205 сая ам.доллар тэмцлийг хурцалжээ

   Өнгөрөгч долдугаар сарын 1-нд Мексикт Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөсөн. Удтал хүлээлгэсэн эл сонгуулийн дүн ганцхан долоо хоногийн өмнө олон нийтэд ил болсон.
   Өнгөрөгч долдугаар сарын 1-нд Мексикт Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөсөн. Удтал хүлээлгэсэн эл сонгуулийн дүн ганцхан долоо хоногийн өмнө олон нийтэд ил болсон. Гэсэн ч одоог хүртэл сонгуулийн үр дүнг нэр дэвшигчид эсэргүүцсээр байна. Үүнээс гадна Мексикийн ард түмэн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсчээ.
Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр Институцийн хувьсгалт намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Энрике Пенья Ньето олонхийн санал авч, Мексикийн дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Одоогийн Ерөнхийлөгч Фелипе Калдерон 2006 онд энэ албан тушаалд томилогдсоноос хойш хар тамхины мафиудтай дайн зарлаж, багагүй амжилт хүрсэн гэж үнэлэгддэг.
Түүнээс өмнө тус улс хар тамхины мафиудын сүлжээгээр дүүрч, мафиудтай холбоотой гэмт хэргээрээ дэлхийн хамгийн аюултай орон болж хувирсан юм. Мексикт мафиуд хар тамхи тариалах нь тун бага. Гэсэн ч тус улс хар тамхины ургалт ихтэй Латин Америкийн орнууд болон АНУ-ын хооронд оршдог. Хар тамхины тариалалтаараа толгой цохидог Колумбын мафиуд Мексикээр дамжуулж АНУ-д хар тамхиа гаргадаг.
Латин Америкийн хар тамхины хамгийн том зах зээл нь АНУ. Тиймдээ ч дамжуулагч орон Мексикд маш олон мафи үүсч асар их хөлжин, хүчирхэгжжээ. Тус улсын мафиуд хар тамхины наймаанаас санхүүгийн гол эх үүсвэрээ олдог бөгөөд үүнээс гадна зэвсэг, хүний наймаа эрхэлдэг байна. Гэмт хэргийн нууц бүлэглэлүүд улам хөлжиж, хүчирхэгжихийн тулд бүс нутгийн ноёрхлын төлөөх дайн өрнүүлсээр байна.
Засгийн газарт хүчтэй эсэргүүцэл үзүүлж буй мафиудыг тус улсын шинэ Ерөнхийлөгч Пенья Ньето зохицуулж чадахгүй гэж ард иргэд жагсаал цуглааны үеэр мэдэгджээ. Тэд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай нэг л удаа сонгодог Үндсэн хууль дахь заалтыг өөрчлөхийг шаардахын сацуу одоогийн Ерөнхийлөгч Фелипе Калдероныг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Мексикийн дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэгдээд буй П.Ньетог бусад нэр дэвшигч хүлээн зөвшөөрвөл тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын эхэнд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө.
Харин тэрбээр үүнээс өмнө хилийн чанадад айчиллаа. П.Ньето Гватемалд хүрэлцэн иржээ. Үүнийхээ дараа Колумб, Бразил, Чилид зочлох юм байна. Ажиглагчдын үзэж буйгаар, П.Ньето сонголтыг баталгаажуулахын тулд ийм алхам хийсэн байна. П.Ньетогоос тун бага хувийн санал авсан гэгдээд буй Ардчилсан хувьсгал намын Андрес Мануэль Лопес Обрадор сонгуулийн үр дүнг хамгийн ихээр эсэргүүцэж байна.
Түүнчлэн түүнийг нам нь дэмжихгүй байна хэмээн намаасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Саяхан Мексикийн аюулгүйн хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж хар тамхины нэгэн мафийн хур хөрөнгийг илрүүлэн хураажээ. Тэдний хэлснээр, тэд 205 сая ам.доллар, бусад мөнгөн тэмдэгт, зэвсэг, хар тамхийг улсын орлого болгожээ. Энэ явдлын дараа Ерөнхийлөгчийн төлөөх тэмцэл эрс ширүүссэн байна.

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)