Хамгийн өндөр орлоготой зохиолч тодорлоо

“Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдыг тодруулжээ. Тэдний шалгаруулалтаар Америкийн иргэн Жеймс Паттерсон тэргүүн байрт шалгарчээ.
“Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдыг тодруулжээ. Тэдний шалгаруулалтаар Америкийн иргэн Жеймс Паттерсон тэргүүн байрт шалгарчээ. Ж.Паттерсон “Алекс Кросс” хэмээх мөрдөгчийн тухай өгүүлдэг цуврал бүтээлээрээ бусад зохиолчоос их орлого олжээ. Ингэснээр тэрбээр “Хамгийн их орлоготой зохиолч” алдрыг гурав дахь жилдээ дараалан хүртэж байгаа аж. Түүний номууд өнгөрөгч оны тавдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын хооронд түүнд 94 сая ам.долларын ашиг авчирчээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 10 сая гаруй ам.доллараар илүү аж. “Форбес”- ийн мэдээлснээр, Ж.Паттерсон 2011-2012 оны хооронд нийтдээ 11 ном гаргажээ. Мэдээж энэ бүгд ганц “Алекс Кросс” зохиолын үргэлжлэл. Ж.Паттерсон 2009 онд “Hachette Book Group” хэвлэлийн компанитай 150 сая ам.долларын гэрээ байгуулж хамгийн баян зохиолчдын жагсаалтыг тэргүүлэх болжээ. Харин жагсаалтын хоёрт Стефен Кинг 39 сая ам.долларын орлогоор бичигджээ. Түүний шинжлэх ухааны зохиол “Харанхуйн цамхаг” цувралын найм дахь ном “11/22/63” ийм орлогыг эзэндээ авчирчээ. Тэрбээр өнгөрөгч онд дээрх жагсаалтын гуравдугаарт 28 сая ам.долларын орлоготой бичигдэж байсан юм. Харин энэ удаагийн жагсаалтын гуравдугаар байрт “Стефани Плум” хэмээх мөрдөгчийн тухай өгүүлдэг бүтээлийн зохиолч Жанет Иванович оржээ. Тэрбээр уг бүтээлээрээ 33 сая ам.доллар олсон байна. Ж.Иванович өнгөрөгч онд 22 сая ам.долларын орлогоор хамгийн их орлого олсон зохиолчдын тавдугаарт эрэмбэлэгджээ. Жагсаалтын дөрөвт Жон Гришам 26 сая ам.доллараар орсон бол тавд хүүхдийн зохиолч Жефф Кинни 25 сая ам.доллараар оржээ. Өнгөрөгч онд 35 сая ам.доллар олж хоёрдугаар байрт бичигдэж байсан зохиолч Даниэла Стил энэ удаад 23 сая ам.долларын орлого олж найм уруу ухарчээ. Харин түүний ард “Өлсгөлөн тоглоом” зохиолын Сьюзан Коллинс 20 сая ам.доллартайгаар оржээ. Уг гурамсан романаар сэдэвлэсэн “Өлсгөлөн тоглоом” кино “Бокс Оффис”-ыг тэргүүлж, АНУ төдийгүй дэлхий дахинд шуугиан тарьж, их хэмжээний ашиг олсон юм. С.Коллинс зохиол нь кино болж алдаршсаны дараа дээрх ашгийн ихэнхийг олсон байна. Түүний адил зохиол нь кино болж алдаршсан зохиолч бол яах аргагүй Стефани Майер. Цус сорогч, хүн чонын тухай өгүүлдэг “Бүрэнхий” зохиолын эзэн Стефани Майер энэ онд 14 сая ам.доллар цуглуулж 14-т бичигджээ. Өнгөрөгч онд С.Майер тавд шалгарч байсан юм. Түүний зохиол хэдийнэ дөрвөн ангит кино болж дэлгэцэнд гарсан билээ. Харин найман анги болон дэлгэцэнд гарсан алдарт “Харри Поттер” цувралын зохиолч Ж.К.Роулинг энэ удаад 17 сая ам.доллартайгаар 11-д жагсчээ. Гэхдээ тэрбээр энэ орлогынхоо найман саяыг олон нийтэд хараахан хүрээгүй байгаа “Насанд хүрэгч” зохиолоосоо олжээ. Ж.К.Роулинг бүтэн арван жил дэлгэцийн урлагт ноёлсон “Харри Поттер” цувралын үед дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчоор цөөнгүй удаа тодорч байсан юм. Хатагтай Роулинг хүүхэд багачуудын дунд жинхэнэ шуугиан тарьсан бол түүний ард хүүхэд багачууд гэлтгүй томчуудыг байлдан дагуулж буй “Гал, мөсний аялгуу”-г зохиогч Жорж Мартин 15 сая ам.доллартайгаар оржээ. Уг зохиол “Хаан ширээний төлөөх тэмцэл” нэртэйгээр хэдийнэ 20 анги гарсан. Зохиогчийн хэлснээр уг кино 30 ангитай байх гэнэ. Харин “Хамгийн өндөр орлоготой 15 зохиолч” жагсаалтын сүүлд “Перси Жексон болон Олимпийн бурхдууд” цувралын зохиолч Рик Риордан 13 сая ам.доллартайгаар багтжээ. “Форбес” сэтгүүлийн таамаглаж буйгаар ирэх оны хамгийн өндөр орлоготой зохиолчоор “Сүүдэр дарсан тавин нас” хэмээх хайрын түүхийн зохиолч Э.Л.Жеймс тодрох гэнэ. Түүний эл зохиол олон улсад бестселлер болж байгаа аж.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)