Экс дэд ерөнхийлөгчид цаазын ял оноов

  Иракийн дээд шүүх өнгөрөгч ням гаригт дэд Ерөнхийлөгч асан Тарик аль-Хашемид цаазаар авах ял оноосон байна. “АльЖазира” сувгийн мэдээлснээр, Иракийн эрх баригчид Тарик аль-Хашемийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард 2005-2011 оны хооронд гарсан дэлбэрэлт, захиалгат аллага, хүний хулгай болон бусад халдлага гэх мэт 150 хэрэгт буруутгаж, мөрдөн шалгаж эхэлжээ.

Эдгээр халдлагын улмаас 92 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн шархаджээ. Харин дэд Ерөнхийлөгч энэ оны тавдугаар сард Турк уруу зугтсан байна. Хашемигийн энэ хэрэгт түүний бие хамгаалагчид болон төрийн албанд ажиллаж байсан цөөнгүй хүмүүс холбоотой аж. Тэрбээр өөрийгөө ямар ч гэм буруугүй, улстөрийн шалтгаантай гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Мөн удаан хугацааны өрсөлдөгч, Ерөнхий сайд Нури аль-Маликийн явуулж буй ажиллагаа болон шиитүүд төрийн эрхийг дангаар эзэмшихийг санаархаж байна гэж мэдэгддэг байна.
Суннит шашинтай Тарик аль-Хашеми цөөнх суннитууд дотроо хамгийн нөлөө бүхий улстөрч нь аж. Хашеми нь шашин нэгт, дарангуйлагч агсан Саддам Хуссейний ойрын холбоотон юм. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин С.Хуссейнийг огцруулж, шиитүүд Засгийн эрхэнд гарсан ч шашин хоорондын зөрчилдөөнөөс сэргийлж түүнийг дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Албаныхан Хашемигаас гадна түүний хүргэнд дүүжлэн хороох ял оноосон байна.
Хашемигийн хүргэн түүний нарийн бичгийн даргаар ажилладаг байсан бөгөөд гэм буруутай болох нь тогтоогджээ. Түүнчлэн Иракийн албаныхан Хашемийг интерполийн жагсаалтад оруулахыг хүсч байгаа аж. Тэд түүнийг АНУ-ын цэргүүдийг тус улсыг орхин гарсны маргааш буюу өнгөрөгч 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд баривчилж байжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)