Ж.Ассанж эх орныхоо дэмжлэгээс татгалзлаа
- 2012-08-20
- Дэлхий
- 0
Муу нэрд гараад буй “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас улстөрийн орогнол хүсч, тэндээ орогнож байгаа билээ. Ж.Ассанж Эквадорын Элчин сайдын яамнаас орогнол хүсээд зогсохгүй Эквадорт амьдрах эрхийг тус улсын Ерөнхийлөгч Рафаэль Корреагаас хүссэн юм. 

Муу нэрд гараад буй “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас улстөрийн орогнол хүсч, тэндээ орогнож байгаа билээ. Ж.Ассанж Эквадорын Элчин сайдын яамнаас орогнол хүсээд зогсохгүй Эквадорт амьдрах эрхийг тус улсын Ерөнхийлөгч Рафаэль Корреагаас хүссэн юм. Энэ дагуу Р.Корреа түүний хүсэлтийг нэлээд бодсоны эцэст Эквадорт амьдрах эрхийг олгосон юм. Үүнтэй зэрэгцэн Их Британийн албаныхан Ж.Ассанжийг ямар ч хамаагүй аргаар тодруулбал Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд нэвтэрч баривчлах болно гэж мэдэгдэв. Шведийн Засгийн газар Ж.Ассанжийг тус улсын насанд хүрээгүй хоёр ч охиныг садар самуунд уруу татаж, улмаар бэлгийн дарамт учруулан хүчиндсэн хэрэгт буруутган, олон улсын гэмт хэрэгтний жагсаалтад оруулсан бөгөөд Их Британийн Засгийн газраас гэмт хэрэгтний хувиар шилжүүлэн өгөхийг удаа дараа хүссэн. Их Британийн Засгийн газар ч хүсэлтийг хүлээн авснаа илэрхийлсэн. Ж.Ассанж Шведийн талын түүнд оноож буй хүчингийн хэрэгт өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдэгдэхийн сацуу Их Британийн албаныханд баривчлагдаж Шведэд очвол тэндээсээ АНУ уруу ачигдана хэмээн хэлж байгаа юм.
АНУ-д түүнийг цааз юм уу бүх насаараа хоригдох ял хүлээж байгаа гэнэ. АНУ-ын тагнуул болон батлан хамгаалах яамны нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг олон нийтэд цацсан түүнд Цагаан ордны албаныхан дээрх ялыг төлөвлөсөн гэнэ. Түүнийг Эквадорыг зорих болсонтой холбогдуулан төрөлх нутаг Австралиас нь дипломат тусламж үзүүлэхийг хүсчээ. Австралийн иргэн Ж.Ассанж эх орноосоо өөр орны харьяалалгүй бөгөөд төрсөн нутгийнхаа Засгийн газрын дэмжлэгээс татгалзсан байна. Австралийн Гадаад харилцааны сайд Боб Каррын хэлснээр тэр Ж.Ассанжтай найман удаа уулзаж ярилцжээ.
Хамгийн сүүлд Эквадорын Засгийн газар түүнд эх орондоо нэвтрэх зөвшөөрөл олгохоос хоёр өдрийн өмнө уулзаж, консулын тусламж санал болгосон байна. Гэсэн ч тэрбээр энэ саналаас татгалзжээ. Өдгөө 41 настай сэтгүүлч Ж.Ассанжид Эквадорын Засгийн газар өнгөрөгч пүрэв гаригт эх орондоо нэвтрэх эрх олгожээ. Ж.Ассанж зургадугаар сарын дунд үеэс хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд амьдарч байгаа юм. Тэрбээр энэ хүртэл Их Британид гэрийн хорионд байсан. Харин энэ зуур Британийн дээд шүүх түүнийг Шведэд шилжүүлэх эсэх талаар хэлэлцэж байсан юм. Ж.Ассанж Эквадорын Элчин сайдын яаманд хандахаасаа өмнө “Викилийкс” нам байгуулна, Австралийн парламентын сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан билээ. Мөн Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллардтай ч өрсөлдөнө гэж байсан юм. Хэрвээ тэр парламентын сонгуульд ялалт байгуулбал халдашгүй эрхтэй болж, гаднын аль ч шоронгоос гарах боломжтой болох гэнэ. Түүнчлэн түүний “Викилийкс” сайтынхан Ж.Ассанжийг гаднын аль ч шоронд хоригдсон ч хамаагүй сонгуульд өрсөлдөхөд нь тусална, шоронгоос өрсөлдөх боломжтой гэж мэдэгдсэн. Харин үүнд Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард тийм ч таатай бус хандсан. Мөн Австрали нь АНУ-ын дэлхийн бөмбөрцгийн нөгөө хагас дахь хамгийн ойрын холбоотнуудын нэг бөгөөд Австралиас АНУ уруу ачигдахад асуудалгүй гэж Ж.Ассанж үзжээ. Тиймээс төрөлх нутгийнхаа дэмжлэгээс татгалзсан байна.
Э.Төгсжаргал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)