Си Зиньпин Леон Панеттай уулзжээ
- 2012-09-20
- Дэлхий
- 0
Хятадын дэд Ерөнхийлөгч Си Зиньпин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон
Панеттатай уулзсан байна. Энэ нь түүний хоёр долоо хоног “ажлаа
тасалсан”- аас хойшхи анхны томоохон уулзалт юм
Хятадын дэд Ерөнхийлөгч Си Зиньпин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панеттатай уулзсан байна. Энэ нь түүний хоёр долоо хоног “ажлаа тасалсан”- аас хойшхи анхны томоохон уулзалт юм. Өөрөөр хэлбэл, алга болсноос хойшхи гадаадын анхны дээд хэмжээний төлөөлөгчөө хүлээн авч уулзаж байгаа нь энэ юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта Бээжинд айлчлах үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны “хоосон буцаасан” Хятадын Коммунист намын дараагийн дарга болон Ерөнхийлөгч болох Си Зиньпинтэй уулзана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Л.Панетта Си Зиньпинээс гадна тус улсын бусад дээд удирдагчтай уулзаж ярилцахыг хүсч байгаа аж. Учир нь тэрбээр Пентагоны тэргүүнээр Хятадад анх удаа айлчилж байгаа юм. Л.Панетта тус улс дахь айлчлалаа өндөрлөсний дараа Япон, Шинэ-Зеландад зочлох юм байна. Тэрбээр Азид хийж буй энэхүү айлчлалаараа аюулгүй байдал, тэр дундаа Бээжин, Токиогийн хооронд маргаан дэгдээгээд буй Сенкаку арлын асуудлаар бүс нутгийн удирдлагуудтай хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Хятадыг АНУ-тай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахыг уриалсан байна. Тиймдээ ч Хятадад түрүүлж ирсэн байна. Тэрбээр Бээжинд тус улсын албаныхантай уулзах үеэр Япон дахь АНУ-ын пуужингийн хамгаалалтын систем Хятадад заналхийлэхгүй гэдгийг онцолж, Хойд Солонгосоос хамгаалах зориулалттай гэсэн байна. Учир нь Японтой арлын эзэмшлийн асуудлаар зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй байгаа Хятадын тал Япон дахь АНУ-ын пуужингийн хамгаалалтын системийн тухай лавлажээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Пентагон Ази дахь пуужингийн хамгаалалтын системээ нэмэхийг зорьжээ. Мөн эдгээр систем Хойд Солонгос гэсэн нэрийн дор Хятадыг чиглэснийг үгүйсгэхгүй гэсэн байна. Харин Л.Панетта Бээжинд айлчлах үеэрээ үүнийг үгүйсгэжээ. Юутай ч, АНУ Японд пуужингийн хамгаалалтын систем нэмж барих гэнэ. Мөн Өмнөд Хятадын тэнгис дэх нөлөөллийн асуудлаар Бээжинтэй маргаан дэгдээгээд буй Филиппинийг зүүн өмнөд Азийн хэд хэдэн оронд байрлуулах пуужингийн хамгаалалтын системийнхээ байршлаар сонгоод байгаа ажээ.
Э.Төгс
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)