Нигерт хуванцар саваар байшин барьжээ

Нигерт хаягдал хуванцар сав ашиглан, нэгэн байшинг барьсан нь жуулчдын анхаарлыг ихэд татаж байна. 

Нигерт хаягдал хуванцар сав ашиглан, нэгэн байшинг барьсан нь жуулчдын анхаарлыг ихэд татаж байна. Өртөг зардал багатайн дээр байгаль орчинд ээлтэй уг байшинг Грекийн бизнесмэн, байгаль хамгаалагч нэгэн эр санаачлан, барьж байгаа ажээ. Елва хотын нэгэн тосгонд баригдсан уг байшинг элсээр дүүргэсэн хуванцар савыг дээр дээрээс нь давхарлан өрж, гаднаас нь шавардан барьсан бөгөөд Засгийн газрын удирдлагууд, ард иргэд үзэж сонирхохоор ирсээр байгаа төдийгүй жуулчдын анхаарлыг ч ихэд татаж байна.

Хуванцар саваар хийсэн байшин Нигерийн халуун уур амьсгалд гайхалтай сайн зохицож байгаа бөгөөд элс халууныг нь шингээн авч, өрөөнд сэрүүхэн таатай байдлыг бий болгож байгаа гэнэ. Хананы гаднах савны ёроолын дугуй хэсэг нь өвөрмөц, сонин шийдэлтэй харагдуулж, байшингийн үзэмжинд өнгө үзэмж нэмсэн байна.

Одоогийн байдлаар 25 байшин барьж байгаа бөгөөд байшин тус бүрийн зочны, унтлагын, ариун цэврийн болон гал тогооны өрөөг барихад 7800 хуванцар сав орсон байна.Энэхүү “хуванцар тоосгон” технологи анх 9 жилийн өмнө Өмнөд Америк болон Энэтхэгт нэвтэрсэн ажээ.

Нигерийн сэргээгдэх эрчим хүчний холбооны ажилтан Яахаяа Ахмед хуванцар саваар барьсан нэг байшингийн үнэ энгийн тоосгоор барьсан байшингийн үнэнээс даруй гурав дахин хямд өртөгтэйн дээр чанарын хувьд 20 дахин бат бөх гэдгийг онцолсон байна. Тэрээр мөн энэхүү хуванцар савыг ашиглан,  гурван давхар барилга барьж үзэж, турших гэж байгаагаа хэлсэн байна.

Хүүхдүүд мөнгө олохоор хуванцар саванд элс савалж байгаа бөгөөд тэнд элс савалж байсан 15 настай  Шеху Усман хүү “Би мөнгө олохын тулд гуйлга гуйхыг хүсээгүй ээ. Өөрийн хөдөлмөрөөрөө мөнгө олохын тулд би энэ ажлыг хийж байгаа. Би том болоод ийм байшинтай болно гэж боддог” хэмээн ярьсан байна.

 

Нийслэл Кадуна хотын худалдаачин Нуху Данготе “Би энэ байгууламжийг хуванцар саваар хийсэн гэдгийг сонсоод ихэд гайхаж, өөрийн биеэр үзэхээр зорьж ирсэн. Үүнийг хараад үнэхээр гайхан биширлээ. Хүн бүрийг ирж үзээсэй гэж бодож байна” хэмээн ярьжээ.

 UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.118.190)

    2011-11-09

    yaasan goyo yum be