүй тус улсын аль ч хэсэгт өөрийн орны иргэдээ зорчихыг хориглосон юм. 2010 оны эхээр Чадын Засгийн газар Суданы Засгийн газартай энхийн гэрээ байгуулснаас хойш тус улсын дотоодын аюулгүй байдал дээрдсэн ч АНУ, Их Британи дээрх шийдвэрээ цуцлах цаг хараахан болоогүй гэж үзэж байна.
Ливийн шилжилтээс үүдсэн тогтворгүй байдал Чадын ихэнх нутагт үүссэнээс гадна тус улсад террорист халдлага, хүн хулгайлах явдал арилахгүй байгаа аж. Их Британийн Гадаад харилцааны яам ялангуяа Нджаменад аюулд өртөх эрсдэл өндөр гэдгийг дурдаад тус улсад амьдарч буй гаднын иргэдийг олон хүн цугласан газар, улстөрийн жагсаал, цуглаанаас холуур байж байнгын сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

3.АБИДЖАН
Зааны ясан эрэг буюу Кот-д’Ивуар улсын хамгийн том хот Абиджан дахь аюулгүй байдлын нөхцөл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд экс Ерөнхийлөгч Лоран Гбагбог баривчлагдсаны дараа харьцангуй сайжирсан ч ийнхүү дэлхийн хамгийн аюултай 10 хотын жагсаалтын гуравт бичигджээ.
Өнгөрөгч оны сүүлээр зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Ерөнхийлөгч Лоран Гбагбо өрсөлдөгч Алассан Уаттарад албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс татгалзаж, улмаар зэвсэгт тэмцэл өрнүүлсэн юм. Барууны орнууд ардчилсан зарчмаар ялалт байгуулсан А.Уаттараг тус улсын дараагийн албан ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч Л.Гбагбог дэмжигч болон түүний өдүүлсэн мөргөлдөөний үеэр байгуулагдсан гэмт бүлэглэл болон зэвсэгт дайчид Зааны ясан эргийг дэлхийн хамгийн аюултай хотуудын жагсаалтад дээгүүр байр эзлэхэд хүргэ сэн хэвээр байна. АНУ-ын Төрийн де партамент “Заа ны ясан эрэгт бай дал сайжирсан. Гэхдээ шөнийн цагаар аюултай” гэж мэдэгджээ. А.Уат тарад үнэнч үндэсний хүчний цэргүүд Абид жаны бүх хэсэгт байрлан аюул гүй байдлыг сахисаар байгаа юм. Абиджаны гудамж талбайд шөнийн цагаар гадаад гэлтгүй дотоодын иргэдийн эд зүйлсийг дээрэмдэх, булаах, хулгайлах болон орон байр, автомашины хулгай түгээмэл гардаг байна.
Мөн олон хүн цугласан газраас хол явах шаардлагатай аж. Аюулгүй хүчнийхэн аюулгүй байдлыг хангадаг ч олон хүн цугласан орчноос халдварт шар, холер буюу булчин задрах тахал болон улаануудын төрлийн өвчин авах магадлал өндөр байдаг. Эдгээр өвчин өнгөрөгч оны эхээр Абиджан орчимд дэлгэрсэн юм. Дашрамд дурдахад, тус улсын нийслэл нь Ямусукро юм.

4.БАНГИ
Төв Африкийн Бүгд найрамдах улсын нийслэл Банги аялахыг хорилосон хотуудын жагсаалтад багтдаг. Лав л барууны орнуудын жагсаалтад байдаг юм. Гэхдээ АНУ иргэдээ онц шаардлагатай бол Банги уруу аялахыг хориглодоггүй байна. Төв Африк дахь хүчирхийлэл гаарсны улмаас өнгөрөгч оны зургадугаар сарын эхээр Засгийн газар нийслэл Бангид шөнийн хөл хорио тогтоожээ.
Саяхан тус хотод Европын хэдэн жуулчин халдлагад өртжээ. Зэвсэглэсэн этгээдүүд тэднийг дээрэмдэж, эд зүйлсийг нь булаасан байна. Бангид тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ хязгаартай бөгөөд хот даяар цэрэг болон цэргийн бус хамгаалалтын хүчин аюулгүй байдлыг сахиж, иргэдийг шалгаж байцаадаг байна.
Гадаадын жуулчид хотоор зугаалахын тулд олон удаа шалгуулж, хахууль өгсөн гэнэ. Бүр АНУ-ын хэдэн иргэнийг баривчилж, учир шалтгаангүйгээр хорьжээ. Тус улсын Засгийн газар Америкийн иргэдийг хорьсон тухай мэдээллийг удаа дараа няцаасан мэдэгдэл хийж байсан юм.

5.КИНШАСА
Киншаса нь Бүгд найрамдах ардчилсан Конго улсын нийслэл. Тэнд гэмт хэргийн гаралт өндөр байдаг аж. Гаднын цөөнгүй жуулчин ноцтой гэмт хэргийн хохирогч болж байжээ. Нийслэл хот, хөдөө орон нутагт хоёуланд нь зэвсэглэсэн бүлэг этгээд дээрэм, тонуул хийдэг байна. Ялангуяа шөнийн цагаар ийм төрлийн гэмт хэрэг ихэсдэг. Гудамжны хүүхдүүдээс бүрдсэн бүлэг бусад бүлгээ бодвол илүү дээрэм, тонуул хийдэг.
Ийм дээрмийн бүлэг ч олон байдаг аж. Зарим бүлэг өгөөшөө урхидахын тулд охидыг ашигладаг байна. Бүр өдрийн цагаар алт, очир алмаазыг хямдхан худалдана хэмээн гадаадын иргэдийг урхидаж байжээ. Мөн “барьсан” жуулчдыг суллахад мөнгө нэхдэг байна. Засгийн газрын цэргүүд хүртэл гаднын жуулчинг хорьж байсан тохиолдол гарчээ.

6.КАРАЧИ
Исламабад бол Пакистаны нийслэл, харин Карачи хамгийн том хот нь. Пакистаны эл хотод буруу номтнууд террорист халдлага, хүчирхийлэл үйлдэх нь бусад хотоос илүү байдаг. Өнгөрөгч онд уг хотод цөөнгүй халдлага, дайралт гарчээ. Энэ хотод гадаадын аялагч болон эх орноо орхин гарсан хүнийг үздэггүй. Баасан гариг бүр олон нийтийн цуглаан болно. Учир нь баасан гариг нь лалын шашинтнуудын ариун өдөр аж. Мэдээж энэ өдөр халдлагаа товлодог.

7.ТБИЛИСИ
Гүржийн нийслэл Тбилисийн аюулгүй байдал сайжирсан. Гэхдээ одоог хүртэл терроризмын аюул буураагүй байна. Жишээ нь, хоёрдугаар сарын 13-нд Тбилиси дэх Израилийн Элчин сайдын яамны ажилтны автомашинаас тэсрэх бөмбөг олдсон. Тбилисид жагсаал, цуглаан болох нь элбэг. Жагсаал, цуглаан ч хүчирхийлэл болох нь элбэг. Гадаадын аялагчдыг үүнээс хол байхыг сануулдаг. Харин барууны орнууд иргэдээ Гүржид зочлохыг хориглодоггүй бөгөөд Өмнөд Осет, Абхазад аялахыг хориглодог байна.

8.САНА
Йеменд “Аль-Кайда”-гийн том сүлжээ орогнодог. Тус улсын нийслэл Сана хотод дэлхийн хамгийн том сүлжээтэй дээрх бүлэглэлийн дайчид халдлага, дайралт зохион байгуулдаг. Тэндэхийн зэвсэглэсэн овог аймгийнхан болон гэмт хэрэгтнүүд, террористуудад хулгайлагдах эрсдэлтэй. Йемений хүн ам ихээр төвлөрс өн эл хотыг террорист халдлага болон хүн хулгайлах гэмт хэрэг нь хамгийн аюул тай хотын жагсаалтад багтахад нөлөөлжээ.

9.НАЙРОБИ
Найроби нь Кенийн нийслэл. Тэнд террорист халдлага байсхийгээд гардаг. Гэхдээ Йемений Санагаас бага. Кенийн хамгийн хөгжингүй хот Найробид амьдралын төвшин мөн адил доогуур бөгөөд энэ нь дээрэм тонуул гарах шалтгаан болдог байна. Ганцхан жишээ дурдахад, гуравдугаар сарын 10-нд нийслэлийн төвийн бизнес дүүрэгт үл мэдэх этгээдүүд удаа дараа гар бөмбөг шидсэний улмаас наад зах нь зургаан хүн амь үрэгдэж, арав гаруй хүн шархаджээ. Ер нь тус улсын Засгийн газрын байрнууд болон зочид буудлын гадаах талбайд халдлага, дайралт их гардаг байна.

10. КОНАКРИ
Конакри нь Гвинейн Бүгд найрамдах улсын нийслэл. Заримдаа тэнд цэргийн хувцастай хүмүүс хүртэл гэмт хэрэг үйлддэг байна. Гудамж талбай, орц хонгил гэлтгүй гэмт хэрэг түгээмэл гардаг бөгөөд хүчирхийллийн болон хүчирхийллийн бус гэмт хэрэг асуудал болжээ. Хүчирхийллийн бус гэмт хэрэгт халаасны хулгай дээгүүр байр эзэлдэг байна.
Цагдаа нарын хараа хяналт сулаас гадна тэд шууд болон шууд бусаар мөнгө нэхдэг байна. Мөн нисэх буудал, зах, зочид буудлын ойролцоо болон зоогийн газарт гадаадын иргэдийг дээрэмдэх хэрэг их гардаг ажээ.

Э.ТӨГСЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)