Цаг хугацаа Ираны талд гүйж байна
- 2012-09-27
- Дэлхий
- 0
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн 67 дахь удаагийн
чуулга уулзалт болж байгаа билээ. Олон хоног үргэлжлэх уг уулзалтын
сүүлийн буюу хэлэлцүүлгийн долоо хоног өнгөрөгч мягмар гаригт эхэлсэн.
Энэ хугацаанд НҮБ-ын гишүүн 193 орны төр, засгийн тэргүүн, Гадаад
харилцааны сайд нар дэлхий дахинд тулгамдаад буй нийтлэг асуудлыг
хэлэлцэж, шийдэлд хүрэх юм.

МАГАТЭ-гийн шинжээчдийн дүгнэлтийн дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахыг хүссэн. Олон улсын тоймчдын үзэж буйгаар, тэрбээр энэ айлчлалаараа Ираны цөмийн байгууламжид агаарын цохилт өгөхөд Израильд туслахаа амласан Цагаан ордны тэргүүнийг амлалтаа биелүүлэхийг шахамдуулах зорилготой байжээ. Харин Вашингтоны тэргүүн Б.Нетаньяхугийн ятгалга, шахалтаас залхсан уу түүнтэй уулзахаас татгалзсан. Б.Нетаньяху, Б.Обама нар Ираны асуудлаар олон удаа уулзаж, ярилцаж байсан бөгөөд Б.Обама түүнийг анх удаа хоосон буцаасан нь энэ юм. Тэрбээр үүнийгээ ирэх сонгууль дөхсөн, завгүй байгаа учир хэмээн тайлбарласан юм. Энэ сацуу Израиль Иранд цохилт өгөхийг олон улсын хамтын нийгэмлэгт дахин уриаллаа. Энэ нь олон улсын удирдлагууд Тегераны эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөө яриа хэлэлцээрийн замаар зогсоохгүй бол хүч хэрэглэн болиулна гэж мэдэгдсэнтэй нийцэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Израиль Ираныг заналхийлэх нь улам ихэсч байна. Үүнтэй холбогдуулан Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдэл хийж, “Израилийг эх оронд нь халдвал дэлхийн III дайн эхэлнэ. Хүссэн, хүсээгүй энэ дайнд Иран, Израилийг дэмжигч, эсэргүүцэгч орнууд татагдан орно” гэж мэдэгдсэн юм. АНУ Ираны хөрш Ойрхи Дорнодын орнуудад хэдийнэ өөрийн баазаа байгуулаад байгаа бөгөөд М.Ахмадинежад “Иран Улс тэднийг дайснаа гэж үзэж байгаа. Тиймээс хамгийн түрүүнд цохилт өгөх байныхаа тоонд оруулсан” гэв.
Иран Улс Ойрхи Дорнодод цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж буй ганц орон юм. Тиймээс Ойрхи Дорнодын бусад орон Ираныг бүс нутагт дангаар ноёрхохыг санаархаж байна хэмээн Тегераны эрх баригчдын дээрх үйлдлийг ил болон далд дэмждэггүй. Харин эрх барьсан дөрвөн жилдээ 43 дахь Ерөнхийлөгч, бага Жорж Бушийг бодвол харьцангуй нам жим байсан Б.Обама ийнхүү шийдэмгий мэдэгдэл хийхэд дайнч бодлогыг дэмждэг Бүгд найрамдах намын өрсөлдөгч Митт Ромни нөлөөлсөн гэнэ. Тэрбээр Б.Обамагийн үйлдэл, бодлогыг хурцаар шүүмжилсээр байгаа юм. Мөн түүнийг Ливид АНУ-ын консул амь үрэгдсэнд буруутгасан.
Б.ОБАМА ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХ ҮҮ
Б.Обамагийн үед Ливид явуулсан олон улсын цэргийн ажиллагааг АНУ бус Франц Улс анх удаа тэргүүлсэн билээ. Түүний өмнөх Ерөнхийлөгч Ж.Буш есдүгээр сарын 11-ний халдлагын дараа террорист бүлгүүдэд дайн зарлаж, Ирак, Афганистанд эхлүүлсэн олон улсын цэргийн ажиллагааг оройлон оролцсон. Харин Б.Обама харьцангуй аядуу бодлого баримталж байснаас Ливид эхлүүлсэн цэргийн ажиллагаа Францын тухайн үеийн Ерөнхийлөгч Николя Саркози тэргүүлсэн юм. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олланд Н.Саркозийн үйл хэргийг үргэлжлүүлэхээс татгалзаж, Францын гадаад бодлогыг эрс өөрчилсөн. Үүний улмаас томоохон дэмжигчгүй болсон АНУ Ливиэс хүнд байдалд ороод буй Сири, цаашлаад Иранд явуулах олон улсын цэргийн ажиллагааг оройлж чадахгүй байна. Үүнд барууны орнууд Б.Обамаг битүүхэндээ буруутгаж байна. Ямар ч байсан Б.Обама цөмийн амбицтай Иранд сануулга өглөө. Гэхдээ Иран түүний энэ сүрдүүлгийг ухуулгын чанартай зүйл хэмээн нэгэнтээ хэлсэн юм.

АССАД ЯВАХ ЁСТОЙ
АНУ болон түүний холбоотон орнууд Ассадыг албан тушаалаасаа огцрохыг удаа дараа шаардсан ч ОХУ үүнийг эрс эсэргүүцэж, Сирийн хүчирхийллийг зөвхөн энхийн замаар шийдэх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогссоор байгаа юм. Ямартай ч Б.Обама энэ мэдэгдлээрээ холбоотнуудаасаа Оросын шийдвэрийг өөрчлөх хэмжээний дэмжлэг хүслээ.

Сэтгэгдэл (0)