Уго чавес Британид анхааруулга өглөө
- 2012-08-23
- Дэлхий
- 0
Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа Британийн дээрэнгүй мэдэгдлийн дараа Латин Америкийн холбоотнуудаасаа дэмжлэг авна гэж мэдэгдсэн. Эквадор Латин Америкийн олон холбоо, эвсэлд багтдаг бүс нутагтаа нөлөөгөөрөө дээгүүрт ордог улс юм. 

Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа Британийн дээрэнгүй мэдэгдлийн дараа Латин Америкийн холбоотнуудаасаа дэмжлэг авна гэж мэдэгдсэн. Эквадор Латин Америкийн олон холбоо, эвсэлд багтдаг бүс нутагтаа нөлөөгөөрөө дээгүүрт ордог улс юм. Түүний мэдэгдлийг дэмжиж Латин Америк буюу Өмнөд Америкийн орнуудын холбоо Британийг гишүүн орных нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэн үзэхийг хүссэн мэдэгдэл гаргасан. Тэгвэл Өмнөд Америкийн хамгийн нөлөө бүхий удирдагч гэгддэг Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Британид хатуухан сануулга өглөө. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа нь У.Чавестай удаан хугацаанд нөхөрлөсөн, хамгийн ойрын холбоотных нь нэг бөгөөд У.Чавес үндэсний телевизээр “Британийн тал Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд дайран орох юм бол “хурц арга хэмжээнүүд”-ээр хариу барих болно. Эквадорын Элчин сайдын яам гаднын бусад яамны адил халдашгүй дархан эрхтэй. Элчин сайдын яаманд халдана гэдэг нь тус улсын халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолд халдаж байна гэсэн үг. Британийн Засгийн газрыг Эквадорын тусгаар тогтнолд халдахгүй байхыг зөвлөе. Хүссэнээ хийдэг эзэн гүрнээс чинь хойш нэгэн эрин өнгөрөөд байгааг сайн бодох хэрэгтэй. Хэрвээ Британийн Засгийн газар Эквадорын тусгаар тогтнолд халдвал бидний хийх үйлдэл эрс шийдэмгий байх болно” гэж мэдэгджээ. “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч, Австралийн сэтгүүлч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа бөгөөд Эквадорын Ерөнхийлөгч Р.Корреа түүнд эх орондоо хугацаагүйгээр амьдрах зөвшөөрөл олгосон. Р.Корреагийн энэ шийдвэрт Британийн эрх баригчид ундууцаж, тус улсын Элчин сайдын яамнаас баривчилна гэж мэдэгдсэнээс улбаалж хоёр орны харилцаанд гүн цав үүсээд байгаа билээ. Британийн эрх баригчдын шийдэмгий мэдэгдлийн улмаас Ж.Ассанж гурван сар орчим бүгсэн Элчин сайдын яамнаас гарч, Эквадорыг зорьж чадахгүй байгаа юм. Түүнчлэн Британийн албаныхан түүнийг Элчин сайдын яамнаас баривчилдаггүй юм аа гэхэд нисэх буудал орох замд нь баривчлах аюул бий. Хэдийгээр түүнийг Эквадорын дипломатчдын гараас баривчлах нь хүртэл тус улсын халдашгүй дархан байдалд халдсан үйлдэл болох ч Ж.Ассанж Британийн эрх баригчдыг “тайвширтал” хүлээхээр шийджээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)