Паралимп өндөрлөлөө

   Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимп наймдугаар сарын 29-нд эхэлж өчигдөр өндөрлөлөө.
   Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимп наймдугаар сарын 29-нд эхэлж өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Олон улсын паралимпийн хорооны 165 гишүүн орны 4296 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улсаас жүдо /-60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат) байт харваа /Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ/, пара буудлага /Ц.Лхамсүрэн/, хөнгөн атлетик /Ч.МөнхЭрдэнэ/ гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцов. Баг тамирчдыг пара жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат нар удирдан оролцжээ.
Манай баг тамирчдаас хамгийн өндөр амжилтыг байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа үзүүлсэн байна. Тэрбээр тэмцээний эхний өдөр хувийн урьдчилсан харваанд 524 оноогоор 19 тамирчнаас наймдугаар байрт шалгарсан. Улмаар хасагдах шатанд Тайландын тамирчинг 6:4 /25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20/, Хятадын тамирчинг 6:0 /25:24, 24:21, 24:21/-ээр ялж хагас шигшээд шалгарсан юм. Манай тамирчин мөнгөн медалийн төлөө “Бээжин-2008” паралимпийн аварга, дэлхийн хошой аварга БНСУ-ын тамирчин Ли Хва Сүктэй оноолт таарч 3:7 /23:27, 26:26, 24:17, 20:24, 23:25/-оор ялагдсан боловч хүрэл медалийн төлөө Польшийн тамирчинд 2:6 /23:20, 23:25, 22:24, 26:28/-аар ялагдал хүлээж шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Энэ төрөлд өрсөлдсөн ОУХМ Б.ОюунЭрдэнэ урьдчилсан харваанд 516 оноогоор 11 дүгээр байраар шилдэг 16-д багтаж хасагдах шатны харваанд зургадугаар байраар шалгарсан Их Британын тамирчинтай оноолт таарч, 2:6 /23:27, 23:25, 24:20, 23:24/- ийн харьцаатай ялагдсан. Жүдо бөхийн төрөлд -60 кг-д А.Мөнхбат есдүгээр байр, -90 кг-д Д.Ганбат долдугаар байр, эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн 14 дүгээр байрт, хөнгөн атлетикийн жад шидэлтийн F57/58 ангилалд Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцсон билээ. “Лондон-2012” паралимпийн XIV наадмын сүүлийн тэмцээнүүд өнөөдөр болно. 11 өдрийн дараах байдлаар 74 улс медаль хүртээд байгаагаас Хятад, ОХУ, Их Британи медалийнхаа тоогоор тэргүүлж байна.

Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)