Ким Жон Ун тегераны уулзалтанд оролцоно
- 2012-08-23
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн буюу Эвсэлд нэгдээгүй орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ираныг зорино гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг Ираны Засгийн газрын мэдээллээс эш татан мэдээллээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн буюу Эвсэлд нэгдээгүй орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ираныг зорино гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг Ираны Засгийн газрын мэдээллээс эш татан мэдээллээ. Тус хөдөлгөөний дээд хэмжээний уулзалт гурван жилд нэг болдог бөгөөд энэ удаагийн уулзалт Ираны нийслэл Тегеран хотод энэ сарын 26-31-нд болно. Хойд Солонгосын залуу удирдагч эл уулзалтад оролцохоор Ираныг зоривол энэ нь түүний Ойрхи Дорнодод хийж буй анхны аялал болох юм. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Ираны Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Мохаммад Реза Форкани Ким Жон Уныг оролцох болсонд таатай байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр уулзалтад 48 орон оролцох гэнэ. Түүнчлэн “Ёнхап” агентлагийн мэдээлснээр уулзалтад Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд асан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцох аж. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн 120 гишүүн, 21 ажиглагч оронтой бөгөөд Өмнөд Солонгос Улс ажиглагчдынх нь нэг бол Хойд Солонгос бүрэн эрхт гишүүн орон нь юм. Энэ хөдөлгөөний сүүлийн уулзалт 2009 онд Египетэд болоход Хойд Солонгосыг төлөөлж, тус улсын төрийн албан ёсны тэргүүн болон Дээд ардын ассамблейн тэргүүлэгчдийн тэргүүн Ким Ён Нам оролцжээ. Харин тус улсын шинэ удирдагч Ким Жон Ун уулзалтад өндөр ач холбогдол өгч, өөрийн биеэр оролцох болсныг барууны зарим ажиглагч “Ким Жон Ун Хойд Солонгост эдийн засаг болон нийгмийн өөрчлөлт хийхийг хүсч байгаагийн илрэл” гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Нөгөөтэйгүүр Ким Жон Ун Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай хоёр орны цөмийн хөтөлбөр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор тус улсыг зорих санаатай байж болох юм. Хойд Солонгос, Иран Улс хоёулаа цөмийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэд мөн энэ хөтөлбөрийнхөө улмаас барууны орнуудаас шүүмжлэл хүлээж, хориг арга хэмжээнд орсон. Учир нь барууны орнууд дээрх хоёр орны цөмийн хөтөлбөр олон улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэдэг. Харин Пхеньян, Тегераны эрх баригчид ураныг эрчим хүч гарган авах, батлан хамгаалахын аюулгүй байдалд ашиглах зорилгоор л баяжуулж байна гэж мэдэгддэг юм. Ямартай ч Хойд Солонгосын залуу удирдагчийн энэхүү айлчлал олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байна. Дашрамд дурдахад, Монгол Улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний албан ёсны гишүүн бөгөөд дээд хэмжээний уулзалтад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор болсон байна. Тэрбээр албаныхан болон сэтгүүлчдийн хамтаар Турк улсаар дайрч тус улсад очих гэнэ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)