Гүрж В.Путиныг хөнөөхийг завдсан сэжигтэнд орогнол олгоно
- 2012-08-29
- Дэлхий
- 0
Өмнөд Осет, Абхазын асуудлаас болж Гүрж, ОХУ-ын харилцаа муудсан билээ.
Гүржийн хоёр муж ОХУ-ын ивээлд багтаж, тусгаар тогтносон бол хуучин
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж Кремльтэй найрсаг харилцаагаа цуцалж,
АНУ тэргүүтэй барууны орнуудын холбоо НАТО-г түших болсон юм. Хоёр орны
харилцаа одоо хэр нь хөндий байгааг Гүржийн албаныхны мэдэгдэл нотлов.

Тус улсын Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хөнөөхөөр завдаж байсан гэх хэрэгт сэжиглэгдсэн хоёр сэжигтний нэг Адам Осмаевт улстөрийн орогнол олгох асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ. Адам Осмаевийн өмгөөлөгч Валерий Кочетов “Гүржийн Засгийн газар тун удахгүй шийдвэрээ гаргана” гэж хэлсэн байна. Хэрвээ Цагаан ордны тэргүүн Барак Обамагийн ойрын холбоотон Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили Адам Осмаевт улстөрийн орогнол олговол энэ нь дуулиан тариад буй Жулиан Ассанжаас болж Эквадор, Британийн Засгийн газар маргалдсанаас дутахгүй дуулиант явдал болох юм.
Нөгөөтэйгүүр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сонгуулиас өмнө холбоотнуудаа ямар нэгэн шийдэмгий үйлдэл хийхгүй байхыг хүсч байгаа нь ил болсон. Ираны тагнуулын эх сурвалжийн мэдээлснээр Б.Обама Израилийг ирэх арваннэгдүгээр сард эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Иранд халдахгүй байхыг “үүрэгджээ”. Израилийн эрх баригчид Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгөхийг яарахын сацуу Б.Обамаг дэмжлэгээ үргэлжлүүлэхийг лавлажээ.
Үүнээс өмнө АНУ Израилийг Иранд агаарын цохилт өгөхийг дэмжихээ илэрхийлж, арыг нь даана хэмээн амласан юм. Харин одоогоос дөрвөн жилийн өмнө Өмнөд Осет, Абхазын нутагт таван өдөр дайтаж байсан Гүрж, Оросын хувьд байдал ийм дээрээ тулахгүй болов уу. В.Путиныг өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш түүнийг хөнөөх хуйвалдаан болж байгаа тухай мэдээлэл тарсан бөгөөд энэ хэрэгт сэжиглэгдсэн нөгөө нэг хүн Илья Пьянзинийг ОХУ Украинаас шилжүүлж авчээ.
Илья Пьянзин уг хэргийн гол сэжигтэн бөгөөд хамсаатныхаа хамт өнгөрөгч хоёрдугаар сарын 4-нд Украины Одесса хотоос баригдсан юм. Нэгдүгээр сарын 4-нд уг хотод дэлбэрэлт болсны дараа Украины эрх баригчид тусгай ажиллагаа явуулан тэднийг баривчилсан байна. А.Осмаев, И.Пьянзин нар байцаалтын явцад В.Путиныг хөнөөхөөр хуйвалдаж байснаа шууд хүлээж, ОХУ-д шилжүүлэхгүй байхыг гуйжээ. Тэдний нэг А.Осмаев болон хэд хэдэн чечень хүнийг Москва хотноо Чечений Ерөнхийлөгч Рамзан Кабыровыг хөнөөх ажиллагаа зохион байгуулж байсанд сэжиглэн баривчилж байжээ. Гэвч нотлох баримт байхгүйгээс сулласан аж.
Гэхдээ тэднийг хотоос гарахгүй байхыг сануулсан байна. Гэсэн ч тэд зугтаж энэ оны эхээр Одесса хотод ирсэн байжээ. Хэдийгээр В.Путин Украины Ерөнхийлөгч Виктор Януковчид нөлөөлж тус улсын Дээд шүүхээс сэжигтнүүдийг ОХУ-д хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан ч Европын хүний эрхийн шүүх А.Осмаевийг ОХУ-д хүлээлгэн өгөхийг түр хугацаагаар хойшлуулахыг Украины Засгийн газраас хүсчээ.
Үүний улмаас Украин энэ сарын 14-нд гаргасан шийдвэрээ бүрэн хэрэгжүүлж чадалгүй өнгөрөгч 25-ны өдөр Казахстанд төрсөн И.Пьянзинийг Орост шилжүүлжээ. Энэ зуур ОХУ-д төрсөн А.Осмаев иргэншлээсээ татгалзаж, Гүрж, Финландын Засгийн газраас улстөрийн орогнол хүссэн байна.
Түүний өмгөөлөгч В.Кочетовийн хэлснээр хэрвээ дээрх хоёр орны аль нэг нь түүний үйлчлүүлэгчид улстөрийн орогнол олговол Украины Засгийн газар түүнийг ОХУ уруу шилжүүлэх боломжгүй болох гэнэ. Тэднийг Чечений босогчдын командлагч Доку Умароваас В.Путин болон Р.Кадыров нарыг хөнөөх тушаал авсанд сэжиглэж байгаа юм.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)