Ван Лижун 15 жилийн хорих ял авлаа

   Хятадын түүхэнд сүүлийн хэдэн арван жилд гараагүй улстөрийн томоохон дуулиант хэрэгт холбогдсон Чонкин хотын цагдаагийн дарга Ван Лижун 15 жилийн хорих ял сонслоо.
   Хятадын түүхэнд сүүлийн хэдэн арван жилд гараагүй улстөрийн томоохон дуулиант хэрэгт холбогдсон Чонкин хотын цагдаагийн дарга Ван Лижун 15 жилийн хорих ял сонслоо. Тэрбээр нөлөө бүхий улстөрч асан Бо Силайн эхнэр Гу Кайлайгийн хэргийг нуун дарсанд буруутгагдсан байна. Энэ хэрэгт Бо Силай мөн оролцож, нуун дарагдуулсан болохыг тус улсын прокурорууд мэдэгдсэн. Ван Лижун цагдаагийн газрын даргаас гадна Чонкин хот дахь Коммунист намын дарга Бо Силайн орлогчоор ажилладаг байсан бөгөөд түүний “баруун гар” нь байжээ.
“Синьхуа” агентлагт мэдээлснээр, Ван Лижуныг дээрх хэргийг нуун дарагдуулснаас гадна авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, оргон зайлсан, хуулийг зөвхөн өөрийнхөө аминч үзэлд нийцүүлэн гажуудуулж байсан зэрэг хэрэгт буруутгаж 15 жилийн хорих ял оноожээ. Гу Кайлай Британийн бизнесмэн Нейл Хейвудыг хөнөөснийхөө дараа найз нөхөд, гэр бүлийнхэнд үзүүлж, зөвшөөрөл авалгүйгээр шууд чандарласан юм.
Ингээд зогсохгүй архины хордлогоор нас барсан гэсэн дүгнэлт гаргуулан авсан. Харин Н.Хейвудын ойр дотныхон энэ дүгнэлтийг эрс эсэргүүцэж “Түүнийг архи уудаггүй, онцын шаардлагатай тохиолдолд бага хэмжээгээр уудаг. Гэхдээ хэтрүүлдэггүй байсан” гэж мэдэгдэн заргалдсан билээ. Бо Силайн “гарын хүн” Ван Лижун энэ нуун далдлах хэрэгт оролцож, тусалсан байна. Хэдийгээр Хятадын прокурорууд түүний дээрх үйлдлүүдэд 20 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байсан ч “хамтран ажилласан” гэх шалтгаанаар ийнхүү 15 жил болгон бууруулсан юм байна.
Тус улсын төрийн телевизүүдийн мэдээлснээр, прокурорууд Ван Лижунд албан тушаалаа урвуулан ашигласанд хоёр, оргон зайлсанд хоёр, хууль зөрчсөнд долоо, авлига авсанд есөн жилийн хорих ял төлөвлөсөн байжээ. Мөн их хэмжээний бэлэн мөнгө болон дөрвөн үл хөдлөх хөрөнгийг хураах шийдвэр гаргасныг мэдээлж байсан юм.
Харин прокурорууд энэ шийдвэрээ өөрчлөөгүй байна. Тэдний хэлснээр, улсын орлого болгож буй бэлэн мөнгө, дөрвөн үл хөдлөх хөрөнгө нийлээд гурван сая гаруй юанийн үнэтэй аж. Түүнчлэн Гу Кайлайгийн хүн амины хэргийг нуун далдлахад Ван Лижуны тушаалаар ажилласан цагдаагийн дөрвөн албан хаагчид 5-11 жилийн хорих ял оноожээ.
Дашрамд дурдахад, Ван Лижун хамгийн нөлөөтэй улстөрчдийн нэг гэгдэж байсан Бо Силайг унаж эхэлсний дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сард Чендун хот дахь АНУ-ын Консулын газар уруу зугтаж, орогнол хүссэн юм. Харин АНУ түүнд улстөрийн орогнол олгохоос татгалзсан билээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.146)

    2012-09-25

    хятадын мууг дуурайж байдаг бас муулж суудаг дурак манай хэдэн төрийн албан хаагчид хуулиа хэрхэн дээдэлдэгийг нь дууриамаар юм даа