Ливийн генерал Бенгазид амь үрэгджээ
- 2012-08-14
- Дэлхий
- 0
Ливийн армийн генерал Мохамед Хадиа тус улсын хоёр дахь том хот Бенгазид амь үрэгджээ. Дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэм унасны дараа үндэсний шилжилтийн зөвлөлийнхөн Ливи даяар эрх мэдлээ хэрэгжүүлэхийг хичээсэн ч хамгийн том хот буюу нийслэл Триполигоос хэтрэхгүй байгаа юм.

Ливийн армийн генерал Мохамед Хадиа тус улсын хоёр дахь том хот Бенгазид амь үрэгджээ. Дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэм унасны дараа үндэсний шилжилтийн зөвлөлийнхөн Ливи даяар эрх мэдлээ хэрэгжүүлэхийг хичээсэн ч хамгийн том хот буюу нийслэл Триполигоос хэтрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний мэдэлд Ливийн баруун нутаг байгаа юм. Харин зүүн нутгийн төв Бенгазийг орон нутгийн овог аймаг болон улстөрийн бүлгүүд захирч, нийслэлээс тусдаа захиргаатай болгохыг хүсч байгаа аж. Ливийн зүүн нутаг баруун нутгаа бодвол газрын тосоор харьцангуй баялаг ба Бенгазид тус улсын газрын тос олборлох болон боловсруулах үйлдвэрийн ихэнх нь оршдог байна. Батлан хамгаалах яаманд томоохон албан тушаал хашдаг генерал М.Хадиа баасан гаригийн мөргөлд оролцоод гэртээ харих замд машин уруу нь зэвсэглэсэн бүлэг этгээд галлажээ. Ер нь Муаммар Каддафийн үед алба хашиж байсан генерал М.Хадиа шиг аюулгүй хүчний томоохон албан тушаалтнуудыг хороох явдал Бенгазид сүүлийн хэдэн сар нэлээд хэд гарчээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)