Коби Брайнт: Майкл Жордантай харьцуулж эхлэхэд эмээсэн шүү

“Нубео интернэшнл” компанитай хийсэн алдарт тамирчны түншлэл, “Блак Мамба” брэндийн тухай ярилцахаар Коби Брайнт, “Нубео”-гийн ерөнхий загвар зохион бүтээгч Иван Кастро нарыг урьж ярилцсан юм.
    Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер оддын нэг бол яах аргагүй Коби Брайнт. Майкл Жорданаас хойш уналтад орох шахсан NBA-гийн тоглолтыг үзэгчээр дүүргэсэн гавьяа түүнтэй салшгүй холбоотой. Ганцхан баримт дурдъя. NBA-гийн улирлын тоглолт эхлэхэд зөвхөн Коби Брайнтын тоглолтыг үзэх гэж нэг сард дөрвөн сая гаруй хүн Лос-Анжелесийг зорьдог гэсэн албан бус судалгаа бий.
Түүний тоглолтын ур чадвар, арга барил үзэгчдийг ийн соронзон мэт татдаг нь ойлгомжтой. Энэ удаа түүнтэй спортын замнал, амьдралын тухай хөөрөлдөх гэсэнгүй. Харин “Нубео интернэшнл” компанитай хийсэн алдарт тамирчны түншлэл, “Блак Мамба” брэндийн тухай ярилцахаар Коби Брайнт, “Нубео”-гийн ерөнхий загвар зохион бүтээгч Иван Кастро нарыг урьж ярилцсан юм.


-“Блак Мамба” брэндийн тухай яръя. Иван яагаад заавал Кобитай хамтрах болсон бэ. Урьд нь таньдаг байсан уу?

Иван Кастро /ИК/:
- Бурхан минь, хүн болгон надаас Кобиг таньдаг байсан уу гэж асуух юм. ЛосАнжелесийн амьд домгийг дэлхийн хүн амын талаас илүү хувь нь танина гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Харин найз байсан уу гэвэл үгүй. Би багаасаа л хэн нэгэн онцгой хүний нөлөөгөөр онцгой зүйл бүтээхийг хүсч мөрөөддөг хүүхэд байсан. Тэр мөрөөдлийг минь Коби Брайнт биелүүлж өгч байна. Яг хамтарч ажиллах тухай саналыг 2008 оны Бээжингийн олимпийн дараа би түрүүлж тавьсан юм. Эхлээд Коби жаахан эргэлзсэн байх л даа. Гэсэн ч хэсэг хугацааны дараа зөвшөөрсөн хариу өгч “Блак Мамба” төрсөн.

Коби Брайнт /КБ/:- Юуны өмнө намайг дэмждэг хөгжөөн дэмжигчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Иван сая жаахан дэгсдүүлээд ярьчихлаа. Товчоор хэлбэл намайг ичээчихлээ /инээв/. Анх Иван санал тавихад жаахан эмээсэн л дээ. Хүн надад тэгж их итгэж байхад би энэ хүний итгэлийг дааж чадах уу гэж бодогдсон. Гэр бүлийнхэнтэйгээ ч зөвлөсөн. Тэгж тэгж үзээд алдвал яасан юм бэ гэж бодоод Ивантай холбогдсон.

-Домог болсон олон тамирчин байдаг. Иван Кобиг сонгосон нь цаанаа учиртай байх?

ИК:- Мэдээж Үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэлтгүй бусад спортын төрөлд ч домог болсон тамирчин олон бий. Гэхдээ багийн спортод тэр дундаа сагсан бөмбөгийн багийн гол тоглогч байна гэдэг хүн бүхний хүрдэг оргил биш. Ялангуяа Коби шиг болно гэдэг хэцүү. Тиймээс Кобигийн дайчин, эрч хүчээ алддаггүй байдлыг цагандаа тусгаж өгөхийг хичээсэн.

-Кобигийн “Нубео”- г сонгосон шалтгаан?

КБ:- Нэгдүгээрт, би энэ брэндийг хүндэлдэг. Хоёрдугаарт, идэвхтэй худалдан авагч нь гэж хэлж болно. “Нубео”-гийн бүхий л загвар онцгой байдаг. Нөгөө талаар Ивантай хамтарч ажиллахад хялбар байдаг юм. Бид хоёрын харилцан ойлголцлын үр дүнд гялалзсан хурц өнцөг бүхий “Блак Мамба” цаг бий болсон.

-Тэгвэл “Блак Мамба”-гийн юу нь Танд илүү таалагддаг вэ?

КБ:
- Эхлээд хэрэглэхэд жаахан хэцүү байдаг байдал. Нарийн төвөгтэй схем нь илүү таалагдсан гэвэл зарим хүн гайхах байх. Гэхдээ өөрийнхөө зан араншинг энэ бүтээлээс олж харах нь надад юу юунаас илүү таалагдсан.

-“Блак Мамба” цаг спорт төрлийнх ч гэсэн үйлчлүүлэгчид тансаг байдлыг мэдэрч байгаа гэсэн. Коби Та үйлчлүүлэгчдэдээ өөр юу санал болгож чадах вэ?

КБ:-
Сагсан бөмбөгийн гоё сайхан тоглолт /инээв/. Энэ бол наргиа байлаа. Тэгэхээр, алмазан шигтгээ “Блак Мамба”-гийн хоёр төрөлд багтсан байгаа. Мөн амьд сафир, улбар шар сафир, хар сафир, маргад эрдэнэ бий. Дээр нь үйлчлүүлэгч өөртөө тохирсон чулууг нэмж суулгах боломжтой. Энэ бүгдээс харахад давуу талууд их байгаа биз.

-Хамгийн идэвхтэй худалдан авагчид Таны багийн андууд байсан гэж сонссон. Тэд ямар бодолтой байгаа бол?

КБ:- “Үнэхээр гайхалтай сайхан болжээ” гэхээс өөр зүйл хэлээгүй. Хамгийн сонирхолтой нь би өөрөө ч олж авч чадаагүй байхад манай багийн шинэ гишүүн Рей Аллен зүүчихсэн явж байсан.
ИК:- Би чамд шуудангаар явуулсан шүү дээ, Коби.
КБ:- Тэгвэл шуудан зөөгч дундаас нь “хусчихаж” / инээв/.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөөд загварын талаар ярья л даа. Кобигийн хувьд эрчүүдийн дунд түгээмэл тохиолддог загварын алдаа гэвэл юу хэлэх вэ?

КБ:
- Би загвар зохион бүтээгч биш ч гэсэн өөрийгөө загварын мэдрэмжтэй нэгэн гэж боддог шүү. Түгээмэл тохиолддог алдаа гэвэл өөрийгөө илэрхийлж чадахгүй, нуугдмал хайнга хувцасласан эрчүүд элбэг байдаг. Болж өгвөл зан араншиндаа тохирсон өнгөтэй хувцас өмсөх нь бусдад өөрийгөө ойлгуулахад жаахан ч гэсэн тус нэмэр болно. ИК:- Мэргэжлийн загвар зохион бүтээгчээс ч илүү хариулчихлаа. Дийлэнх хүн загвар гэхээр л эмэгтэй хүнтэй холбож ойлгодог. Өнөөдөр загварын ертөнцөд ноёлж буй загвар зохион бүтээгчдийн 80 гаруй хувь нь эрчүүд байна. Тийм болохоор эрчүүд загварын мэдрэмж илүү байдаг юм шиг санагддаг.

-Таныг нэг хэсэг аугаа Майклтай харьцуулж ярьдаг байсан. Үүнд Та эмзэглэдэг байсан уу?

КБ:
- Эмзэглэхээсээ илүү эмээж байсан. Майкл Жордан NBA-гийн бүх цаг үеийн шилдэг тамирчин. Гэхдээ хүн бүр цаг үедээ шилдэг нь байж хийх зүйлээ хийх нь л чухал. Түүнээс биш би Майклаас илүү, Майкл надаас илүү гээд яриад байх нь утгагүй. Бид хоёр хоёулаа сагсан бөмбөгт зүрх сэтгэлээ зориулсан. Тийм болохоор өөр өөрсдийн цаг үедээ л амьдарч, хийж бүтээж яваа хүмүүс.

-Иван дараагийн худалдаанд гаргах “Блак Мамба”-г худалдан авагчид тэсч ядан хүлээж байгаа байх?

ИК:
- Гурав дахь цуврал тун удахгүй худалдаанд гарна. Загвар шийдлийн хувьд өмнөх хоёр цувралаасаа тэс өөр бүтээгдэхүүн байна. Одоохондоо загвараа нууцалчихъя. Худалдаанд гарсан хойно худалдан авагчид санал бодлоо илэрхийлэх байх.

-Уламжлалт асуулт. Та хоёр ямар зүйлгүйгээр амьдарч чадахгүй вэ?

КБ
: -Миний хувьд гэр бүлгүйгээр амьдарч чадахгүй. Гэр бүл гэдэг бол юу юунаас үнэтэй нандин зүйл.
ИК: -Кобитой адил гэвэл хуулчихсан болох гээд байна уу даа /инээв/. Мөн загвар байхгүй бол би хэн ч биш. Нэг үгээр хэлбэл Иван Кастро бол загвар, загвар бол Иван Кастро юм. Энэ хоёрын нэгдэл нь миний гэр бүл шүү дээ.

“Beijing Ribao” сэтгүүлээс орчуулав.

Т.ЗҮРХ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)