Эдийн засгийн блог буюу Эдвард Хью
- 2012-09-17
- Дэлхий
- 0

Өдгөө 61 настай эдийн засагч маань Испанид амьдарч байгаа бөгөөд тухайн бүс нутгийн эдийн засгийн асуудлаархи түүний байр суурь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр Испанийн Каталони мужийн телевизэд ярилцлага өгсний дараагаар ОУВС-гийн төлөөлөгч түүнийг хүлээн авч уулзсан байна. Энэ тухайгаа ОУВС-гийн төлөөлөгч “Ноён Хьюгийн үзэл бодол ОУВСгийн албан ёсны болон албан бус байр суурийг илээрхийлэхгүй. Өргөн хүрээнд мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд Испанийн асуудлаар түүнтэй санал солилцсон юм” хэмээн тайлбарласан. Мөн тавдугаар сард Испанийн Барселон хотод жил бүр уламжлал болон зохиогддог “Circulo de Economia” эдийн засгийн чуулга уулзалтад байр сууриа илэрхийлсний дараа түүний хөтлөн явуулдаг блогт нэг долоо хоногийн дотор мянга гаруй хүн ханджээ.
Тухайн сардаа тэрбээр “Нью-Йорк Таймс” сонинд дэлхийн эдийн засгийн чиг хандлага, буурал тивийн эдийн засгийн нөлөө сэдвээр өгсөн ярилцлага нь уншигчдын анхаарлыг зүй ёсоор татаж “Фэйсбүүк” хуудаст нь таван мянган хүн найзаар бүртгүүлж, нэг өдрийн дотор 10 мянган хүн түүнтэй холбоо тогтоох гэж оролдсон байна. Эдвард Хью Европын холбооны гишүүн орнуудад учраад буй их зээлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өвөрмөц арга санал болгодог нь түүнийг ийн алдрын оргилд хүргэжээ. Тэрбээр Испани төсвийн байгууллагынхаа ажилтнуудын цалинг танаж байгаагийг эсрэг байр суурьтай байгаагаа олон удаа илэрхийлсэн.
Мөн “Энэ долоо хоногт Испанид бүх нийтийн ажил хаялт болсон. Цаашид ч энэ байдал улам даамжрах болно” гэж Испанийн нэгэн хэвлэлд ярилцлага өгч байсан. Үнэхээр ч түүний таамагласнаар долоон хоногийн дараа байдал улам хурцадсан билээ. “Испани улс төсвийн байгууллагынхаа ажилчдын цалинг таван хувиар танасан нь ийм их уур хилэн, хурцадмал байдлыг үүсгэж байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол байдал улам л дордоно. Миний хувьд энэ бүхнийг шийдэх хамгийн энгийн арга бол Герман Улс эргээд маркаа хэрэглэх явдал” гэжээ. Герман Улс 2002 оноос хойш үндэсний мөнгөн тэмдэгтээ хэрэглэхээ больж евро хэрэглэдэг болсон.
Түүний дэвшүүлж буй онолоор Герман Европын холбооноос гарвал еврогийн ханш огцом унаж хөрш зэргэлдээх өрөнд баригдсан Испани, Португал, Грек, Ирланд зэрэг улсын өрсөлдөх чадвар сайжрах болно. Түүнтэй уялдаатай экспорт нь нэмэгдэн өрөө дарж, өдрөөс өдөрт хөгширч байгаа хүн амдаа зориулах сан үүсгэнэ. Ингэснээр тодорхой хугацаанд бүс нутгийн орнуудын эдийн засаг сайжирсны дараа Герман Европын холбоонд дахин нэгдэх асуудлыг авч үзэж болно гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.
Үүнээс үзэхэд Европт тулгамдаж буй гол асуудал нь хүн амтай холбоотой гэж тэр үзэж байна. Учир нь тухайн улс орны залуучууд их хэмжээний өрөнд орж байгаа тул настайчууд нь ажил хийх шаардлагатай тулгарч байгаа гэнэ. “Хэрэв орон сууц, амины орон сууцын худалдаа цэцэглэж буй АНУ, Их Британи, Ирланд, Испани зэрэг улсыг харах юм бол нийгэм нь залуу. Эдгээр улсын эдийн засгийн өсөлтөд Герман, Япон, Швед зэрэг өндөр настай хүн амтай улс орны илүүдэл хуримтлал хөдөлгөгч хүч нь болсон. Илүүдэл хуримтлалтай ч бас нэлээд тооны залуучуудтай улс орноос тэр өрөнд орсон улс их хэмжээний зээллэг авсан нь сөргөөр нөлөөлж байна.
Гэхдээ дан ганц хүн амаар бүх зүйлийг тайлбарлаж болохгүй. Төв банк нь сайн ажиллаж, мөнгөний бодлогоо зөв зохицуулдаг байх нь чухал. Бүтцийн шинэчлэл болон санхүүгийн байгууллагууд нь үүргээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй. Энэ бол олон талт асуудал. Хэрэв Герман Европын холбооноос гарахгүй бол тус улсын хүн ам өр ихтэй бусад хөрш улсын өрийг төлөхөөс нэг өдөр л залхаж Европын холбооноос гар гэсэн шаардлагыг улстөрчдөдөө тулгах болно” гэсэн таамгийг Испанийн “Economy” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Хэрэв Испани, Португал, Грек, Ирланд зэрэг улс хөгжих арга замаа олж чадахгүй бол энэ улсуудын гадаад өр, зээл нь улам нэмэгдэх болно. Ийм асуудалд орсон улсуудад Европын холбооноос өөр хандах хамгаалалт үлдэхгүй” хэмээн нэмж хэлсэн байна.
Энэ мэт Европт өрнөж буй эдийн засгийн хямралын үйл явцтай холбоотой Эдвардын ярилцлага олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Мөн түүний хөтлөн явуулдаг блогийн гишүүнд АНУын нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Пол Кругман, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес зэрэг хүн багтдаг. Энэ нь Эдвард Хьюг ямар нэр хүндтэй эдийн засагч болохыг илтгэнэ. Түүнд дэлхийн нэр хүндтэй эдийн засгийн байгууллагад ажиллах санал олон ирсэн ч бүгдэд нь татгалзсан хариу өгсөн. “Бурхан минь, би ажлаас холдох гэж Испанид ирсэн. Бөөн бужигнаан дунд эргэж орохыг хүсэхгүй байна. Гэхдээ гараа хумхиад зүгээр суугаад байж болохгүй шүү дээ.
ОУВС болон Европ, Испанийг эдийн засгийн хямралаас гарахад өөрт байгаа эрдэм мэдлэгээрээ тус болохыг хичээнэ” гэж “Си-Эн-Эн”- д өгсөн ярилцлагадаа дурджээ. Ийнхүү түүний блогт байрлах эдийн засгийн нийтлэл, хэвлэлд өгсөн сонирхолтой ярилцлага нь эдийн засгийн хямралд орсон улс орны тэргүүнүүдийг соронзон адил татаж байна.
“Shanghai daily” цахим сэтгүүлээс орчуулав.
Т.ЗҮРХ
www.UNEN.mn
Т.ЗҮРХ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)