НҮБ Хулагийн аллагын эзнийг нэрлэлээ
- 2012-08-17
- Дэлхий
- 0
Өнгөрөгч тавдугаар сарын 25-ны орой Сирийн Хула хотод цуст хүчирхийлэл эхэлж, 150 гаруй хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан билээ. Барууны болон Арабын орнууд энэ хэрэгт Сирийн эрх баригчдыг буруутгасан бол тэд сөрөг хүчнээ буруутгасан юм.

Өнгөрөгч тавдугаар сарын 25-ны орой Сирийн Хула хотод цуст хүчирхийлэл эхэлж, 150 гаруй хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан билээ. Барууны болон Арабын орнууд энэ хэрэгт Сирийн эрх баригчдыг буруутгасан бол тэд сөрөг хүчнээ буруутгасан юм. Үүний дараа Сирийн сөрөг хүчнийхэн уг хэргийг Засгийн газрын цэргүүд үйлдсэн гэдгийг баталсаар байсан юм. Хүчирхийлэл гардаг өдөр Сирийн хүчирхийллийг зогсоох НҮБ болон Арабын лигийн тусгай элч Кофи Аннан тус улсын нийслэл Дамаскт хүрэлцэн очоод байсан ба Сири дэх НҮБын ажиглагчид Хула хотын байдалтай танилцаж, хотын гадна танк болон их бууны мөр байгааг баримтжуулсан юм. Үүнээс өмнө сөрөг хүчнийхэн Засгийн газрын танк, их бууны анги Хула хотыг чиглэн явааг олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудад дуулгасан. Энэ нь Хулаг Засгийн газрын цэргүүд буудсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Дамаскийн тэргүүн Башар аль-Ассад хүчирхийлэл үйлдэх тушаалыг цэргүүдэд өгчээ. Гэсэн ч Дамаскийн албаныхан энэ үйлдлээ эрс няцаасаар байсан юм. Мөн Дамаскийг дэмжигч ОХУ Хулагийн хүчирхийллийн талаар барууны орнуудыг ташаа мэдээлэл цацахгүй байхыг анхааруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шударгаар ажиллахыг хүссэн юм. Үүнтэй холбогдуулан НҮБ Хулагийн хүчирхийллийн эздийг тогтоох ажлын хэсэг байгуулжээ. Харин уг ажлын хэсэг энэ сарын 15- нд тайлангаа тавьжээ. Их Британийн “Гуардиан” сонинд нийтлэгдсэн НҮБ-ын Хүний эрхийн тусгай комиссын тайлангаас үзвэл Хула дахь аллагыг Сирийн Засгийн газрын цэргүүд болон Засгийн газрыг дэмжигч “Шабиха” хэмээх бүлгийн дайчид үйлджээ. Сирийн сөрөг хүчний баталж буйгаар “Шабиха” буюу “Үл үзэгдэгч дээрэмчид” хэмээх нууц бүлгийг Башар аль-Ассад 2011 оны гуравдугаар сард түүний дэглэмийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа гарсны дараахан босогчдыг устгах зорилгоор нууцаар байгуулжээ. “Шабиха” Засгийн газрын цэргүүдийн адил Башар аль-Ассадын тушаалаар хөдөлдөг ч тэднээс хамаагүй илүү харгис үйлдэл хийдэг. Цэргүүдийн хийж чадахгүй ажлыг гүйцэлдүүлдэг уг бүлэг нууц байдалд ажиллаж, гэрч үлдээдэггүй ч сөрөг хүчнийхэн тэднийг илрүүлж чаджээ. Өөрөөр хэлбэл, Хулагийн хүчирхийллийн цаад эзэн нь Башар аль-Ассад юм. НҮБын Хүний эрхийн комиссын тусгай ажлын хэсэг 700 гаруй гэрчийн мэдүүлэгт үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн байна. Тэд гэрэл зураг, хиймэл дагуулаас авсан гэрэл зураг, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид (сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчин) болон сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдээллээс бүрдсэн зуу гаруй хуудас материалаар Засгийн газрын цэргүүд болон “Шабиха” бүлгийн дайчдыг энэ хэрэгт холбоотой болохыг хөдөлшгүйгээр тогтоожээ. Эдгээр материалыг өнгөрөгч оны гуравдугаар сараас хойш үргэлжилж буй Сирийн хүчирхийллийн үеэр цуглуулсан бусад баримттай нэгтгэн Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэх гэнэ. Ингэснээр Гаагын шүүх Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн сөрөг хүчин болон Сирийн Засгийн газрын цэргүүдийн зөрчлөөс үүдэлтэй дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн гол буруутныг цаг алдалгүй шүүх юм. Ажиглагчдын таамаглаж буйгаар хэргийн эзнийг яллах ажиллагаа Башар аль-Ассад огцорч, Сирийн хүчирхийлэл зогссоны дараа эхлэх гэнэ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)