Украинчууд Чернобыльд очихыг хүслээ
- 2012-08-15
- Дэлхий
- 0
Украины хэсэг иргэн нийлж Ерөнхий сайд Микола Азаровт захидал бичиж, Чернобыльд очиж амьдрахад нь зөвшөөрөл олгохыг хүсчээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд тус бүс нутагт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай цөмийн осол гарсны дараа оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн юм.

Украины хэсэг иргэн нийлж Ерөнхий сайд Микола Азаровт захидал бичиж, Чернобыльд очиж амьдрахад нь зөвшөөрөл олгохыг хүсчээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд тус бүс нутагт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай цөмийн осол гарсны дараа оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн юм. Түүнээс хойш уг бүс нутгийг битүүмжилж, хөл хорио тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Чернобылийн оршин суугчид төрсөн газартаа дахин хэзээ ч очоогүй юм. Украины хойд зүгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн эл бүс нутагт очиж амьдрахыг хүссэн иргэдээс Засгийн газарт ирсэн захидал хэдэн зуу хол давжээ. Харин энэ удаад 35 иргэн дээрх захидлын тоог нэгээр нэмсэн байна. Хэдийгээр цөмийн ослоос даруй 26 жил өнгөрсөн ч Чернобыль дэх цацраг идэвхт бодисын хор хөнөөл бүрэн арилаагүй байх магадлалтай гэнэ. Ослын дараах тооцоогоор цацраг идэвхт бодис Европын ихэнх хэсэг тодруулбал, одоогийн Украин, ОХУ, Белоруссь цаашлаад Украинтай ойролцоо оршдог бусад улс оронд хүрчээ. Гэсэн хэдий ч Украины Засгийн газар цөмийн цахилгаан станцаас 30 км-ийн тойрог дотор хорио цээрийн бүс тогтоож, ослын дараа тэнд үлдсэн 200 орчим хүнийг эс тооцвол одоог хүртэл хэнд ч амьдрах зөвшөөрөл олгоогүй. Ерөнхий сайдад захиа бичсэн 35 хүний нэг, өндөр настан Микола Хаврилюк “Би Чернобылийн төвд нэг байшинтай. Энэ бол миний өмч. Миний эрүүл мэнд миний л асуудал” гэж хэлжээ. Ерөнхий сайдын албанаас уг захидалд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж. Украины эрх баригчид Чернобылийг дахин сэргээхийг хүсч, төсөл төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсон бөгөөд ОХУ ч туслах гэнэ. Дашрамд дурдахад, Чернобыль 2011 оноос хойш жуулчид нээлттэй болсон юм.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)