Сирийн ”Шинэ элч”-ийг Дамаск дэмжсэн нь сонголтод нөлөөлөв
- 2012-08-17
- Дэлхий
- 0
Сирийн хүчирхийллийг зогсоох НҮБ болон Арабын лигийн энхийн элч Кофи Аннан төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний улмаас энэ албан тушаалаа сайн дураараа орхих болсноо мэдэгдсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, нэрт дипломатч К.Аннан Сирийн хүчирхийллийг зогсоох зургаан заалттай энхийн төлөвлөгөө боловсруулсан.

Сирийн хүчирхийллийг зогсоох НҮБ болон Арабын лигийн энхийн элч Кофи Аннан төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний улмаас энэ албан тушаалаа сайн дураараа орхих болсноо мэдэгдсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, нэрт дипломатч К.Аннан Сирийн хүчирхийллийг зогсоох зургаан заалттай энхийн төлөвлөгөө боловсруулсан. Түүний төлөвлөгөөнд:
1. Хэлэлцээрийн ширээнд суух
2. Хүчирхийллээ зогсоож цэрэг, техникээ татах
3. Хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх
4. Улстөрийн хоригдлуудыг суллах
5. Сэтгүүлчдийн эрхэнд үл халдах
6. Тайван замаар жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөх гэсэн энгийн заалтууд байсан ч сөрөг хүчин болон Засгийн газар эхний дүрмийг хэрэгжүүлэх дээр тохиролцож чадаагүй. Сөрөг хүчнийхэн Башар аль-Ассад огцорсон цагт л Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн бол Ассад ямар ч хамаагүй аргаар энэ албан тушаалаа хадгалж үлдэнэ хэмээн гэдийсээр. К.Аннан төлөвлөгөөгөө Дамаск, Москва, Бээжинд танилцуулж дэмжлэг авч байсан бөгөөд ОХУ, Хятад улс түүний энэ төлөвлөгөөг ихэд сайшааж, Сирийн хүчирхийллийг энхийн замаар шийдэх сайн гарц гэж онцолж байсан. Энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэнд барууны орнууд Ассадыг буруутгаж байна. К.Аннан огцорч Сири дэх нөхцөл байдал улам хүндэрсний дараа НҮБ, Арабын лиг шинэ элч томилж нөхцөл байдлыг хяналтад авахыг хүсчээ. Гэхдээ К.Аннаны орыг залгах нэр хүндтэй дипломатчыг сонгоход нэлээд бэрхшээл тулгарч байгаа бололтой. Ямартаа ч Алжирын туршлагатай дипломатч Лахдар Брахимийн талаар хэлэлцэж эхэлжээ. Хэрвээ түүний нэр олонхийн дэмжлэг авч чадвал НҮБ, Арабын лигийн Сирийн хүчирхийллийг зогсоох дараагийн тусгай элч болох юм. Мөн түүний ямар төлөвлөгөө боловсруулах нь туйлын сонин байна. Энэ зуур Сирийн эрх баригчид шийдэмгий довтолгоо явуулж, Алеппо хотыг сөрөг хүчнийхний хяналтаас авлаа. Өөрөөр хэлбэл, энхийн элчийг томилогдох дөхөх тусам хүчирхийлэл ихэсч, илүү харгис шинжтэй болж ирж байна. Өдгөө 78 настай Л.Брахими дипломат албаны олон өндөр албан тушаал хашиж байсан, хүчирхийллийг зогсоох даалгаварт цөөнгүй удаа оролцож байжээ. Гэсэн ч түүнийг хашир дипломатч К.Аннанаас илүү хүнд нөхцөл угтах нь. Мөн Сирийн эрх баригчид түүнийг НҮБ, Арабын лигийн тусгай элчээр сонгогдохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Эсрэгээрээ энэ мэдэгдэл Л.Брахимийг тусгай элчээр томилогдоход саад хийв бололтой шинэ хүмүүсийн нэр яригдаж эхэллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун К.Аннаны бүрэн эрхийн хугацаа энэ сарын 31-нд дууссаны дараа халааг нь авах хүнээр Л.Брахимигээс өөр хүний нэр дурдаагүй ч энэ албан тушаалд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хавьер Солана, Финландын экс Ерөнхийлөгч Мартти Ахтисаари болон Испанийн Гадаад харилцааны сайд Мигель Моратиносын хэн нэгийг сонгож магадгүй тухай мэдээллээ. Ямартаа ч НҮБ, Арабын лиг Сирийн хүчирхийллийг зогсоох энхийн элчээр хэн нэгнийг сонгох нь гарцаагүй болсон бөгөөд ирэх сарыг хүлээх л үлдлээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)